|

М.Нацаг-Юм: Хүүхдүүдийн харц багшид шинэ мэдээлэл, шинэ санаа, сэтгэл сэргээх эрч хүч өгдөг

М.Нацаг-Юм: Хүүхдүүдийн харц багшид шинэ мэдээлэл, шинэ санаа, сэтгэл сэргээх эрч хүч өгдөг

Монгол Улсын гавьяат багш Мөнх-Очирын Нацаг-Юмтай ярилцлаа. "Сайн багш багшаараа үлдэх нь чухал байдаг юм” гэж онцгойлон дурссан ахмад багшийн ярилцлагыг хүлээн авна уу.

-Танд Монгол Улсын гавьяат багш цол хүртсэнд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Багшаар заалгаагүй, багшаас сураагүй хүмүүн ховор. Багш хэмээх эрхэм мэргэжлийг сонгох болсон түүх сонин байх?

-Багшийг Монголчууд эртнээс хүндэлж ирсэн. Дээхнэ үеийн ном сударт бурхан дор мөргөмүү, багш дор мөргөмүү, хуврага дор мөргөмүү хэмээсэн байдаг. Миний багш болсны 53 дахь хичээлийн жил энэ жил тохиож байна.

Тэгэхээр 53 жилийн өмнөх намар хонхон дуутай уралдаж, 1918 онд байгуулагдсан Монгол Улсын анхны сургууль Хан-Өндөрийн сургуульд багш болон очиж байж ээ. Энэ жил гавьяат багш боллоо. Төр түмэн, шавь нар, багш нарын минь ач тус юм. Улмаар хоёр жил ажиллаад захирал болсон. Зууны түүхтэй сургуулийн 50 жилийн ойг хийж байсан гээд бодохоор ажлын анхны шангаа татсан Хан-Өндөрийн сургууль миний амьдралын онцгой он жилүүд юм. Энэ жил 100 жилийн ойдоо оролцлоо. Мөн сургуулийнхаа талаар ном бичиж гаргасан гээд онцгой сайхан жил болж байна.

-Таныг энэ мэргэжлийг сонгоход ээж аав тань нөлөөлөв үү, эсвэл мөрөөдөл тань байв уу? Анхлан багш хэмээх хүнтэй нүүр тулж, оньсын үүдийг нээдэг болоод ч тэр үү хүүхэд болгон л багадаа багш болно гэдэг?

-Би уг нь Архангай аймгийн Чулуут сумын хүн л дээ. Намайг бага байхад багш нар гэж маш гоё улс. Алхаа гишгээ, биеэ авч яваа байал, сайхан дээл, шляпан малгай, савхин гуталтай гээд гоё улс байдагсан. Тэр хүүхдийн билгийн нүдэнд хэмжээлшгүй сайхан хүмүүс харагддаг. Тэртээ 1950-иад оны үед багш гэх хүн миний оюун ухаанд их тодоор буусан учраас ийм хүн болох юмсан гэж мөрөөдөж эхэлсэн. Мөрөөдөл маань биелэж багшийн албыг тавь гаруй жил хашжээ.

-Та Хан-Өндөрийн сургуульд очихдоо 22-хон настай цэл залуухан байсан гэдэг. Гэргийтэйгээ хэзээ танилцсан бэ?

-Багшийн сургуульд байхдаа нийлсэн юм чинь. Их том гар байгаа биз. /инээв/ Гэргийтэйгээ ханилаад 54 дэх жилдээ, багшлаад 53 жил болж байна. Таван хүүхдийн эцэг эх. Дал, наяад оны үед тавуулаа сургуулиа онц төгсөөд тухайн үеийн их дээд сургуулиудад орсон. Бүгд ажил алба аа гүйцэтгээд түрүүч нь тавь гарсан хүмүүс байна даа. Хүүхдүүдийн маань гурав нь багш мэргэжилтэй.

1966 оны найман сар. Хөөх!тэр намар үгээр хэлшгүй сайхан байсан. Бургас шугуй найгаад л, налайж байв даа. Өндөр дэнж дээр хоёр өндөр барилгатай, худалдаа бэлтгэлийн ангитай, холбооны салбар, кино механикчтай гээд том баг байсан л даа. Өлмөө, Юмжав гээд сайхан багш нар халуун дотно хүлээж авч байлаа.

