Профессор Мартин Селигмэн эерэг аргаар сэтгэл зүйг эмчилснээр хүмүүс амьдралд илүү урам зоригтой байж, амьдралаас аз жаргалыг мэдрэх боломжтой гэдгийг судалгаандаа дурджээ. Дараах долоон дүрмийг өөрийнхөө амьдралд хэрэгжүүлснээр сэтгэл гутралыг ялан дийлж, илүү эрүүл, өөдрөг, амжилт бүтээлээр дүүрэн амьдрах боломжтой гэнэ.
Толины дүрэм
Энэ дүрэм маш энгийн. Амьдралдаа тааралдаж буй хүн бүрийг толь гэж төсөөл. Тэд яг л толь шиг өөрийн чинь гаргаж буй зан араншинг эргээд танд үзүүлнэ. Магадгүй таны хамгийн дургүй үйлдлийг ч хийж мэднэ. Эргэн тойронд байгаа хүмүүсийн харилцаа өөрөө өөрийгөө таньж мэдэх боломжийг олгож байдаг гэсэн үг юм. Ингэсний хүчинд өөрийнхөө сул талыг олж харж, түүнийгээ засаж залруулах боломжтой. Таныг магтаж сайшааж, эсвэл бүр үзэн ядаж байгаа хүмүүс бол таны толины тусгал юм. Тиймээс бүх харилцааны эхлэлийг хүн өөрөө тавьдаг гэсэн үг.
Сонголтын хүч
Амьдралд чинь тохиолдож буй бүх зүйл таны хийсэн сонголтын үр дүн байдаг. Найз нөхөд, ирээдүйн мэргэжил, амьдралын хань гэх мэт. Та бол өөрийнхөө хувь заяаны зохиогч юм. Буруу хийсэн сонголтын чинь хариуцлагыг танаас өөр хэн ч хүлээхгүй. Хэрвээ та өөр үр дүн хүлээж байсан бол сонголт хийхдээ бусад сонголтуудтай сайтар харьцуулж үзэх байж. Мэдээж, хүнд сонгож болохгүй хэд хэдэн зүйл бий. Эх эцэг, хүйс, эх орон гэх мэт. Энэ бол амьдралын жам. Бусад сонголтоо зөв хийснээр аливаа зүйлд өөрийн хүссэн үр дүнг хүртэж чадна.
Алдааны хүч
Хүн бүр алдаа гаргадаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Заримдаа бидний хийж буй үйлдэл, бидний зөв гэж бодсон зүйлс бусад хүмүүсийн хувьд буруу ойлголт төрүүлэх юм уу тэдний дургүйцлийг хүргэдэг. Дэлхий ертөнцийг зөвхөн хар цагаанаар харахаа болих хэрэгтэй. Хүн бүр төгс биш. Бүх хүнд алдаа гаргах эрх бий. Харин тэрхүү алдаагаа олж харж, хэрхэн засаж залруулж болох, дахин давтахгүй байхад анхаарах хэрэгтэй.
Авахыг хүсэж байгаагаасаа илүүг өг
Зөвхөн танаас хамаардаг зүйлс гэж бас бий. Өөрийн амьдралын хэв маяг, ажил хэрэг, хайр сэтгэлийн талаар хэнд ч гомдоллох хэрэггүй. Хэн нэгэнтэй хайр сэтгэлийн холбоотой боллоо гэж бодоход хайртай хүнээсээ яг адилхан зүйлийг шаардах нь инээдтэй зүйл. Бусдаас сайн сайхан харилцааг хүсэж байвал өөрөө эхлээд тэдэнтэй сайхан харилц. Зорилгоо эрэмбэлж сур. Аливаа зүйлээс илүү сайхан үр дүнг хүлээж байвал төсөөлж байгаагаасаа өндөр зорилго тавьж түүнийхээ төлөө ямар нэг үйлдэл хий.
Өөртөө итгэхийн гайхамшиг
Хэн ч таныг өмчлөх эрхгүй. Гэхдээ та хүмүүст өөрийн чадах зүйлээрээ туслах хэрэгтэй. Харин хариуд нь ямар нэгэн зүйл хүсэх хэрэггүй. Хэрвээ та сайн хүн байхыг хүсэж байвал хүчтэй байж, өөртөө итгэх хэрэгтэй. Мэдээж зарим зүйлд "үгүй” гэж хэлэх тохиолдол байна. Хүмүүсийн асуусан бүхэнд "тийм” гэж хариулах нь таныг аз жаргалтай болгохгүй л болов уу. Өөрийнхөө хийж чадна гэж итгэж байгаа сонголтыг л сонгох хэрэгтэй.
Одоогоороо амьдар
Өнгөрсөн зүйлийн талаар бодох хэрэггүй. Дараа дараагийн үйл явдлууд таныг хүлээж байна. Мөн ирээдүйн тухай бүү бодож шанал. Учир нь тэдгээр зүйлс ирээдүйд л тохиолдоно. Хэрвээ өнгөрснийхөө талаар бодоод байвал та сэтгэл санааны хямралд орно. Ирээдүйд тухай бодох нь сэтгэл санааг түгшүүртэй болгодог. Яг одоо амьдарч буй амьдралынхаа талаар бодож, өнөөдрийн болох үйл явдалд анхаарлаа хандуулах нь амьдралыг илүү эрч хүчтэй болгож, эргэн тойрны хүмүүст тань сайхан сэтгэгдэл төрүүлнэ.
Өөдрөг үзэлтэй бай
Эргэн тойронд тань болж буй жижиг сажиг зүйлд анхаарлаа хандуулах хэрэггүй. Амьдралыг бүү шүүмжил. Агаар салхи, голын чимээ, цэцэгс, сайхан найзууд, гэгээн мөрөөдөл, хайр дурлал гээд амьдралаас олж харах сайхан зүйлс их бий. Бүтээлч бай. Идэвхтэй бай. Толгой тархиа эерэг бодлоор дүүргэ.
Өдөржингөө буйдан дээрээ зурагт ширтэн хэвтэх нь таны амьдралд шинэ содон, сонирхолтой зүйлсийг авчрахгүй. Цагийн гарз. Ийм байдалтай байвал сайхан ирээдүйн зүг явж буй хүмүүс таны хажуугаар өнгөрч, та зогсож буй газраасаа огтхон ч хөдлөхгүй.
Эх сурвалж:BRIGHTSIDE
164 сэтгэгдэл