|

Т.АЮУРСАЙХАН: ТӨРИЙН БАНКНААС ЯМАР Ч БАРЬЦААГҮЙГЭЭР ГАДААДЫН ХУУЛИЙН ЭТГЭЭД ГУРАВХАН ЦАГИЙН ДОТОР 20 ТЭРБУМ ТӨГРӨГ АВСАН

Т.АЮУРСАЙХАН: ТӨРИЙН БАНКНААС ЯМАР Ч БАРЬЦААГҮЙГЭЭР ГАДААДЫН ХУУЛИЙН ЭТГЭЭД ГУРАВХАН ЦАГИЙН ДОТОР 20 ТЭРБУМ ТӨГРӨГ АВСАН

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ-ын даргыг огцруулсны дараа халаа сэлгээ хийнэ гэх яриа байна. Үүний дотор АТГ-ын даргыг солино гэх юм. Энэ хэр бодитой мэдээлэл юм бол?

-Их хурлын дарга УИХ-аас хийх томилгоог өөрөө шийдэх хуультай. Жишээлбэл, Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, прокурор, АТГ ч юмуу, бүгдэд энэ хүн гар бие оролцоод явдаг. Үүнийг цаашдаа олон нийтэд нээлттэйгээр нийтийн сонсгол хийдэг болъё гэж үзсэн. Томилгоо болгон дээр нэр дэвшиж байгаа хүнийг өмнөөс нь зарлаж, нийтийн сонсгол хийнэ. Өөрөөр хэлбэл, долоон булчирхайгаа тоочуулсан хүн л хариуцлагатай алба хашдаг болно. Янз бүрийн бүлэглэлийн захиалгатай, хар буруу санаатай, туршлага дутмаг, ажлыг авч явж чадахгүй хүн олон нийтийн хараа хяналтын босгыг давахгүй. Буруу будлиантай хүмүүс хариуцлагатай алба хашдаггүй болно. Үүний цаана төрийн албыг бүх шатанд ёс зүйтэй, ёс суртахуунтай болгох юм. Ёс суртахууны хэм хэмжээг хуульчилж болдоггүй. Тэр ёс суртахууны хэм хэмжээгээр алдаа дутагдал гаргасан бол нэн даруй хариуцлага хүлээдэг болбол чадваргүй, сэтгэлгүй хүмүүс төрийн албанд очихгүй. Үүнийг үлгэрлэж хийх ёстой хүн нь УИХ-ын дарга М.Энхболд өөрөө юм. Ёс зүйн хариуцлагаа хүлээж "Олон түмнийхээ итгэлийг дааж чадсангүй. Их хурлынхаа гишүүдийн итгэлийг дааж чадсангүй. Тийм учраас ёс зүйн хариуцлагаа хүлээж байна” гэж өөрөө өргөдлөө өгөөд төрийн хууль, шүүхийн бүх байгууллагын дарга удирдлага гэлтгүй тэнд ажиллаж байгаа албан хаагчдад уриалах ёстой. Цаашдаа Монголын төрөө ёс зүйтэй болгоё гэж хэлэх ёстой байтал энэ хүнд тийм зориг сэтгэл алга. Барьцаалагдсан байна. Цаанаа нь олон асуудал байна. Тийм учраас ийм хүнээр Монгол төрийг нэг хоног ч гэсэн удирдуулмааргүй байгааг шулуухан хэлье.

-Та нар шударга ёс тогтоохын тулд тэмцэж яваа гээд байгаа шүү дээ. Тэгвэл ЖДҮХС-гаас зээл авсан эрх мэдэлтнүүдтэй хариуцлага тооцохыг шаардана гэсэн үг үү?

