"Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд хүч үзсэн Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон допинг хэрэглэсэн гэсэн мэдээг хэвлэл мэдээлэлийн олон байгууллага нийтэд түгээгээд байгаа билээ. П.Орхон ч өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэдий ч түүний шинжилгээнээс станозолол гэх бодис илэрсэн гэв. Тэгвэл уг бэлдмэл нь ямар учиртай вэ, энэ талаар уншигч танаа товч хүргэе.
Энэхүү бэлдмэлийг 1962 онд хүний хэрэгцээнд зориулан АНУ-д зохиосон ч одоо зах зээлд борлуулагдахаа больсон аж. Станозолол нь маш өргөн хэрэглэгддэг допингийн төрөл юм. Анх 1974 онд Олон улсын олимпийн хороо болон Олон улсын Атластикын холбооноос станозолол болон бусад синтетик бодисууыг хориглож байжээ. Гэсэн ч бодибилдинг, бокс, бөхийн спорт, хөнгөн атлетика, зэрэг спортын тамирчид допинг хэлбэрээр хэрэглэдэг аж. Станозолол бэлдмэлийг 5-10 мг тунгаар ууснаас хойш арав хүртэлх хоногийн дотор шээсээр илрэх боломжтой байдаг гэнэ. Дэлхийн ихэнх оронд ашиглахыг хориглосон боловч цөөн тооны хэдэн улс оронд эмчилгээний зориулалтаар ашиглахыг тусгайлан зөвшөөрчээ. Дээрх бодисыг хүнд цус багадалт, болон бусад эмчилгээнд таблет хэлбэрээр хэрэглэхийг зөвшөөрдөг бол амьтанд булчингийн өсөлтийг сайжруулах, ясны нягтыг нэмэгдүүлэх, ядарсан амьтдыг сэргээхэд булчинд тарих замаар хэрэглэдэг байна. Станозолол нь маш хүчтэй эм тул АНУ-д морин уралдаанд ашигладаг аж.
Тамирчнаас допинг илэрсэн тохиолдолд гурван жилээр тэмцээнд орох эрхийг хасах шийтгэл ноогдуулдаг байна. Гэхдээ П.Орхонд ямар хариу оногдох нь оньсго мэт байна.
Ямартай ч шинжилгээний А, Б сорьцоор допинг хэрэглэсэн нь гэж гарсан тул Дэлхийн допингийн эсрэг агентлагаас Дэлхийн бөхийн холбоонд, Дэлхийн бөхийн холбооноос Монголын олимпийн хороонд албан ёсоор мэдээлэл ирүүлэх учиртай юм. Ингэснээр Азийн олимпийн зөвлөлөөс Азийн наадамд үзүүлсэн амжилтыг хүчингүйд тооцож медалийг хураах, тэмцээний үр дүнг өөрчлөн байр эзлүүлэх зэрэг шийдвэрийг албан ёсоор танилцуулах нь ээ.
14 сэтгэгдэл