Хааяа тэнд очиход сэтгэл сэргэдэг шүү. Заримдаа зүүдэлдэг юм. Хан-Өндөр надад их ээлтэй л дээ. Тэр үеийн хүүхдүүдээс олон эрдэмтэн мэргэд төрсөн. Анхны шавь нар маань л гэхэд бүгд тэтгэвэрт гарчихсан, одоо аймгийн төвд хүүхэд хороолсон сайн эмээ өвөө нар байна. Эднийгээ харахаар сэтгэл догдлоно, олон жил болж дээ л гэж бодогддог.


-Хүмүүс өтөллөө, хөгширлөө гэдэг. Урт он жилүүдийг туулж шавь нартайгаа хамт гялалзаж яваа таныг харахад тийм мэдрэмж төрөхгүй юм?

-Хөгшинтэйгөө бид хоёр өвгөрлөө, өтөллөө гэж боддоггүй юм. Теннис ч тоглочихно, бүжиглэчихнэ, алхана, явган их явна, хоол ундаа тохируулна. Эрүүл амьдралыг л чухалчилж явдаг даа. Бага хүүхэд маань л гэхэд 37 хүрчихлээ.

-Багш хүний гуних, баярлах мөчүүд юунд оршдог юм болоо?

-Багш хүүхдийн дэвтэр засах, конспект бичих, үзүүлэн, тарааж өгөх материалаа хийх бүртээ ангийнхаа хүүхдүүдийг боддог. Хүүхдүүд нүдэнд харагдаад тэр маань энийг хараад яах бол гээд л. Дэвтэр засч байхад л гуних, баярлах, гутрах гурван янз болно шүү дээ. Зарим нь алдаагүй сайхан бичсэн байхаар баярлана, жаахан тааруу хийсэн болохоор гунина, за бүр муу хийсэн бол гутрана, би чинь муу багш болох нь үү дээ гэж.

Тэр үеийн хүүхдүүдэд үзэх харах юм огт байгаагүй хөөрхий. Завсарлагаанаар чоно, тарвагацах гэх мэт тоглоомоор тоглоно. Тэр тоглоомууд хүүхдэд их сайн байж гэж боддог юм. Загнаж зандрах биш, эвээр, аргыг нь олж хэлдэг байсан юмуу даа.Боловсролын салбарт 42 жил ажиллахдаа хоёр жил бага ангийн багш, бусад он жилүүдэд бага, дунд сургуулийн захирал, хичээлийн эрхлэгчийн алба хашиж байлаа.

-Таны ажиллаж байсан үеийг өнөөтэй харьцуулахад хол зөрүүтэй байх. Тэр үеийг эргэн дурсвал?

-Их өөр болж. Өнөөдөр манай улс хөгжиж шинжлэх ухаан техник, соёл боловсрол, бүх зүйл өндөр түвшинд хүрч. Намайг багш болж байх үед багийн сургуульд орж байгаа хүүхдүүд бэлтгэл сургууль гэж байдаггүй, үзгээ ч барьж чаддаггүй хүүхдүүд хүлээж авч байлаа. Тэгээд л үзэг барихаас нь эхэлж заана. Багийн төвийн бага сургууль болохоор орчин нөхцөл хэцүү л байсан. Гэлээ гээд бид шантраагүй.

Бидний үед бүх үзүүлэн таниулах материалаа гараар хийдэг, конспект заавал бична, удирдлагуудад шалгуулна, их байна, бага, товчхон бичсэн байна гэж зэмлүүлнэ. Одоогийнхтой харьцуулашгүй. Одоо хэвлээд гаргачихна, техник хэрэгсэл дээр үзүүлчихэж байна, их сайхан болсон. Үдэш, шөнө болтол сууж хичээлийн бэлтгэлээ хангаад л санаа амардаг байлаа.

-Сурагчдад гэрийн даалгавараа л сайн хийх ёстой гэсэн бодол суулгачихсан байдаг байлаа. Гэрийн даалгавар хийлгэхийн ач тус нь юу юм бэ?

