Манай оронд дэлхийн хуш модны нөөцийн 1.8 хувь буюу 683.9 мянган га талбай бүхий хушин ой Архангай, Баян-Өлгий, Булган, Төв, Завхан, Хэнтий, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын ногоон бүсэд тархан ургаж байна. Манай орны хуш мод нөөцийн хэмжээгээрээ хэдийгээр энгийн нарснаас илүү боловч дэлхийд байх нөөц нь бага гэдэг утгаараа Монгол орны ховор ургамлын төрөл, зүйлд хамаардаг.
Хуш мод ойн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болж ус, хөрсийг хамгаалахын зэрэгцээ ойн олон төрөл, зүйлийн амьтан, шувууны амьдрах орчин, хүнс, тэжээлийн бааз, нөөц нь болдог. Тодорхой хугацаанд шинэчлэгдэн солигдон унаж байдаг хушны шилмүүс, боргоцой нь хөвсгөр байдаг тул бусад шилмүүст модтой харьцуулахад хөрсний сайн бордоо болж, усыг өөртөө хамгийн ихээр шингээдэг. Энэ нь ойн чийгшлийг удаан хадгалж, уур амьсгалын таатай орчинг бүрдүүлдэг.
Хушин ой нь бактер устгах чадвартай, фитонцид, эфирийн тос их ялгаруулдаг нь орчны агаарыг цэвэршүүлдэг тул эртнээс хушин ойг эмчилгээний зорилгоор ашиглаж байсан түүхтэй.
"2009-2010 ОНД САМАР ГАРААГҮЙГЭЭС ӨЛСГӨЛӨН БААВГАЙ ХЭНТИЙ АЙМГИЙН ГАЛШАР СУМ ХҮРТЭЛ ТАЛ ХЭЭРТ ТЭНЭЖ ХҮНД АЛУУЛАХ ТОХИОЛДОЛ Ч ГАРСАН"
Хуш модны талаар МХЕГ-ын мэргэжилтнээс тодрууллаа.
-Хуш модны үрийн жил 5-7 жил тутамд давтагддаг гэсэн. Амьтдын гол хоол хүнс болдог учраас үүнтэй холбоотой өөрчлөлт гардаг гэж сонсч байсан юм байна. Энэ талаар тодруулж өгөөч?
-Хуш модны самар, шилмүүс нь хур, сойр, самрын шаазгай, хөтүү зэрэг шувуу, жирх, хэрэм зэрэг мэрэгч, баавгай, гахай зэрэг том амьтдын гол хүнс тэжээл болдог. Жирх, хэрэм 6-10 кг самрыг өвлийн идшиндээ нөөцөлдөг бол баавгай өдөрт 20-30 кг боргоцой идэж 100-150 кг өөх хуримтлуулж байж ичээлэх боломжтой болдог. Баавгай самрын ургац муу жилд ичиж чадахгүй дан ангаар хооллох болдог бөгөөд сард 3-6 толгой гахай, буга, хандгай барьж идэх болдог нь ойн туурайтан амьтны нөөцөд ихээхэн хохирол учруулахад хүргэдэг. 2009-2010 онд самар гараагүйгээс өлсгөлөн баавгай Хэнтий аймгийн Галшар сум хүртэл тал хээрт тэнэж хүнд алуулах тохиолдол ч гарсан. Харин зэрлэг гахай өдөрт 2-2.5 кг самар идэж байж онд орох боломжтой болно.
Самрын ургацгүй жил жирх, хэрэм их хорогдсоноос ойн булга, шилүүс зэрэг үслэг амьтдын хоол тэжээл хомсдож өсөж үржих нь багасдаг.
Ер нь хуш мод бүрэлдэхүүнд нь орсон хөвч, тайгын ойд 50 зүйл хөхтөн амьтан, 160 орчим зүйл шувуу, зургаан зүйл хоёр нутагтан, дөрвөн зүйл мөлхөгч амьдардаг гэсэн судалгааг эрдэмтэд хийсэн байдаг.
-Тэгэхээр иргэд самрыг их хэмжээгээр түүснээс болж, ихээхэн сөрөг зүйл дагуулдаг юм байна. Ер нь иргэдийн хувьд хаанаас самар түүвэл хор хөнөөл багатай байж болох вэ. Самрын ургалт энэ жил ямархуу байгаа вэ?
-Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд заасны дагуу Ойн судалгаа, хөгжлийн төв УТҮГ сум болон сум дундын ойн ангиудаас самрын ургацын талаархи мэдээг авч нэгтгэн салбар яаманд ирүүлэх журамтай. Энэ журмын хүрээнд судалгаа хийгдэж байна.
-Самар болон бусад ойн дагалт баялгийг ашиглах зөвшөөрлийг хаанаас олгох ёстой вэ. Самрыг ахуйн зориулалтаар түүх хугацаа гэж байдаг байх. Мөн хэмжээ хэтрүүлсэн болон хууль зөрчсөн хүмүүст ямар арга хэмжээ авдаг вэ?
-Самар болон бусад ойн дагалт баялаг ашиглах зөвшөөрлийг Ойн тухай хуулийн 38.1-д зааснаар ойн анги, ойн анги байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль хамгаалагч эрхийн бичгээр олгох ёстой. Мөн эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, түүж бэлтгэх дагалт баялгийн төрөл, хэмжээ, хугацаа, газрын нэрийг заасан байх ёстой. Түүнчлэн Ойн тухай хуулийн 38.5-д заасны дагуу их ургацын жил аль ч зориулалтаар, дунд ургацын жил зөвхөн ахуйн зориулалтаар ойгоос хуш модны самар түүж бэлтгэж болдог бөгөөд бага ургацын жил аль ч зориулалтаар түүж бэлтгэхийг хориглосон байдаг.
Самар бэлтгэх хугацааг самрын болц гүйцсэн байдлаас хамааран бүс нутаг бүрт ялгавартай тогтооно. Гэхдээ самар бэлтгэх хугацаа нь 8 дугаар сарын 25–наас дараа оны 4 дүгээр сарын 15-ны хооронд хязгаарлагдана.
-Ямар хариуцлага тооцох вэ?
-Зөрчлийн тухай хуулийн 7.9 зүйлийн 7.9.1 заалтыг үндэслэн Зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг бэлтгэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
-Иргэн ахуйн зориулалтаар хэдэн кг самар түүж болох вэ. Самар болон жимс түүхэд хэдэн төгрөгийн төлбөр төлөх вэ?
-Иргэн нэг удаа цайруулсан самрыг 25 кг хүртэл хэмжээтэйгээр түүж болно. Мөн нэг кг самрыг түүхэд 500 төгрөг, мойл, нэрс, үхрийн нүд, гүзээлзгэнэ, улаалзгана, хад, тошлой зэрэг жимс, жимсгэнийг түүхэд 300 төгрөг тус тус төлөх ёстой.
-Самрын болц болоогүй байхад түүхий самар түүж ашиглах нь ямар хор нөлөөтэй вэ?
-Болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй байдаг учраас нян, вирус, бохирдлыг амархан татдаг бөгөөд халдварт өвчин тараах нөхцөл болдог тул эрүүл ахуйн хувьд тохиромжгүй.
Эх сурвалж: МХЕГ
28 сэтгэгдэл