|

Т.Цэдэндамбаа: Будаа тарина гэдэг тарьсан хүн нь идэх биш өөр олон хүн, амьтныг тэжээж байгаа буянтай ажил

 

 

Т.Цэдэндамбаа: Будаа тарина гэдэг тарьсан хүн нь идэх биш өөр олон хүн, амьтныг тэжээж байгаа буянтай ажил

 

Намар цаг үргэлжилж тариаланчид ургац хураалтаа эхэлсэн үеэр тариаланч Т.Цэдэндамбаа гуайтай ярилцахаар Төвшрүүлэх сумыг зорив. Архангай аймгийн газар тариалангийн гол бүс нь Төвшрүүлэх сум бөгөөдТ.Цэдэндамбаа гуай тус сумын Баян-Өндөр багт тариалангийн талбайдаа байгаа сураг дуулдлаа.

Тариаланчид талбайгаа хашиж хамгаалсан тул хэдэн зуун га талбайг машинтай тойрч, тариан талбай бүхий хөндийг хөндлөн гулд туулсаар "Онцын булаг” хоршооны эзэн Т.Цэдэндамбаа гуайнд очлоо. "Тариа жаахан чийгтэй байна. Бага багаар л хурааж байна даа” гэсээр бидний яриа эхлэв.



-Сайхан намаржиж байна уу Та?

-Сайхаан, сайхан намаржиж байна уу?.

-Та хэзээнээс тариалангийн салбарт ажиллаж эхэлсэн бэ?

-Тэтгэвэртээ гарснаасаа хойш есөн жил ажиллаж байна.

-Ургац хураалт жигдэрч байна уу?

-Ургац өндөр байгаа учраас сэтгэл хангалуун, баяртай байгаа. Өнгөрсөн жил ган зудтай байлаа. Энэ жил ч зуны эхэн хэсэгт гантай байсан боловч удалгүй бороо хур орж, байгаль хишгээ хайрлав. Ургац сайн байна гэдэг Монголын ард түмэн гурил будаагаараа элбэг дэлбэг, мал сүрэг нь тэжээл будаагаар хангалуун байхын бэлгэдэл. Ийм л бэлэгшээлтэй сайхан намар болж байна даа.



- Та хэдэн га-д тариалалт хийж байна вэ? Ганцхан үр тариа тариалж байна уу?

-Манайх 400 гаруй га талбайтай. Эргэлтийн талбай нь 200 гаруй га байдаг. Бид найз нөхдөөрөө хамтарч газар тариалан эрхэлж байгаа. Өөрөөр хэлбэл, газартай нь газраараа, техниктэй нь техникээрээ бие биедээ харилцан дэмжиж, туслах замаар ажиллаж байна. Бид улаан буудайгаас гадна тосны ургамал бага хэмжээтэй тариалж, туршиж үзсэн. Боломжийн байна.

-Та Засгийн газар, ХХААХҮЯ-наас тариаланчдад үзүүлж байгаа аливаа хөнгөлөлт, урамшуулалд хамрагдаж байна уу?

-ХХААҮЯ-наас газар тариаланчдыг дэмжиж байгаа. Үүний дотор Газар тариалангийн тухай хуулийг баталсанд баяртай байгаа. Хуульд газар тариаланчдыг дэмжиж, мал аж ахуй, газар тариалан хоёрын ялгааг заалтаар зохицуулсан. Үүний хүрээнд Засгийн газраас газар тариалангийн бүс нутгийг тогтоолоо. Бүс нутагт Архангай аймгийн хэдэн сум буйн дотор Төвшрүүлэх, Цэнхэр сум багтаж байгаа. Бүс нутгийг тогтоогоод, Газар тариалангийн хуулийг шинэчилсэнтэй холбоотойгоор малчид малаа сайн харж, тариаланчдад дарамт учруулах нь багассан.

Нөгөө талаар тариалангийн талбайгаа хашаажуулж байна. Үүний ачаар мал орж, тариа сүйтгэхгүй, эрсдэл багатай тариагаа хураах боломж бүрдсэн. Мөн ХХААХҮЯ болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас улаанбуудайн үр, шатахууны дэмжлэг үзүүлж байгаа нь тариалан эрхлэгчдийн нуруун дээрх ачааллыг хөнгөлж байгаа юм.


- Хэдэн хүнийг ажиллуулж байна вэ?

