|

МАН-ын бага хуралд хэн юу хэлэв

МАН-ын бага хуралд хэн юу хэлэв

Тусгаар тогтнолын ордонд өчигдөр 11.00 цагт эхэлсэн МАН-ын 28 дугаар бага хуралдааны үеэр МАН-ын удирдлагууд болон Бага хурлын гишүүд өнөөгийн улс төрийн нөхцөл байдал болон намын шинэчлэлийн талаар үг хэлснийг тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: МАН 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж чадаагүйн шалтгаан бол "60 тэрбум”-ын хэрэг. Тухайн үед би МАН-ын удирдлагуудыг ёс зүйн хариуцлага хүлээ гэж хэлж байсан. Өмнө нь би УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Монголын парламентын нэр хүндийг бодоод ажлаа хүлээлгэн өгч байлаа. Одоо УИХ-ын 40 орчим гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдээд байна. Нэг хүний албан тушаалтай тэнцэх УИХ байж болохгүй.

Нийслэлийн Засаг дарга асан С.Батболд: ЖДҮХС-гаас зээл авсан бүх хүн хариуцлагаа хүлээх ёстой. "Би биш манай ах, дүү, хамаатан садан авсан” гэх тайлбар хийхээ болих хэрэгтэй. Өнөөдөр зөвхөн УИХ-ын даргын асуудал биш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас эхлээд бүх хүний хариуцлагын асуудлыг хөндөх нь зөв.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: МАН дотоод зөрчлөө шийдвэрлэх сүүлийн боломж өнөөдрийн хурал байж магадгүй. Тиймээс Бага хурлын цагийг сунгаад ч хамаагүй тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй. Өнөөдөр бид намын шинэчлэлттэй холбоотой асуудлаа шийдэж чадахгүй бол маргааш ард түмэн үнэлт, дүгнэлтээ өгөх болно.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 2012-2016 онд Засгийн газрын гаргасан бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Цэвэр агаар сан, АСЕМ зохион байгуулах хөрөнгийг олон тэрбумаар нь зүй бусаар ашигласан асуудал одоог хүртэл шийдэгдэхгүй байна. Одоо ЖДҮХС-гийн асуудал нэмэгдлээ. Энэ зээлийг авсан хүмүүс зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг нарийвчлан шалгаж, хариуцлага тооцох хэрэгтэй. Мөн үүний цаана "Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалсан асуудал ч бий. Бид өнөөдөр энэ бүх асуудлыг шийдвэрлэх шударга ёсыг тогтоох хэрэгтэй.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг дахиж тавьсан. Энэ асуудлыг тойрч намын удирдах зөвлөлийн гишүүд нэлээдгүй их ярьлаа. Би намын даргын хувьд намын том эв нэгдэл байна их хурлын гишүүдийн санаа бодол байна, аль алиныг нь хүндэтгэж үзээд бүр болохгүй бол хоёулаа хамтдаа ажлаа өгье гэж хэлж үзлээ.

Та Их хурлын даргын ажлаа өгчих, би Ерөнхий сайдынхаа ажлаа өгье. Төрийн эрх барих дээд байгууллага нь үйл ажиллагаагаа явуулаг, намын дотоод эв нэгдэл хадгалагдаж үлдэг, 37:27 болоод байгаа их хурлын гишүүд нь сэтгэл нь амраг, хоорондоо эв эеийг олоод явбал яасан юм бэ гэдэг асуудлыг Их хурлын даргад тавьсан.

unen.mn

1 сэтгэгдэл