Одоогоос 10 гаруй жилийн өмнө энэ ярилцлага олон нийтэд хүрч байжээ. Гэсэн хэдий ч рашааны тухай ойлголтгүй хүмүүст нэмэр болох үүднээс уг ярилцлагыг нийтэлж байна.
-Рашаан эмчилгээ хүний зөвхөн хоол боловсруулах үйл ажиллагаанд нөлөөлдөг үү?
-Рашаан нь хоол боловсруулах эрхтэн төдийгүй зүрх судас, мэдрэл, үе мөч гээд бүх л эрхтэн тогтолцооны үйл ажиллагаанд нөлөөлдөг. Харин хоол боловсруулах эрхтэний өвчний үед рашаан эмчилгээг нэн түгээмэл хэрэглэдэг болохоор хүмүүс тэгж ойлгодог байх.
-Оргил, Жанчивлангийн рашаан хоол боловсруулах эрхтэнд сайн гэдэг. Хоорондоо ялгаатай юү?
-Энэ хоёр рашаан нь хоорондоо найрлагаараа адил, нэг л бүлэгт ордог рашаан. Гэхдээ төмөрлөгийн найрлагынхаа хувьд ялимгүй ялгаатай.
-Монголд судлагдсан рашаан хэд байдаг вэ?
-1960-1970 оны судалгаагаар Монголд 300-гаад рашаан бий гэж бичсэн байдаг. Гэхдээ хүмүүс зарим булаг, горхины усыг рашаан гэж тооцож хэрэглэдэг байсан юм билээ. Химийн найрлагаар нь судлаад үзэхэд олон улсын болон манай орны стандартад нийцсэн найрлагатай нь 100 гаруй л байдаг.
-Зөвхөн Шаргалжуутад 100 гаруй рашаан байдаг гэдэг шүү дээ?
-Шаргалжуутын рашаан 100 гаруй ундаргатай. Ерөнхий найрлага нь хоорондоо адилхан. Нүд, бөөр, хөлний хэлбэртэй чулуунаас гоождогоор нь хүмүүс тэгж нэрлэчихсэн байдаг юм.
-Шаргалжуутад бүх төрлийн өвчин, эрхтэнд тохирох paшаан байдаг гэдэг. Энэ нь шинжлэх ухааны үүднээс бүрэн нотлогдсон уу?
-ОХУ-ын эрдэмтэд 1920-иод оноос эхэлж Монголын рашааны химийн найрлагыг судалсан. Сүүлийн 30 гаруй жилд Орос, Монголын судлаачид жил бүр рашааны шинжилгээ хийж байна. Манай орны рашааны химийн найрлага, түүний дотор Шаргалжуутын рашааны найрлагыг сайн судалсан. Шаргалжуутын рашаан бол сайн рашаан. Ер нь нэг газраас, нэг цэгээс гарч буй рашаанаар бүх өвчнийг эмчилнэ гэж болохгүй. Рашаанаар эмчилж болохгүй өвчин байна шүү дээ.
-Аль нэг рашаан сувилалд явбал заавал гурван жил явдаг гэдэг. Энэ ямар учиртай юм бэ?
-Элдэв архаг хууч өвчний үед рашааныг урьдчилан сэргийлж, эмчлэх зорилгоор хэрэглэдэг. Архаг өвчтэй хүний өвчин нь хурцдах, дахих, хүндрэхээс урьдчилан сэргийлэхийн тулд эмч нар тэднийг рашаан сувилалд явахыг зөвлөдөг. Иймд нэгэнт рашаан сувиллын эмчилгээ нь үр дүнтэй байвал гурван жил рашаанд явбал зохистой гэж үздэг. Рашаан сувиллын эмчилгээнд ирсэн хүмүүст хавсарсан эмчилгээ хийх шаардлагатай.
-Гурван жил заавал нэг рашаан сувилалд л явах ёстой юу. Өөр рашаанд явж болох уу?
-Ямар өвчнөө эмчлүүлэх гэж байгаагаас шалтгаална. Ходоод, гэдэсний өвчнөө анагаах гэж байгаа бол ходоодонд сайн рашаан сувилалд л явах хэрэгтэй. Өөр өвчнөө анагаах зорилгоор өөр рашаанд явах шаардлагатай болбол тэр рашаандаа явж болно. Гэхдээ тухайн үед аль өвчин нь эмчлүүлэх шаардлагатай, илүү сэдэрсэн байгааг харгалзан эмчийн зөвлөгөөг дагах хэрэгтэй.