-Бүх асуудал явна. Нийтдээ 27 сан дээр шалгалт хийж байгаа. Эхнээсээ үр дүнгүүд нь гарч байна. ЖДҮ-ийн асуудал олон нийтэд ил болсон. Цаашдын хариуцлагын асуудал хууль хяналтын байгууллага дээр шалгагдаад явж байгаа. Үүний зэрэгцээ МАНАН бүлэглэлийн оролцсон хэд дахин нугарсан сангуудын асуудал ил болоод явж байна. Энэ бол ганц хоёр жилийн асуудал биш. Арав, хорин жилийн асуудал. Төрийн банкнаас ямар ч барьцаагүйгээр гадаадын хуулийн этгээд гуравхан цагийн дотор 20 тэрбум төгрөг авсан. Үүнийг мөн хуулийн байгууллагууд нягталж байна. Үндсэндээ миний хувьд МАНАН бүлэглэл гар хөлөө шүүх, хуулийн байгууллагад шургуулсан боловч тэнд эх орноо гэсэн сэтгэлээр шударга ажилладаг хүмүүс байгаа нь ч харагддаг. Энэ бол МАНАН бүлэглэлээс авсан, идсэн, уусан Төрийн банкны барьцаа баталгаагүй 20 тэрбумыг авсан хэргийг шуурхай шалгаж байгаагаас харагдаж байна. Цаашдаа энэ явдал үр дүнд хүрэх ёстой. МАНАН бүлэглэлийн толгойлогчийг ажлаас нь авч хаясаны дараа бүх зүйлийг улам гүнзгийрүүлнэ. Өнгөрсөн хугацааны хариуцлагагүй байдал, үнэ тогтворжуулалт, Хөгжлийн банкны зээл, Монголбанкны гурван их наядын луйвар, бонд, Эрдэнэтийн асуудал, Цагаан суварга, Асгат, Салхитын мөнгөний ордын асуудлыг яагаад бид шалгаж, хариуцлага тооцож болдоггүй гэхээр энэ хүмүүс бие биенийхээ барьцаанд орчихсон.

-Барьцаанд орчихсон гэдгээ тодруулаач...?

-Нэгийг нь шалгаад шоронд хийнэ гэхээр "Чиний асуудлыг гаргаж тавина шүү” гэдэг. Бүгд ийм асуудалтай болчихож. Нийтээр нь үүнийг өөрчилж байж хариуцлагыг нь ижил түвшинд явуулах ёстой. Цаашдаа олон нийтийн хяналтад энэ тогтолцоог оруулах ёстой юм. Бүх байгууллагууд олон нийтийн хяналтын зөвлөлтэй болох ёстой. Шилэн дансны хуулийг өмнөх Ерөнхийлөгч санаачилж байсан. Өнөөдөр тэр нь хэрэгжихгүй байна. Үүнийг хэн хянаж, хариуцлага тооцож байна вэ. Би Монголбанкин дээр шалгалт хийгээд шилэн дансаа хөтөлдөггүй асуудлыг Их хурлын тогтоол хүргүүлж, Монголбанкны ерөнхийлөгчид үүрэг өгөөд байхад хөтлөөгүй. Тийм учраас тэнд олон нийт, сэтгүүлчдийн хяналт хэрэгтэй. УИХ, Засгийн газар дээр ч мөн адил хэрэгтэй байна. Ингэж байж Үндсэн хуулийн 3.1-т заасан "Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна” гэсэн эрхээ эдэлнэ. Ард түмэн төрийн хэрэгт хоёр аргаар оролцдог. Нэгдүгээрт, шууд оролцоно. Хоёрдугаарт, УИХ-д сонгогдсон төлөөллөөрөө дамжуулж оролцоно. Энэ эрхээ хэрэгжүүлэх боломж бодитоор гарч ирвэл цаашдаа булхай, луйвар, идэж уудаг явдал байхгүй болно.

-Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Ардчиллын дархлааг алдуулах нь, засаглалыг хуулийн төсөл санаачлах төдийгөөр солих эрсдэл үүслээ гэж ирээд шүүмжилж байна...?

-Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу хуулийн төсөл өргөн барьсан. УИХ-ын гишүүдийн олонх нь санаачлах юм бол УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх гарц, нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн. Мэдээж хууль тогтоомжийнхоо дагуу УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулиар энэ хуулийн төсөл хэлэлцэгдээд явна. Гэхдээ үүн дээр хоёр асуудал байгаа юм.

-Ямар асуудал байгаа гэж?

