АНУ-д олон зуун бугыг хууль бусаар агнасан Дэвид Берри гэгч этгээдэд нэг жил шоронд хорих ялыг Миссури муж улсын Шүүх ногдуулсан байна. Түүнчлэн тэрбээр ял эдлэх хугацаандаа "Уолт Дисней” компанийн дэлгэцийн уран бүтээл "Бэмби” хүүхэлдэйн киног сар тутам үзэхээр болжээ.
Берригийнхэн буюу Д.Берригийн аав, хоёр ах болон тэдэнд ан хийх, загасчлах хийгээд түр болон байнгын урхи тавихад нь тусалсан өөр нэг эрэгтэйд 51 мянган ам.долларын торгууль ногдуулсан байна.
Д.Берри эхний "Бэмби” киног энэ сарын 23-наас өмнө үзсэн байх бөгөөд түүнээс хойш сар тутам багаар тооцоолоход нэг удаа тус киног үзэхээр болжээ.
Канзас, Небраска муж улс болон Канадад гарсан хууль бус бугын анг цагдаагийн газрын ажилтнууд есөн сар орчмын турш мөрдсөний дүнд өнгөрсөн наймдугаар сард Д.Берригийн аав болон ахыг баривчилсан юм.
Мөрдөн шалгах ажиллагааны дүнд 11 тойрогт гарсан 230 хэрэгт нийт 14 иргэнд ял ногдуулсан байна.
montsame.mn
0 сэтгэгдэл