-Гэрийн даалгавар хийх нь олон талын ач холбогдолтой. Бид ч гэрийн даалгавар сайн өгдөг, заавал шалгадаг байсан. Бие даалгаж, өөрөөр нь сурах арга барилыг олуулдаг мундаг арга байлаа. Одоогийн багш нар ер нь гэрийн даалгавар шалгаж байна уу, үгүй юу. Гэрийн даалгавар их учиртай. Бид хичээл эхлээд л хичээлийн дунд хүртэл гэрийн даалгавар шалгана.

Хийгээгүйтэй нь хариуцлага тооцно. Даалгавраа хийсэн хүүхэд их додигор алхана. Даалгаварт өгөх дасгалтайгаа ижил жишээг багш нар маань зааж өгөөд явуулна. Тарахаас өмнө дахиж тайлбарлаж өгдөг. Хүүхдүүд гэртээ очоод даалгавраа хийхдээ багшийнхаа бодож өгсөн, тайлбарласныг санаад хийчихдэг. Би ч тэтгэвэрт гараад арав гаруй жил болчихлоо.

Энэ уламжлал хоцроод байна уу даа гэж харамсдаг. Сүүлийн үеийн олон багш нарын хичээлд сууж байлаа. Харж байхад гэрийн даалгаврыг тойрсон болоод л орхичихдог харагддаг. Багш нараа муулаагүй л дээ. Ер нь гэрийн даалгаврыг би биширдэг шүү.

- Таны бодлоор сургалтыг хэрхэн явуулах ёстой вэ? Эсвэл уламжлалыг орчин үетэй хослуулах ч юм уу ?

-Тэгэлгүй яахав. Энэ талаар би эрдэм шинжилгээний хуралд илтгэл хүртэл тавьж байлаа. Уламжлал шинэчлэл хамт байж амжилтад хүрэх, багш сурагчид дэм болох ёстой.

Сонирхуулахад манай хоёр ач Америкт сурч байгаад ирсэн, энэ жилээс энд суулгаж байна. Эрдэм сургуульд оруулсан. Тэр америк чинь шаардлага тавьдаггүй юм байна, их сонин. Монгол хэлэндээ тааруу болохоор ач нартаа санаа зовж л байлаа. Тэгсэн сайн багш нарын ачаар дажгүй байна шүү.

Сайн багшийн алдар дэлхий даяар түгж Америкт хүртэл очиж байна гэхээр сайхан юм. Энэ сургуулийн багш нар гэж гайхалтай зүтгэлтэй хэдэн багш нар байна аа. Бүх л талаараа аймаг болоод улсдаа тэргүүлж байгаа гэнэ. Тэгэлгүй яахав, тийм сэтгэлтэй, чадвартай багш нар. Багш их сайхан юм аа. Хичээл зааж байхад багшийг тэтгэдэг нэг юм байдаг ш дээ, чи мэдэх үү.

-Урам уу?

-Хичээлийг сайхан зааж байхад тэр ангийн 35 хүүхдийн хос далан нүд, анхаарал багшийн бүх бие дээр тусч байдаг. Хүүхдүүдийн харц багшид шинэ мэдээлэл, шинэ санаа, сэтгэлийг сэргээх эрч хүч өгдөг. Нэг ёсондоо хүүхдийн их ариун хайр, хүслийг биедээ шингээж авдаг.

Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан алба багш хүнд заяажээ гэдэг. Одоо би боддог юм. Багш хүнийг олон сайхан хүүхдийн хайр ивээл тэтгэж, багш хүн их залуухан байдаг юм байна гэж. Энэ жил гавьяат багш болчихоод бодож байлаа. Олон сайхан шавь нарын минь буян, хишиг нь ирж дээ гэж.

-Таны ярианаас сонсож байхад багш бүх байдлаараа шавь нартаа сайхан харагдаж, хүндлэлийг нь хүлээх ёстой юм байна даа гэж бодлоо?

-Тийм ээ. Багш бол хүн бүхний өмнө сайхан харагдах ёстой. Сайхан ярьдаг, сайхан бичдэг, цэвэрхэн хувцасладаг, соёлтой байх хэрэгтэй. Нэг ёсондоо бурханлаг байх гэх юмуу. Ингэснээрээ хүүхдүүдээ, хүүхдүүд ч гэхгүй хүмүүсийг өөртөө татах, хүндлэлийг олж, урам зоригтой болдог.