-Нэгдүгээрт, Төрийн байгуулалтын байнгын хороон дээрээс шууд буцаах асуудал бий. Үүн дээр бид ажиллаж байгаа. Үгүй юм аа гэхэд энэ хууль батлагдахын тулд нэгдүгээр хэлэлцүүлэгт орохын тулд долоо хоног болдог. Хоёрдугаар хэлэлцүүлэг дахиад долоо хоног болно. Ардчилсан намын бүлэг завсарлага авах байх гэж би бодож байна. Тэгвэл ажлын тав хоног буюу долоо хоног болно. Үүний дараа хуулиа батална. Баталсны дараа Ерөнхийлөгчид хориг тавих эсэх асуудал өөрөө өргөн барьснаас эс хамаарч хуулийн тодорхой хугацаа өгдөг. Түүний дараагаар УИХ-ын дарга өөрөө гарын үсэг зурж ёсчилдог. Дараа нь Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэх гэж 14 хонодог. Сэтгүүлд хэвлэгдсэний дараа хүчин төгөлдөр болж үйлчилдэг. Эдгээр хугацааг тооцвол сар гаруй хугацаа бий. УИХ-ын тухай хуулиар энэ удаагийн 2018 оны намрын ээлжит хуралдаан ирэх хоёрдугаар сарын эхний долоо хоногт хаагдах ёстой. УИХ-ын дарга энэ хуулиа хэрэгжиж эхлэхээс өмнө өөрөөр хэлбэл дөнгөж батлагдаад бодитоор хэрэгжүүлэхээс өмнө чуулган хаах гээд байгаа юм. Тэгэхээр дараагийн чуулган ирэх дөрөвдүгээр сарын 5-наас эхэлнэ. УИХ-ын хэлэлцэх асуудалд хэзээ оруулахаа УИХ-ын дарга өөрөө шийддэг. Хэлэлцэх асуудалд ортол хагас жил орчмын хугацаа бий. МАНАН бүлэглэл яагаад зууралдаад байна гэхээр цаанаа барьцаалагдсан юмнуудаа нууж, мөрөө баллах ажлаа хийж байна гэж би харж байгаа.

-Хууль өөрчлөхөд багагүй хугацаа орно. Тэгсэн байлаа ч та нар ёс зүйн хариуцлагаа хүлээх ёстой гэж шаардсаар байх уу?

-Энэ хүн яагаад ёс зүйн хариуцлага хүлээж болдоггүй юм бэ. Хууль баталсан ч гэсэн ёс зүйн хариуцлага хүлээх ёстой. Яагаад гэвэл энэ хүн хэдэн ч хүн намайг шүүмжилсэн, хэдэн гишүүний итгэлийг алдсан хамаагүй гэж байна. Ард түмэн гурвуулаа жагсана уу, гучин мянгаараа жагсана уу энэ хүн огт тоохгүй байна. Тийм хүн их аюултай. Ард түмнээсээ айж эмээдэг байх хэрэгтэй. Би шүүмжлүүлчих вий, намайг дэмжихээ больчих вий гэж эмээдэг ёс зүйтэй хүн төрийн албыг удирдах юм бол тэр хүн эх орныхоо төлөө зөв талд шийдвэр гаргадаг болно. Огт эмээдэггүй, айдаггүй, тоодоггүй ийм хүн юу ч хийж болзошгүй. Магадгүй юу ч хийсэн байж болзошгүй.

-УИХ-ыг тараах талаар АН-ын Удирдах зөвлөлөөс улс төрийн шийдвэр гаргажээ. Үүнийг УИХ дахь АН-ыг бүлэг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Үүн дээр та байр сууриа илэрхийлээч?

-Тухайн намынх нь гишүүдээс тодруулах нь зөв байх. Надад урдаа тавьсан нэг зорилго байна. Түүнийгээ хийгээгүй байж өөр ямар нэгэн юм руу сарнихгүй. Шулуухан хэлэхэд өөрчлөлт, шинэчлэлийг ард түмэн гартаа авчихсан байгаа. Тэдний дуу хоолойг сонсдог төлөөллийнх нь хувьд ард түмэн М.Энхболдыг солилоо, дараа нь юу юу хийхийг биднээс шаардана, түүнийг нь биелүүлнэ. Магадгүй Их хурлыг тараа гэх юм уу. Эсвэл тэр хүмүүсээ шалга, тэр орд газраа буцааж ав гээд юу гэж шаардана, түүнийг нь хэрэгжүүлэх болно.

Э.ЯНЖМАА

эх сурвалж:Өдрийн сонин

0 сэтгэгдэл