|

Ц.Мөнхнасан: Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд өртөг шингээх зорилт эхнээсээ ажил хэрэг болж байна

 

 

Ц.Мөнхнасан: Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд өртөг шингээх зорилт эхнээсээ ажил хэрэг болж байна

 

Архангай аймгийн хөгжлийн нэг хөшүүрэг болох хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр ямар бодлого барьж ажиллаж байгаа талаар аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангаас тодрууллаа.

-Аймгийн хэмжээнд барьж буй хөдөө аж ахуйн бодлого, энэ хүрээнд авч хэрэгжүүлж байгаа ямар ажлууд байна вэ?

-Манай аймгийн хөгжлийн хөшүүрэг нь хөдөө аж ахуй юм. Тэр дундаа мал аж ахуйн үйлдвэрлэл голлож зонхилдог. Тиймдээ ч улсдаа малын тоо толгойгоороо эхний гуравт орсоор байна. Ялангуяа үхэр, хониныхоо тоогоор улсдаа тэргүүлж байгаа. Тэгэхээр бидний хөгжил бол хөдөө аж ахуй. Тэр дундаа мал аж ахуйн чиглэлээр хөгжинө гэж зорилгоо болгон ажиллаж байна. Мал аж ахуйгаас гаралтай бүтээгдэхүүндээ үнэ өртөг шингээж үйлдвэрлэгч бий болгох, өртөг шингээж борлуулах, ажлын байр бий болгож, бизнесийн орлого болгоно гэсэн зорилтыг аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусган ажиллаж байна. Үйлдвэрлэл бий болгох чиглэлээр бид эхний ээлжинд хамгийн үнэгүй байгаа богийнхоо арьс, нэхийг элдэх жижиг цехүүдийг өнгөрсөн оноос сум болгонд нэг нэгийг нийлүүлээд ажиллаж байна. Түрүүчээс нь ажил нь нэлээн жигдрээд үр дүнгүүд гарч байна. Нэг хонины нэхий 500 төгрөг ч хүрэхгүй байна. Бид энэ нэхийг аваад элдэж боловсруулаад түрүүчээс нь саяхны "Архангайн түншлэл 2018” үзэсгэлэн худалдаанд оруулж ирж оролцсон. Элдчихсэн хонины нэхий 50000 төгрөг, хамгийн бага нь 30000 төгрөг байлаа. Тэгэхээр үнэгүй шахуу байгаа хонины нэхийнд ийм хэмжээний өртөг шингээж болох юм гэдгийг харуулж чадлаа.

 

-Мал аж ахуйн чиглэлээр Цөм сүргийн үржлийн төвийг байгуулж, малын үржил селекц, чанарт анхаарсан ажлууд хийж эхэлсэн байсан. Энэ талаараа товчхон мэдээлэл өгөөч?

-Малын удмын сан, генетикийн тухай хууль батлагдаж, сая 6-р сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэллээ. Мөн малын эрүүл мэндийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Архангай аймгийн тухайд малын тоо их учраас тоонд биш чанарт анхаарах шаардлага байна. Манай аймаг 1998 онд хоёр сая малтай байсан. Өнөөдөр бид 5,3 сая малтай болж, хоёр мал идэж байсан өвсийг таван мал идэж байна. Энэ хэмжээгээрээ бэлчээрийн даац болон малаас гарч байгаа ашиг шим багасч, малын чанар муудаж байна. Тэгэхээр бид малын үржил селекцийн ажлыг бодлогын хэмжээнд авч үзэж, зохион байгуулах шаардлагатай болсон. Энэ дагуу бид аймгийн ИТХТ-ийн хурлаар орон нутгийн өмчит Цөм сүргийн үржлийн төвийг байгуулсан. Энэ төвөөрөө дамжуулан Архангай аймаг эхний ээлжинд хонь, ямаа, үхэрт үржлийн чанарыг сайжруулах, хээлтүүлэгч, хээлтэгч бойжуулах ажлыг хийж байна. Тус төв нь аймагт байгаа үржил селекцийн ажлыг сайжруулах, мөн био технологийн дэвшилтэд аргуудыг нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байгаа. Дээрээс нь бид сумдад үржлийн нэгжийг байгуулъя гэж шийдэн, энэ жилээс зарим суманд дэмжлэг өгч ажлыг нь эхлүүллээ. Үүний нэг нь Хотонт үржлийн хэсгийн хонины үржлийн нэгжийг байгуулан ХХААХҮЯ-наас дэмжлэг аваад ажиллаж байна. Мөн Тамир үүлдрийн хэсгийн хонинд үржлийн нэгжийг Ихтамир сумын хоёр багт ХААИС-тай хамтран байгуулж, 10-р сарын 15-наас зохиомол хээлтүүлгийн ажлыг хийж байна. Аль нэг газраас хээлтүүлэгч авч ирье гэхээр малын өвчин гэдэг хэцүү зүйл байна. Тэгэхээр бид үрийг нь авч, зохиомол хээлтүүлгийн аргыг ашиглаж байгаа. Эндээсээ бид хээлтүүлэгчээ бойжуулж малчдаа хээлтүүлэгчээр хангах ийм боломж нээгдэж байгаа юм. Тамир үүлдрийн хэсгийг цаашид үүлдэр болгох хэмжээнд ХААИС-тай хамтраад шинжлэх ухааны үндэслэлтэй нэлээд ажил хийх шаардлагатай байна. Үүний эхлэлийг энэ үржлийн нэгжээр дамжуулан тавьж байна. Малчид малынхаа чанар, ашиг шимд анхаарч энд тэндээс хуц, ухна авч ирж тавьж байна л даа. Нэг л сайжирч өгөхгүй байгаа. Жишээ нь, би нэг хуц авч ирээд тавьчихдаг. Хэсэг хугацааны дараа төл нь сайн юм гээд гуйсан хүн болгонд өгсөөр байгаад тэр хуцын төл тэр голоор нэг болдог байх жишээтэй. Үржлийн нэгж байгаагийн бас нэг онцлог нь бол малчинтайгаа 2-4 жилийн хугацаатай гэрээ байгуулах юм. Тэр малчны хонинд чанарын ангилалт хийгээд малчинд махны чиглэлийн ч юмуу ноосны чиглэлийн хуц хэрэгтэй гэдгийг тодорхойлж хээлтүүлгийн ажлыг хийх юм. Малчин заавал хээлтүүлэгчтэй байх албагүй. Эр төлгөө тэр үржлийн нэгждээ өгчихвөл, түүгээр нь үржлийн нэгж нь санхүүжээд явах боломжтой юм. Үржлийн нэгжийг дагаад цаанаа томоохон бизнесийн ажил явагдах боломжтой юм. Ийм үржлийн нэгжүүдийг бид олноор нь байгуулаад, дэмжээд явбал Архангайн мал жигд сайжирч, бүртгэл, гарал үүсэл тодорхой болоод ирнэ. Нөгөө талаар олон ажлын байр бий болох юм.

