|

Хүүхдийнхээ өөрийгөө илэрхийлэх, бичих чадварыг нэмэгдүүлэх аргачлал

 

Хүүхдийнхээ өөрийгөө илэрхийлэх, бичих чадварыг нэмэгдүүлэх аргачлал

 

Хүүхдийнхээ өөрийгөө илэрхийлэх чадварыг нь нэмэгдүүлэхийн тулд хамгийн түрүүнд өөрт нь таалагдаж байгаа зүйлийн тухай болон өөрт тохиолдсон зүйлсийн тухай цэгцтэй дүрслэн яриулах, түүнийг нь бичүүлэх нь хамгийн чухал байдаг.

  • Бичүүл. Тэгээд магт

Хүүхдийнхээ бичсэн зүйлийг уншаад эхлээд сайн талыг нь олж магт. Мэдээж засч залруулах зүйл зөндөө байгаа. Гэхдээ та тэр зөндөө зүйлийг урсгахаа тэвчээд, нэг л зөвлөгөө өгөөрэй. Зөвхөн нэгийг. Бичих чадвар, авъяас нь давтамж, туршлагаар бий болдог зүйл тул жижиг гэлтгүй сэтгэгдлийг нь бичүүлж байх. Тухайлбал авсан бэлгэндээ талархсан сэтгэгдэл бичүүлэх гэх мэт. Бичих үйлдлийг дахин дахин давтуулаарай. Мөн тэмдэглэл хөтлөх нь чухал гэсэн сэтгэгдэл үлдээхийн тулд, олон зүйл ярьж, зааж, чичлэлгүй сайн магтаж урамшуулж байгаарай.

  • Үг үсгийн алдааг өөрөөр нь олуулах

Хамгийн энгийн арга бол бичсэн зүйлийг нь чангаар уншуулах юм. Ихэнх тохиолдолд дуу гарган чангаар уншсанаар алдаагаа олж анхаардаг бөгөөд хэрэв алдаагаа анзаарахгүй бол та өөрөө чангаар уншиж өгч алдааг нь хэлж анхааруулаарай.

  • Юу бичихээ шийдэж чадахгүй байвал яах вэ?

Аливаа зүйлийг маш сайн бодуулж, тунгаалгах. Тэдгээрийн дунд хамгийн хөгжилтэй нь юу вэ гэх зэргээр асуулт тавьж тухайн өгөгдсөн сэдэвт хамаарагдах зүйлсээс хүүхдийнхээ хувьд хамгийн хамгийнийг нь олж нээж, анзаарахад нь туслана уу. Тэгээд яагаад гэсэн асуулт тавин учир шалтгааныг нь бодуулах, дараа нь юу вэ эсвэл сүүлд нь яасан гэх зэргээр дэс дарааллыг нь асууна. Ингэж тухайн сэдвийнхээ дэс дарааллыг нь олж нээнэ.

  • Өдрийн тэмдэглэл хөтлүүлэх

 

Өдрийн тэмдэглэл хөтлүүлэх нь дурсамж үлдээх төдий бус, өдрийн хийсэн зүйлээ эргэн дурсах, эргэцүүлэх, тэдгээрийгээ өгүүлбэрээр илэрхийлэн бичих, зураглаж дүрслэх зэргээр хүүхдийн оюун санааны хөгжилд маш чухал нөлөөтэй, өндөр үр дүнтэй зүйл юм. 
Хүүхэд хийж хэвшээгүй эхэн үед эцэг эх нь хамт суун, харилцан ярилцаж, өдрийн хийсэн зүйлийг нь зөв цэгцтэй, эрэмблэн бичүүлээрэй. Бичих чадвар муутай хүүхдийг хүчлэх шаардлагагүй бөгөөд зүгээр л өөрт нь туссан, бодсоноор нь зурж илэрхийлүүлээрэй.

 

 

Б.Саруул


2 сэтгэгдэл