-Жилд хоёр удаа рашаан сувилалд явж болох уу?
-Гурваас зургаан сарын дараа дахин рашаан сувилалд явж болно. -Рашаан сувилалд явахад өвөл, зуны ялгаа байх уу? -Жилийн аль ч улиралд болно. Гэхдээ бас учир шалтгаан бий. Манайхны бараг 80 хувь нь зун явахыг эрмэлздэг. Өөрөөр хэлбэл, энэ үед зуны цагт байгалийн эмчилгээний хүчин зүйлүүд, жишээ нь, нар, ус, агаар зэрэг байгаль орчин, цаг уурын хүчин зүйлийг эмчилгээний аргыг хэрэглэх боломжтой. Энэ нь эмчилгээний үр дүнд нөлөөлдөг. Гэхдээ өвөл ч рашаан эмчилгээ хийлгэх боломжтой.
-Борооны ус рашааны чанарт нөлөөлдөг үү?
-Борооны улмаас рашааны найрлага өөрчлөгдөж болно. Харин Жанчивлан, Оргил зэрэг улсын үйлчилгээтэй рашаан сувилалд рашааныг газрын гүнээс гаргадаг тул бороотой үед рашааны чанар өөрчлөгдөхгүй.
-Төрсөн нутгийн рашаан ээлтэй гэж үнэн үү. Хүний нутгийн, өөрөөр хэлбэл, гадаадын рашаан таардаггүй, хэрэггүй гэж хүмүүс ярьдаг л даа?
-Аймаг бүрт рашаан бий. Ямар өвчинд аль рашаан сайн гэдгийг судалгаагаар нотолдог. Манайд ч адил. Ид шидтэй рашаан гэж хаа ч байхгүй. Өөр нутгийн рашаан таарахгүй гэх юмгүй.
-Рашаан сувилалд явах гэж буй хүмүүс ихэвчлэн дам сургаар, бие биеэсээ сонссоныхоо дагуу сонгодог. Түүнээс биш, эмч нь тийшээ яв гэж зөвлөх нь цөөн. Рашаан судлалын үндэсний төв, Монголын рашаан сувилал нийгэмлэгийн судалгаанд тийм рашаан, тийм өвчинд сайн гэснийг тусгасан байдаг уу?
-Рашаан сувиллыг 30 гаруй жилийн өмнөөс төрөлжүүлсэн. Хоол боловсруулах замын өвчнийг Жанчивланд, зүрх судас, эмэгтэйчүүд, үе мөчний өвчнийг Оргилд, зүрх судас, үе мөчний өвчнийг Хужиртад, баруун бүсийн аймгуудын зарим өвчтөнийг Отгонтэнгэрийн рашаан сувилалд эмчлэх гэх мэтчилэн хэлбэр, үе шатыг хүртэл нарийвчлан зааж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлуулсан pашаан сувилалд эмчлэх өвчний жагсаалт байдаг. Үүнийг л мөрдөж, өвчтөнийг рашаан сувилалд илгээдэг.
-Савласан рашаан их гарах болсон. Энэ рашаан жинхэнэ ундаргаас нь авч байгаагаас ялгаатай юү?
-Ер нь рашааныг савлаж, аймаг, сумд хүргэх талаар бодож байна. "Оргил”-ын рашааныг байнга савлаж зарж байна. Аварга тосонгийн рашааныг дээхэн үед савлаж зардаг байснаа больсон. Сүүлийн жилүүдэд хувийн компани савлаж, нийтийн хүртээл болгож буй нь сайшаалтай. Рашааны чанарыг алдагдуулахгүй савлах, хадгалах аргууд бий. Үүний дагуу манайд савладаг. Савласан рашааны чанар нь хадгалалттай шууд холбоотой. Халуун, эсвэл нар тусдаг газар тавибал манай Жанчивлан, Оргилын төмөр их агуулсан рашаан чанараа алддаг. Хөргөгчид хийвэл нэг жил ч болсон зүгээр л байна.
-Кука-7-г Оргилын рашаантай адилхан гэдэг нь үнэн үү?
-Кука-7, Кука курортная бол сайн рашаан. Кукагийн рашаан төмөргүй учраас савлахад мууддаггүй. Хадгалах, тээвэрлэхэд бэрхшээл тохиолддоггүй. Харин Оргилын рашаан төмөртэй тул савлаж, тээвэрлэхэд бэрхшээлтэй. Тухайлбал, төмрийг нь урвалд оруулахгүйн тулд СО2, нимбэгийн хүчил зэргийг нэмж савладаг.