-Багш нар хоёр ч удаа ажил хаялаа. Нийгмийн асуудал, цалин хөлсөнд нь анхаарчихвал тэд юм яриад байхгүй л байх гэж бодох? Таны хувьд ямар бодолтой байна?

-Бодолгүй яахав. Улс мөнгөгүй, урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөж байна. Нэмэх гээд ч арга алга бололтой. Би телевизийн мэдээ их үздэг. Тэгтэл саяхан Эрдэнэс таван толгой ТӨХК-иас 380 мянган тонн нүүрс ачигдаад гарсан, хаашаа орсон нь мэдэгдэхгүй гэх мэдээлэл олж үзлээ. Ийм но-той юм байна ш дээ. Ийм юм үзэхээр л социализмийн үеийн бид чинь энэ рүү /толгойгоо заав/ нэг юм эвгүй оргиод л явчих юм.

Бидний үед захирал нэг мөнгө дутаавал л шоронд орно гэдэг байсан. Ийм нэг сонин юм байгаад байхаар л гайхаад байгаа юм. Ганц багш, эмч нар биш. Ер нь л тарчиг дуу л байна даа. Дээр үед манаач хоёр зуун төгрөг авдаг.

Өглөө ажлаасаа буугаад нуруугаа үүрээд маадгархан алхаж явдаг. Гэртээ ороод цай хоол бэлэн, бүх юм хүрэлцээтэй. Харин багш нар захирал мянга гаргаж авдаг, элбэг дэлбэг. Ингэж бид санаа зовох зүйлгүй өглөөнөөс аваад орой хүртэл улсын ажлыг хийдэг байсан. Гэхдээ одоо сайхан юм олон болж.

Аливаа зүйл хоёр талтай юм даа. Манай орны хүн ам сайхан амьдрах, хөгжих бүрэн бололцоотой. Газрын дээрх ба доорх энэ их баялаг, арвин мал сүрэг байна. Тэгсэн мөртлөө болохгүй байна гээд байхаар л гайхаад байгаа юм.

-Залуу багш нарт таны үг сургааль үнэтэй дээ?

-Дээр үеийн багш нар бүх л ажилд оролцдог байлаа. Сумын урлаг, уран сайхан, ухуулга, сурталчилгаа, байр хашаа барих, спорт, хөдөө явна, индэр ухна, зурам агнана гээд л. Дөрвөн сарын хорин хоёрноос коммунист субботник гэж эхэлдэг. Тэгээд 11 сарын хорьд гээд нэгдлийн нядалгаа дуустал байнга субботник үргэлжилнэ.

Үүнээс хойш л нэг амсхийдэг. Ийм олон талт ажилд оролцож явж байсан ч ажлаа алддаггүй. Ер нь багш хүүхдэд сэтгэлээ л өгөх ёстой. Үнэн голоосоо сэтгэл гаргаад тэдэнд хандаж зүтгэж байгаа багшийг хүүхдүүд ойлгодог юм. Эмэгтэй багш ээж нь, эрэгтэй багш аав нь, ах нь, сайн нөхөр нь, сайн туслагч нь байх ёстой.

Багш дандаа шинийг эрэлхийлж байх хэрэгтэй. Толгойдоо орж ирсэн санаагаа бичиж байх хэрэгтэй байдаг юм. Тэгэхгүй бол маргааш нь мартчихдаг талтай. Мэргэжилдээ дуртай, хайртай байх хэрэгтэй дээ.

-Таны ажиллаж байсан Хан-Өндөрийн сургуулийн зуун жилийн ой энэ зун тохиолоо. Зуун дамнасан сургуулийн түүх арвин?

-Тэгэхээр зуун настай сургуулийн түүхийг бичихэд тэрний өмнөх зуун руу орох, түүхийн ээдрээтэй нарийн зүйлс харахаар болдог юм байна. 1918 онд Сайн ноён хан аймгийн Цэцэн чой вангийн хошууны Хан-Өндөрийн хүрээнд байгуулагдаж.