-Эрүүл хүнс үйлдвэрлэлийн тухайд ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Эрүүл Монгол хүн-Эрүүл хүнс” гэсэн хөтөлбөр хэрэгжиж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд аймагтаа хүнс үйлдвэрлэж байгаа хүмүүсийнхээ хүнсийг авч хэрэглэж, орлого бий болгох чиглэлээр ажиллаж байна. Энэ чиглэлээр Хүнсчдийн холбооны тодорхой төлөөллүүдтэй уулзсан. Орон нутгийн хүсний үйлдвэрлэгчдийн хийсэн бүтээгдэхүүнүүд нь Улаанбаатараас ирсэн томоохон хүнсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнүүдэд "цохигдоод” борлуулалт сайн биш байдаг талтай. Энэ чиглэлээр хүнсчдийн томоохон зөвлөлгөөнийг хийх гэж байна. Саяхан хөдөөгүүр яваад ирлээ. Сургууль, цэцэрлэгийн Үдийн цай хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа талаар мэдээлэл авлаа. Учир дутагдалтай зүйлүүд байна аа. Өнөөдөр бизнес эрхэлдэг нөхдүүд авчихдаг юм байна. Улаанбаатараас хүртэл төмс, хүнсний ногоог авч ирж өгдөг байгаа юм. Өмнө нь энэ чиглэлээр албан тоот бичиг сумдад хүргүүлсэн хэдий ч үүний хэрэгжилт ч муу байна. Одоо захирамж гаргая гэж бодож байна.

 

 

Хүнсчдийнхээ зөвлөлгөөнийг хийж тодорхой чиглэлээр зөвлөмж уриалга гаргаж, зохион байгуулна. Ганцхан талх, нарийн боов биш л дээ. Нутгийнхаа хөрсөнд бий болсон төмс хүнсний ногоо, цагаан идээ, мах зэргийг хүүхдүүддээ шинэ, эрүүлээр нь өгч хэвших хэрэгтэй. Үүнийг бүрэн ажил болгоно. Хүнсчдийн зөвлөлгөөнийг зохион байгуулж байгаа гол зорилго нь орон нутагтаа үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг өдөр өдөрт нь шинээр нь эндээ хэрэглэдэг байя. Энэ ажлаа худалдаа эрхлэгчидтэйгээ хамтаръя гэж байгаа. Энэ мөнгөний эргэлтийг нутаг орондоо шингээх нь чухал байна. Ирэх жил гэхэд томоохон хүлэмжийн аж ахуйн цогцолборыг бий болгоё гэж байна. Өөрөөр хэлбэл, хүлэмжийг бий болгоод усалгааг нь байгуулж өгье. Хүлэмжээс гарсан бүтээгдэхүүнийг савладаг, даршилдаг цехийг нь хүртэл байгуулж өгнө. Ингээд ирэхээр тэнд наанадаж 100 шинэ ажлын байр бий болно. Нөгөө талаар шинэ бүхнийг бид өөрсдөө хэрэглэнэ. Энэ чиглэлээрээ хүнсчидтэйгээ ярилцаад нэг ойлголцол, нэг гарцанд хүрэх юм. Цаашид орон нутагтаа байгаа зүйлээ илүү их хэрэглэдэг, үйлдвэрлэгчид маань хүнсээ чанартай байлгах асуудлаа бүрэн хариуцаад даагаад явдаг голдиролд орно оо. Ингээд мөнгөний урсгалыг дотооддоо авч үлдэх ажлуудыг хүнсчидтэйгээ хамтран хийнэ.

-Ярилцсанд баярлалаа.


0 сэтгэгдэл