-Манайх 11 гишүүний бүрэлдэхүүнтэй, хоршоо хэлбэрээр ажиллаж байна. Бидний ард олон хүний амьдрал бий. Би энэ салбарт их урам зоригтой, бахархал дүүрэн ажилладаг. /инээв/ Үр тариа бол өөрөө өсөж, үржиж, дэвждэг буянтай. Нэгдүгээрт, хүн тэжээнэ, хоёрдугаарт, мал тэжээнэ, гуравдугаарт, шувуудыг тэжээнэ. За тэгээд бусад зарим амьтад энэ будааг идэхгүй байна гэж байхгүй. Тэгэхээр будаа тарина гэдэг тарьсан хүн нь идэх биш өөр олон хүн, амьтныг тэжээж байгаа буянтай ажил. /инээв/

Тариаланч хүн намар цагт энэ сайхан будаагаа салхинд давалгаалаад найгаж байхыг хараад сэтгэл догдолж, урам авдаг юм шүү дээ. Тариагаа хурааж авсны дараа сэтгэл дүүрэн, баяр хөөртэй байдаг. Ийм л учраас энэ ажлыг орхихгүй байгаа юм. Цааш нь улам л өргөжүүлнэ. Үр хүүхэд, ач зээ нартаа өвлүүлнэ гэж боддог.

-Та улаанбуудайн үрийг туршилтаар ургуулсан гэж байсан. Ямар үр вэ?

-Газар тариалан эрхлэхээс өмнө газар шороогоо сайн боловсруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, уриншаа сайн бэлтгэх хэрэгтэй. Уриншаас ургац гэдэг. Үүнийг би амьдралдаа баталсан. Их том талбайд тарих гэж зүтгэж байснаас бага талбайд маш сайн уринш хийгээд чанар сайтай, эрт болцтой сортын будааг тарих нь илүү юм байна. Тийм ч учраас би сүүлийн үед талбайн хойноос гүйхээ болиод бага талбайгаас арвин ургац авах бодлоготой, төлөвлөгөөтэй ажилладаг болсон.

Үр, бордоо зэргийг чанаржуулах ажилд хувь нэмрээ оруулчих санаатай санаагаа чилээж, ажиллаж сууна. Тухайлбал, улаанбуудайн гадаадаас ирсэн үрийг өөрийн нутгийн хөрсөнд ургуулж нутагшуулах, ургах чадвартай болгох талаас нь их анхаарч байгаа. Манай хоршооны гишүүд улаанбуудайн болон равсын үрүүдийг нутагшуулах маягаар ашиглаж, боломжийн ургаад байхаар нь аймгийн МХГ-ын лаборатори шинжилгээний газарт өгөхөд чанарын хувьд ч, соёололтын хувьд ч маш өндөр гарсан.

Тариалж үзэхэд ч сайхан ургалаа. Тосны ургамал гэхэд л нэг га-гаас 13-14 цт гарахаар байна. Улаанбуудайн үрийн тухайд Алтайский 530, Алтайский 575 гэсэн хоёр төрлийн будааг тариалсан. Ургац сайн, нэг га-гаас 18-20 цт авахаар байна.




-Та олон жил багш, удирдах ажил хийж байсан. Одоо тариаланч болжээ. Ялгаа нь юу байх вэ?

-Манай Архангайнхан намайг андахгүй ээ. /инээв/ Би боловсролын байгууллагад олон жил захирал, багшаар ажиллалаа. Голдуу удирдах ажил хийж байсан.

Газар тариалангийн ажил үнэндээ ажил ихтэй, бэрхшээл, эрсдэл ч ихтэй юм. Санаа зөв бол заяа зөв гэдэг шиг. Үнэхээр сэтгэл гаргаад ажиллахад өгөөж ирдэг сайхан ажил. Ер нь манай хойч үе, залуучууд газар тариалангийн ажлыг ойлгож, мэдэж, дурлаж, өөрсдөө хөдөлмөрлөж чадвал ажлынхаа үр шимийг хүртэж чаддаг юм шүү гэдгийг хүүхэд, залуучууддаа харуулах гээд л ажиллаад байгаа юм.

Хураасан будаа маань гурил болно. Гурил нь сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн хоол болж, тэднийг тэжээж байгаа шүү гэж бодохоор үнэхээр сайхан байдаг.

-Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

 


 



0 сэтгэгдэл