-Би 21-тэй. Амралтаараа рашаан сувилалд явах гэтэл залуугаасаа рашаан, халуун шаварт орвол цус өтгөрнө гэж найз маань хэлсэн. Хэдий үеэс рашаан, халуун шаварт орох ёстой вэ?
-Рашааныг ямар ч өвчний үед, ямар ч насны хүн хэрэглэж болно. Залуу хүн архаг өвчтэй байх нь харьцангуй бага. Эрт залуугаасаа ужиг архаг өвчтэй бол эмчийн зөвлөмжөөр рашаан ууж, шавар тавиулж болно. Гэхдээ рашаан, шаврыг хамаагүй хэрэглэхийг урьтал болгосны хэрэггүй.
-Шаардлагатай гэж үзвэл, нялх хүүхдэд ч рашаан уулгаж болох уу?
-Хоол боловсруулах эрхтэн, гэдэсний үйл ажиллагаа нь хямрах зэрэг эмгэгийн үед шаардлагатай гэж үзвэл эмчийн заавраар уулгаж болно. Хамгийн гол нь өвчний онош, хэлбэр, явц, үе шатыг харгалзан тун хэмжээг нь тааруулан хэрэглэх хэрэгтэй.
-Рашааныг эмчийн заавраас хэтрүүлэн хэрэглэж болох уу. Би Жанчивланд амарч байхдаа эмчийн хэлсэн 200 гр-аас илүү рашаан уугаад байсан чинь ходоод өвдөөд?
-Рашааныг их уугаад байвал сайн гэж ойлгож болохгүй. Эмчийн заавраар тааруулж уух хэрэгтэй. Ямар ч зүйл хэмжээнээсээ хэтрэхээр хор болдог. Ялангуяа хүнд өвчтэй, зүрх судасны өвчтэй хүнд муугаар нөлөөлж, өвчнийг нь сэдрээдэг. Жанчивлангийн рашаан нэлээд хүчтэйд тооцогддог юм. Тийм учраас ер нь хэтрүүлэн хэрэглэж болохгүй шүү. Ер нь рашаан уухад учиртай. Байнга ууж болохгүй. 14 хоног ууж, хэсэг завсарлаад дахин 14 хоног уух маягаар эмчилгээ хийж болно.
-Бөөр өвдөхөд элсэн дээр хөрвөөх эмчилгээ байдаг. Энэ өвчний үед халуун шавар тавиулахад элсний адил үйлчилгээ үзүүлэх үү?
-Шавар дулааны нөлөө үзүүлдэг. Тэр талаас нь элстэй холбон асууж байх шиг байна. Тийм учраас бөөрний хүнд өвчний үе шатаас шалтгаалан шавар эмчилгээ хийх боломжтой боловч яг элсэн эмчилгээтэй адилтган хэрэглэж болохгүй. Бөөрний хүндэрсэн өвчний үед элсэн эмчилгээг хэрэглэдэг. Цөсний чулуутай хүн рашаан ууж болох уу
-Оргилын ундарга дээр байшин барилаа гэж нэг хэсэг шуугисан. Одоо тэр хавиар нэлээд их барилга сүндэрлэжээ. Энэ нь рашааны чанарт нөлөөлөх үү?
-Ингэснээр рашааны чанарт өөрчлөлт орохыг үгүйсгэх аргагүй. Уг нь ариун цэвэр, хамгаалалтын бүс дотор байшин барилга барихыг хориглодог журамтай. Оргилын хамгаалалтын бүс буюу 100 м-ийн дотор барилга барихыг хориглосон дээд газрын шийдвэр байдаг. Гэтэл энэ бүсэд барьчихсан байгаа. Хашаа барихаас нь өмнө хөөцөлдөөд дийлээгүй. Бидэнд байшин, барилга барихыг нь хориглосон эрх бүхий бүх байгууллагын тушаал, шийдвэр, заавар, журам гээд ном болгоод хэвлүүлчихмээр их материал бий.
-Оргилын рашаан яг ямар өвчинд сайн бэ?
-Уг рашааныг олон төрлийн өвчний үед, түүний дотор хоол боловсруулах эрхтэний өвчинд ууж, зүрх судасны, мэдрэл, үе мөчний өвчний үед ваннд оруулах гэх мэтээр хэрэглэнэ. Рашаан сувилалд өвчтөнийг эмчлэхдээ ганц рашаанаар бус хавсарсан эмчилгээ хийж байж сая тодорхой үр дүнд хүрдэг.
