Бурханы сургаальд хүний шунал, тачаал, тэнэглэл гуравт хязгааргүй тухай сургасан байдаг нь юутай үнэн.
Аливаа зүйлд ямагт хэмжээ хязгаар гэж байх ёстой. Энэ бол байгалийн бичигдээгүй хууль. Шунал ихэдвэл шулам болдог гэж бидний өвөг дээдэс сургадаг. Ер нь шунал бол аливаа хүний төрмөл зан болохоос олдмол чанар биш мэт. Бага байхад аав ээж минь "Ээ дээ миний хүүхдүүд тэднийхнээс л хол яваарай, удмаараа маш их шуналтай улс шүү” гэж аминчлан захьдаг байсан нь одоо эргээд бодоход юутай үнэн үг байж вэ. Иймээс л өвөг дээдэс маань шуналд автсан хүнийг шуламнаас доор гэж үздэг байжээ. Аливаа зүйлийг авахыг хэтэрхий их хүсэн дурлах аваас алсдаа гай тотгор, хор хөнөөл болдгийг бид нүдээрээ харж, биеэрээ мэдэрч байна. Гучин жилийн өмнө нийгэм маань нийтээрээ лүмпэн пролетари шахуу явахдаа мөнгөтэй болохыг мөрөөддөг явсан байх. Гэхдээ яван явсаар бид тэр үеийнхтэй харьцуулахад өнөөдөр амьдрал гайгүй дээшилсэн мэт боловч, дээр оргүй их багагүй нийтээрээ ингэж ёс суртахууны доройтолд орж, хүн чанар гэдэг хамгийн эрхэм нандин зүйлээ уландаа гишгэчихнэ гэж хэн санах билээ. Өнөөдрийн нийгэмд та намгүй, хөрөнгөгүй бол хэн ч биш. Таныг хэн ч аврахгүй, хайрлахгүй. Шунал гэгч энэ лай ланчиг орчлонгийн хэчнээн ч олон хүнийг гай таригч босоо ороолон болгон хувиргав даа. Өнөөдөр Монгол орон маань хулгайч, дээрэмчингүүдээ шорон гяндандаа багтааж дийлэхгүй боллоо.
Ардчилал гэгч алтан хараацайг эх нутагтаа залж, манийхаа амь амьдралыг өөднө татна гэж өлсөж суусан нөхдүүд өнөөдөр өөрсдөө нистэл баяжиж, газарт хөлөө олохгүй явна. Харин амь амьдрал нь сайн сайхан болно гэж хөөрцөглөж байсан олонхи нь ажилгүйтэл ядуурлын хонгил руу шидэгдэж, арай овсгоотой хэсэг нь гадаад улс орон руу гуйлгачин царайлан бэдэрч, багагүй хэд нь архин далайд живцгээж байна.
Манийгаа тэжээж байсан сайхан сайхан үйлдвэрүүдийг ч дампууруулаад дууслаа. Газар нутгийг маань эрдэс баялагтай нь сорчлоод зарчихлаа. Байгаль орчин сүйрч, гол ус хатаж бохирдлоо. Сайн нам, сайн удирдагч манийгаа аврана гэсэн горьдлого тасарч өнөөдөр тэнгэр хол газар хатуу гэгч л болоод байна уу даа.Шуналтнууд олноор төрийн толгойд үүрлэвэл шударга ёс яаж алдагдагдгийг бид ханатлаа харлаа. Хүнд өөрөөс нь илүү муу дайсан байдаггүй гэдгийг тэд одоо л зарим нь ойлгож эхэлж байгаа бололтой. Хүний бараг бүх гай зовлон, аюул занал гагцхүү өөрийнх нь хэтэрсэн шуналаас үүсэн гарч хүзүүгээр нь оосорлодог гэдгийг яваандаа бүгд ойлгодог цаг тун удахгүй ирнэ. Өнөөдөр бидний өөрсдийн сонгосон, биднийг удирдаж байгаа далан хэдэн хүнээ дахиад нэг сайн ажиж хар даа. Ихэнх нь тэрбумтнууд, олонхи нь нохойн замаар олсон хөрөнгөө олны хөлөөс хол бүр далайн чандад аваачаад нуучихсан.
"Оросод хэн жаргалтай вэ” гэж Некрасовын нэгэн зохиолд гардаг шиг Монголд өнөөдөр дарга сайд нар л жаргаж байна. Аргагүй ш дээ тэд өөрсдөө хууль дүрмээ баталж аваад төрийн толгойн дээрээс бөгсөө өндийлгөхгүй байгаа юм чинь. Ийнхүү бид шинэ зуунд бид нар Монгол маягийн хөрөнгөтний ардчилсан нийгмийг тун амжилттай байгууллаа. Одоо үүнийгээ хэрхэн яаж нураахаа өнөөгийн залуус мэдэж дээ. Энэ улс орныг чинь урагшаа явах биш ухардаг араанд нь татчихаад удаж байна шүү. Төрөлхийн шуналтантай яриад нэмэргүй. Харин ядуу амьдралын явцад шуналын микроб биенд нь үсэрчихсэн хүн бол барагтай өөрийгөө татаж авч дийлдэггүй. Малын биед наалдсан хачиг шиг улам бүдүүрсээр томорсоор хувалз болон гэдэс эь гэрэлтэн бэлхийж, эцэст нь өөрөө хага үсэрдэг жамтай. Мөнгөөр бүхнийг хийж болно гэж үздэг хүмүүс өөрсдөө мөнгөний төлөө юу ч хийхээс буцдаггүй. Одоогийн энэ албан тушаалаа булаацалдагчид тэндээ хорь гучин жил шигдэгчид , наймаагаар албан тушаал өгч авалцсан хэн болгон өгөө авааныхаа зарчмыг дор дороо ашиглаад явчихдаг нь хэн бүхэнд илэрхий болсон зүйл. "60 тэрбумын” зарчим бол Монголын төрд гарч байгаа шинэ зүйл биш. ЖДҮХ-ийн санг хуваагаад авчихсан ч саяхны зүйл бас биш.
Бид зуу наслахгүй, өдөрт арван удаа хоол идэхгүй, дулаан хувцас, толгой хоргодох гэр оронтой байхад л хүн амьдраад явна. Бид цаг нь болоод эзэн бурхан дээр ч юм уу эрлэг номуун хааныд очихдоо эд хөрөнгө авч очихгүй, энэ насандаа хийсэн буян нүгэл хоёроо л чирч авч очно. Үр хүүхдэдээ үлдээхийн тулд гэж бодоцгоодог ч сайн хүүхдүүд түүнийг чинь өөрсдөө олоод авчихна, муу хүүхэд бол тэр хөрөнгийг нь дор нь үрэн таран хийчихнэ. Харин шунал гэгч шулмын үрийг л үр хүүхдийнхээ тархинд тарьж балрав. Дараа нь юу таринав түүнийгээ л хураах болно шүү дээ.
Ш.Пүрэвсүрэн
sonin.mn
1 сэтгэгдэл