Сургууль байгуулагдсан түүх их учиртай. Манай хошууны сүүлчийн ноён Бээжинд олон жил алба хашсан хүн байж. Ерөөсөө тэднийхэн удмаараа долоон үедээ суусан. /Долоон урвагчдын нэг ч гэж ярьдаг/ Гэхдээ Монгол нутгийнхаа төлөө сэтгэлтэй байж. Тэгээд 1917 онд өөрийн гурав дахь хүү Артаасэдийгээ явуулж Хан-Өндөрийн сургууль байгуулсан гээд яриад байвал олон юм ярих болно.

Би чинь энэ сургуулийнхаа наян жилийн ойг бас зохион байгуулж байлаа. Энэ сургуулийн түүхийг багагүй л мэдэх хүний нэг дээ би. /томорсон болох болов уу даа/

-Намрын намарт есөн сарын нэгэн болохоор догдолно биз?

-Одоо ч бас гайгүй болчихжээ. Анх маргааш хичээл эхэлнэ гээд л, хүүхдүүд явахаар нэг л сэвэлзээд байдаг байсан. Энэ жил Эрдэм сургууль дээр очсон сайхан байлаа. Ганболд гавьяаттайгаа хамт зогсоод нээлтэд оролцсон.

-Бид хоёрын ярилцлага өндөрлөж байна. Танаас асуугаагүй үлдээсэн зүйл бий байх аа?

-За даа, чи ч асуучихлаа даа. Ерөөсөө багш, хүүхэд, ном гурав бол нэг байх хэрэгтэй. Багш хүүхдээ байнга бодож байх, хүүхэд ч багшаа бодох ёстой. Эцэг эх үүнийг хүүхдэдээ ойлгуулах ёстой. Эрдмийг сурья гэвэл бичиж сур гэж байгаа юм. Унших бол хямдхан, харин бичиж л сурах хэрэгтэй.

Тэр үед мөн сайн, дунд гэж хоёрхон дүн байсан. Муу гэж байхгүй. Миний бодлоор энэ их сайн. Хүүхдийг муу гэхээр урам нь хугарна. Харин дунд гэхээр сайн руу орно гээд зүтгэдэг. Дээр үеийн багш нар урамшуулах аргыг их хэрэглэдэг. За сайн байна, аа сурах нь гээд багш нь толгойг нь илэх. Багш нь толгойг нь илэх шиг авшиг байдаггүй байж.

-Таны түрүүний хэлдэг "Гурван сайхныг хэлж мэндлэх хэрэгтэй” гэдэг тань бас л бодмоор зүйл байсан шүү?

- Хүнтэй мэндлэхэд хүртэл гурван сайхныг хэлж байх хэрэгтэй л дээ. Эхлээд сайн байна уу, сайхан намаржиж байна уу, сонин сайхан юу байна гэж. Одоо бол юу байна гэхээр юмгүй гээд л өнгөрөх жишээтэй.

-Нээрээ л таны хэлснээр мэндлээд ирэхээр хүмүүсийн хоорондын харилцаа үргэлжилж, өрнөж сайн сайхныг хэлэлцэх юм шиг санагдлаа?

-Гурван сайхныг хэлж мэндлэхээс гадна хүнд гурван сайхан байх ёстой. Нэгд сэтгэл сайхан байх, хоёрт гэр орон сайхан байх, гуравт ажлын байр сайхан байх ёстой. Би үүнийг уншиж байсан юм. Хайраар бялхсан хамгийн сайхан хамт олон бол гэр бүл юм гэж. Ийм сайхнуудыг эрхэмлэж яваарай гэж хэлье дээ.

 

-Ариун нандин бүхэн, аврал энэрэл, амьдрах ухаан бүр багшаас, сургуулиас эхтэй гэдэг. Ардын багш таныг хүндлэх хайрлахаас аргагүй буюу. Сонин сайхан дурсамж, өөрийн арга туршлагаасаа хуваалцсан танд гялаалай. Урт насалж, удаан жаргаж, үр хойч бидэндээ үнэт сургаалиа өнөд хайрлаж яваарай.


105 сэтгэгдэл