-Халуун рашааны ач холбогдол юү вэ. Ямар өвчтэй хүнийг халуун рашаанд орохыг хориглох вэ?
-Халуун рашааныг зүрх судас, мэдрэл, үе мөчний өвчний үед түлхүү хэрэглэдэг. Хоол боловсруулах замын эрхтэний өвчний үед ч заримыг нь ууж хэрэглэдэг.
-Рашаан уусны дараа ямар гам барих вэ?
-Даарч хөрөхгүй байх, хоол ундаа тохируулах, ажил, амьдралын дэглэм сахих, архи дарснаас хөндий байх нь чухал. Элэг, цөс, ходоодны өвчтэй хүн рашаан, архийг хольж уугаад байвал ямар сайн байх вэ. Эмчилгээний үеэр болон дараа нь гам сайн барих нь чухал.
-Дур мэдэн рашаан ууж болох уу. Рашааны орчимд амьдардаг хүмүүс байнга уугаад байвал муугаар нөлөөлөх үү?
-Рашааныг ус шиг хэрэглэвэл хор болно. Хэмжээний хувьд дунджаар 50-250 гр-аар уудаг. Нэг удаа уухад мэдэгдэхгүй ч олон дахин уугаад байвал биед муугаар нөлөөлнө.
-Даралт ихтэй хүн ямар рашаан ууж болох вэ?
-Даралт ихтэй хүн эмчийн зөвлөгөөгөөр л рашааныг хэрэглэнэ. Даралт нь юунаас болж ихэссэн, энэ нь өвчин үү, шинж тэмдэг үү гэдгийг эмч ялган оношилж эмчилгээ хийнэ.
-Би арав гаруй жил рашаан сувилалд явсан. Цөсний чулуутай учир чулуу нь хөдөл- чихнө гэж айгаад рашаан ер уудаггүй. Энэ зөв үү?
-Цөс чулуужих өвчтэй хүн өвчин нь намдсан, архаг үе шатандаа байгаа үед рашаан сувилалд ирдэг. Уг өвчний хэлбэр, явц, үе шатыг эмч тогтоогоод рашаан сувиллын эмчилгээ, түүний дотор рашаан уух эмчилгээ хийж болно. Цөсний чулуутай хүнийг рашаанд эмчлэх заалт байдаг.
Чулуугаа хөдөлгөхгүйн тулд цөсөө шингэрүүлж, хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг идэвхжүүлэх хэрэгтэй. Чулуу яагаад хөдөлдөг вэ гэхээр, рашаанаа буруу аргаар хэрэглэснээс болдог. Өөрөөр хэлбэл, рашаан ууж байгаад өөх тостой хоол идэх, архи уух, эсвэл өвчний цочмогдуу үед рашаан эмчилгээ хэрэглэснээс болж хөдөлнө.
Уг өвчний үед мөн шавар тавиулж болно. Гэхдээ хэт халуун биш, 38-40 орчим градус байхад болно. Хэт халуун шавар тавиулбал өвчин хөдөлж болно. Үүнийг хүмүүс мэддэггүй. Ходоодны шархтай хүмүүс ч шарх сэдэрнэ гээд рашаан хэрэглэдэггүй тал бий.
-Хүүхдийн диатезыг эмчилдэг хамгийн сайн рашаан хаана байдаг вэ?
-Сул эрдэсжилтэй рашаан хэрэглэх хэрэгтэй. Шаргалжуут, Оргил, Жанчивланг ууж хэрэглэнэ. Аварга тосонгийн сувилалд явуулдаг.
-Естийн рашааныг олон өвчин анагаахад сайн гэж ярьдаг. Гэвч нисдэг тэрэг, морин тэргээр л очих боломжтой гэдэг. Энэ рашааныг хүмүүст хүртээлтэй болгох талаар арга хэмжээ авах уу?
-Энэ халуун рашаан л даа. Эрт дээр үеэс хэрэглэж ирсэн төдийгүй 1980-аад оны үед тэнд сувилал баривал яасан юм бэ гэж ярьж байсан. Найрлагын хувьд Хужирт, Шаргалжуутын рашаантай төстэй учир сувилал байгуулах шаардлагагүй гэж үзсэн. Гол нь дэд бүтцийн асуудлыг харгалзан үзсэн. Естийн рашаанд явах сонирхолтой хүмүүс Хужирт, Шаргалжуут рашаан сувилалд явж эмчлүүлж болно.
