Монгол Улсын Засгийн газраас төрийн албаны хариуцлага, ажлын байрны сахилга батыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Гэхдээ энэ ажлын үр дүн одоогоор нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй байна. Төрийн албыг мэргэшсэн боловсон хүчин удирдаад явбал хариуцлага, сахилга батаас арай өөр сэдэв яригдах байв. Гэвч хөдөө адуу мал уяж, уралдуулж явсан хүмүүс, эсвэл даргын цүнхийг барьж, автомашиных нь жолоог мушгиж явсан хүмүүс улс орныг удирдах хэрэгт оролцох болсноор төрийн сахилга бат, дэг журам алдагдаж эхэллээ.
Төрийн байгууллагын уялдаа холбоогүй, сахилга батгүй байдлаас үүдэлтэй тог цахилгаан олон цагаар тасарч, иргэд, аж ахуйн нэгжүүдийг хохироож, найдвартай тээвэр гэгдэх галт тэрэг осолдож, улс орон их хэмжээний хөрөнгө санхүүгийн алдагдалд орж, төрийн удирдах албан тушаалтан албан өрөөндөө нэгнийхээ амь насанд халдсан хэрэг хүртэл гарлаа. Үүнийг мэргэжлийн бус хүмүүс төрийн удирдах хэрэгт оролцож, амин хувийн эрх ашгаа нэн тэргүүнд тавьж, төрийн ажлыг салгардуулсантай шууд холбоотой гэж ойлгож болно. Мэдээжийн хэрэг эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж буй олон мянган төрийн албан хаагч бий. Гэвч тэдний хичээл зүтгэлийг танил тал, эд хөрөнгөөр албан тушаал "худалдаж авсан” хүмүүс талаар болгосоор байна.
Эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй ханддаг олон арван албан тушаалтнуудыг дурьдаж болно. Тухайлбал, Барилгын салбарыг БХБ-ын Дэд сайд Ш.Лхамсүрэн "муухай” харагдуулж байна. Тэрээр Морин Спорт Уяачдын холбооны тэргүүлэгчдийн нэг. Энэ ажлынхаа хүрээнд Засгийн газрын хориглосон шийдвэрийг зөрчиж, шөнө дөлөөр морин уралдаан зохион байгуулж, арав гаруй хүүхэд мориноос унаж гэмтсэн асуудал дэгдэж байлаа.
Мөн Сүхбаатар аймагт амь насаа алдсан МАН-ын гишүүн Б-ын асуудал ч Дэд сайд Ш.Лхамсүрэнд хаяглагдаж буйг иргэд цахим хуудаснаа бичиж байна.
Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотоос 3 км зайд орших "Наадаан” нэртэй амралт жуулчлалын баазад намын төлөөлөгчид найрласан бөгөөд энэ үеэр иргэн Б нь нас барсан болохыг аймгийн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж байна.
Ийм балагтай хүн төрийн удирдах албан тушаал хашихаар хаана ямар сахилга бат, ямар хариуцлагын тогтолцоо мөрдөгдөж байна гэж итгэх вэ дээ. Тиймээс Засгийн газар хариуцлага, сахилга батыг дээшлүүлэхэд чиглэсэн ажлаа төрийн албыг "муухай” харагдуулж, гаргасан бодлого, шийдвэр захирамжийн эсрэг ажиллаж тушаа болсон Ш.Лхамсүрэн нарын түшээдийг албан тушаалаас нь чөлөөлж эхэлбэл зүгээр юм.
0 сэтгэгдэл