-Оргилд хэдийд амарвал ачаалал бага байдаг вэ?
-Хүйтний улиралд илүү ачаалалтай байдаг. Зуны гурван сард хүмүүс амралтаа авч, орон нутгийн рашаан сувилалд явчихдаг. Тэгэхээр зуны улиралд л арай гайгүй. Гэхдээ гарцаагүй рашаан сувилалд сувилуулах шаардлагатай хүнийг эмнэлэг сонгож явуулах ёстой. Явах захиалгаа эмнэлэгт эрт, наад зах нь сарын өмнө өгөх хэрэгтэй.
-Шавар эмчилгээ таарахгүй өвчин байдаг уу?
-Сүрьеэ, халдварт өвчин, архаг өвчин нь хөдөлсөн үед болон хурц үедээ байгаа өвчний үед шавар эмчилгээ хийхийг хориглоно.
-Архи гаргадаг рашаан байдаг гэж үнэн үү. "Говь”-ийн амралтын дэргэдэх, мөн Шаргалжуутад нэг рашаан байдаг гэж сонссон?
-Уусан архийг рашаан шингэрүүлж, үйлчилгээг нь саармагжуулдаг тул согтолт нь түргэн гардаг.
-Рашаан физик эмчилгээнд сөрөг нөлөө үзүүлэх үү?
-Рашааныг физик эмчилгээтэй хослуулж хийлгэвэл үр дүн нь илүү. Нэг шаврыг хоёр хүнд л тавьдаг
-Оргил шавраа хаанаас авчирдаг вэ. Нэг шаврыг хэр удаан хэрэглэдэг вэ?
-Одоогоор 40 гаруй шаварт нуурыг судалж, эмчилгээнд хэрэглэж болохыг тогтоосон. Оргил сувиллын хувьд Төв аймгийн Цайдам нуурын шаврыг голдуу хэрэглэдэг. Зарим жил Төв аймгийн Сантын шаврыг хэрэглэдэг. Манай сувилалд жилд дунджаар 30, 40 тонн шавар хэрэглэдэг. Хэрэглэсэн шаврыг зохих зааврын дагуу төлжүүлж хэрэглэснээс хойш зургаан сарын дараа хэрэглэж болно.
-Шавраа дахин халааж тавих нь эмчилгээний чанарт нөлөөлөх үү. Арьсны янз бүрийн өвчин халдварлах магадлалтай биш үү?
-Нэг шавар хэрэглэчихээд тусгай бассейнд хийж хадгалж, аргачлалын дагуу тусгай уусмал давс хийж төлжүүлээд, зургаан сарын дараа дахин хэрэглэнэ. Ингэснээр чанарт нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл, нэг шаврыг хоёр удаа л хэрэглэнэ гэсэн үг. Төлжүүлсэн шаварт шинжилгээ хийж халдваргүй болохыг тогтоосны дараа эмчилгээнд хэрэглэнэ. Шалбарсан, идээ бээр гарсан, арьсны бүтэн байдал алдагдсан хүнд шавар тавьдаггүй.
–Шаргалжуутын рашааныг ундаргаас нь аваад шууд уухад сайн, гол давахад рашааны хүч сулардаг гэдэг нь ортой юү?
-Шаргалжуутын халуун рашааныг ууж хэрэглэх нь элбэг биш. Хэт их эрдэс давстай рашааныг ууж болохгүй. Гадуур хэрэглэдэг. Ихэвчлэн Лхамын рашааныг уудаг. Ер нь тэндхийн рашаан эрдэсжилтэй, бүгд халуун. Хамгийн халуун нь 92-96 градус байдаг.
-Оргил рашаан сувилалд хэвтэхэд шаврыг өнжиж тавьдаг. Нийт зургаан удаа тавиад нэг курс гэж үздэг. Харин Шаргалжуут өдөр бүр шавар тавьдаг, шавар эмчилгээний нэг курс нь арван удаа гэж үздэг. Ер нь курс эмчилгээний хугацаа ямар байдаг юм бэ?
-Тухайн үед ямар өвчтэй вэ гэдгээс шалтгаална. 6-10 удаа шавар тавих нь нэг курс гэж үздэг. Олон тавиулснаар бас сайн байхгүй. Даарч хөрөхөөс авахуулаад гам алдахаас болгоомжлох нь чухал. Нэг өвчнийг дагнаж эмчлүүлж байгаа бол өдөр бүр шавар тавьж болно.
-Нэг удаа шавар тавихад хэдэн минут ордог вэ?
-10-12 минут.
-Багтраа өвчинд Шаргалжуутын рашаан сайн гэж сонсоод гурван удаа явсан ч эдгэсэнгүй. Эсвэл халуун рашаанаар утаж болдоггүй юм уу?
-Рашаан сувилалд эмчлүүлээд зарим хүний гуурсан хоолойн багтраа өвчин зүгээр болдог бол заримынх нь эдгэдэггүй. Астма өвчин нь халдвар, харшлын гаралтай, олон шалтгаантай байдаг. Уг өвчний хэлбэр, явц нь ямар үе шатандаа байгаа зэргээс хамаарч рашаан эмчилгээний үр дүн гардаг. Энэ өвчний үед рашааныг голдуу утах, ваннд оруулах зэргээр хэрэглэх нь элбэг.
-Рашаан сувилалд хоолны эмчилгээ хийх нь үр дүнтэй байдаг гэдэг. Сувилуулагчдыг өвчнөөр нь ангилан тусгай жороор хоол хийж өгдөг байсан. Сүүлийн үед ийм эмчилгээ байхгүй болжээ?
-Зөвхөн рашаан сувилал ч биш, эмнэлэгт ч адил хоолон эмчилгээ бол бүх эмчилгээний үндэс суурь болдог. Эмийн, нөхөн сэргээх болон ардын эмчилгээнд ч ялгаагүй хоолны дэглэм чухал. Энэ уламжлалаа хадгалж ирсэн цөөн байгууллагын нэг нь манай сувилал мөн. 1990-ээд оноос эхлэн эмнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллагууд хоолны эмчилгээнд ач холбогдол өгөхөө больсон юм. Харин сүүлийн нэг, хоёр жилээс энэ эмчилгээнд анхаарч, одоо сэргэж буй нь сайшаалтай.
-Аварга тосонгийн рашаан сувилалд хорхойтой нуур байдаг. Энэ нуур харшил, арьсны өвчинд сайн гэдэг. Энэ талаар?
-Манай орны хувьд Аварга тосон бол арьсны өвчтэй хүнийг эмчлэхэд төрөлжсөн сувилал тул эмгэгтэй хүмүүсийг эмчлэхэд үр дүнтэй нь нэгэнт нотлогдсон. Дэлхийн аль ч оронд ялгаагүй ийм нууранд арьсны өвчнийг эмчилдэг уламжлалтай.
-Нүдэнд сайн рашаан байна уу?
-Манайд нүдэнд сайн рашаан гэж судалсан юм байхгүй. Шаргалжуутад нүдний хэлбэртэй чулуунаас гарч буй рашааныг дээр үеэс нүдний рашаан гэж нэрлэчихсэн, хэрэглэсээр ирсэн. Зарим хүн нүдээ шавшихад өвчин нь зүгээр болчихдог. Тэгэхээр нүдний ямар өвчин бэ гэдгээс шалтгаална. Нүдний өвчний үед орчин үеийн эмийн эмчилгээг хэрэглэх нь дээр гэж зөвлөмөөр байна.
-Олон рашааныг зэрэг ууж болох уу?
-Олныг зэрэг ууж болохгүй. Тэр тусмаа халуун рашааныг амталж уух хэрэггүй. Ванн маягаар хэрэглэдэг. Ер нь рашааныг хэрэглэхдээ эмчийн зөвлөгөөг дагах хэрэгтэй.
-Халуун рашаан бэлгийн замын халдварт өвчнийг анагаадаг гэж сонссон. Энэ талаар?
-Бэлгийн замын халдварт өвчний архаг хэлбэрийн үед рашаан сувиллын эмчилгээг хэрэглэдэг. Ялангуяа шавар эмчилгээ нь үр дүн сайн байдаг. Үүнд, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчний үед рашаан, шавар эмчилгээг өргөн хэрэглэдэг.
-Рашаан уухаар сексийн чадвар сайжирдаг гэж үнэн үү?
-Рашаан сувиллын эмчилгээ нь бие махбодийг сайжруулж, биеийн эсэргүүцэл, чалхыг дээшлүүлж, хүнийг эрүүлжүүлдэг. Хүний сексийн чадавхийг бууруулдаг олон өвчнийг рашаан сувилалд үр дүнтэй эмчилдэг. Үүнтэй уялдаж хүний сексийн чадварыг рашаан эмчилгээ сайжруулна.
Эх сурвалж: Erennews.mn
0 сэтгэгдэл