Ердөө дөрөвхөн хоногийн дараа буюу энэ сарын 12-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын дээд хэмжээний уулзалт Сингапурт болно. Уулзалт орон нутгийн цагаар өглөөний 09 цагт Сентоза аралд болно гэсэн тов гарчээ. Тэгвэл уулзалтын өмнөхөн түүнийг тойрсон олон сонирхолтой асуудал өрнөж байгаагаас түүвэрлэн хүргэж байна.
Дээрэмчдийн аралд уулзана
Сингапурын Сентоза арал өмнө нь далайн дээрэмчдийн эзэмшлийн газар байжээ. Энд далай тэнгисийн дээрэмчид хөнөөсөн хохирогчдынхоо цогцсыг авч ирж хаядаг байсан гэнэ. Энэ домгоос үүдэлтэйгээр Үхлийн дараах арал хэмээх нэр ч авчээ. Харин одоо Сентоза арал нь аялал жуулчлал дээд зэргээр хөгжсөн, уур амьсгал, үзэсгэлэнт байгалиараа алдартай, дэлхийн том том сүлжээ зочид буудлууд үйл ажиллагаа явуулдаг газрын диваажин болжээ.
Энэ арал дээр хэдхэн хоногийн дараа нэгэн түүхэн үйл явдал болно. Тодруулбал, энэ сарын 12-нд БНАСАУ, АНУ-ын удирдагчид болон Ким Чен Ун, Дональд Трамп нар анх удаа биечлэн уулзах юм. Уулзалт орон нутгийн цагаар өглөөний 09 цагт болох бөгөөд "Capella” зочид буудалд энэхүү том үйл явдал болно гэж таамаглаж байна.
"Capella” зочид буудал
Энэ буудалд өмнө нь Цагаан ордны засаг захиргааны орлогч дарга Жо Хаги, Хойд Солонгосын удирдагчийн засаг захиргааны тэргүүн Ким Чанг Сон нар өнгөрсөн сарын сүүлчээр уулзсан. Үүнээс гадна тус зочид буудлын бүх өрөөг олон хоногийн өмнөөс хамгаалалтад авч, хүмүүсийг ойртуулахгүй байна.
Түүнчлэн Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун дээд хэмжээний уулзалтад тавигдах шаардлагадаа амөрикчуудын эзэмшдэггүй зочид буудалд Дональд Трамптай уулзана гэсэн тухай эх сурвалж мэдээлж буй. "Capella” зочид буудлыг Сингапурын бизнесмэнүүд эзэмшдэг юм байна.
Зочид буудлын уулзалт явагдах заал хоёр хаалгатай байвал удирдагчид нэг нэг хаалгаар цуварч оролгүй, зэрэг орж ирэх давуу талтай. Энэ зочид буудалд ч ийм шаардлагыг хангаж буй заал байгаа гэнэ.
Кимийн хоноглох зочид буудал
Сонирхолтой нь уулзалт явагдах зочид буудалд Дональд Трамп ч, Ким Чен Ун ч буудаллахгүй. Энэ бол нэлээд удаан хийгдсэн хэлэлцээрийн үр дүнд гарсан шийдвэр.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны хувьд ‘Fullerton’ зочид буудалд байрлах өндөр магадлалтай байна. Таван одтой тус зочид буудал нь Сингапурын хамгийн шилдэг таван зочид буудлын нэгд тооцогддог. Эдний люкс өрөө 201 м.кв талбайтай, өрөө рүүгээ орохын тулд нууц цахилгаан шатаар өгсөх боломжтой. Үнэ ханшийн хувьд ч бусад зочид буудлынхтай харьцуулбал тун боломжийн. Аялал жуулчлалын сайтуудаас харахад тус зочид буудлын люкс өрөө хоногийн 6000 гаруй ам.долларын үнэтэй байна.
Харин АНУ-ын Ерөнхийпөгч Дональд Трамп Сингапурын "Shangri-La” зочид буудалд байрлах магадлал хамгийн өндөр байна. Тус зочид буудлын байрладаг Орчард-роуд дүүргийг зургаадугаар сарын 10-14-нийг хүртэл "онцгой бүс” болгон зарлаж, хамгаалалтад аваад байна. Тус дүүрэгт хэд хэдэн Элчин сайдын яамнаас гадна алдарт "Shangri-La” зочид буудал байрладаг.
"Shangri-La” зочид буудлын хувьд том зочид хүлээн авч, томоохон уулзапт, форумыг зохион байгуулж байсан туршлагатай. Тухайлбал, гурван жилийн өмнө буюу 2015 онд тус зочид буудапд 2015 онд БНХАУ-ын дарга Си Жиньпин, тухайн үед Тайванийн удирдагч Ма Инцю нарын түүхэн уулзалтыг зохион байгуулж байсан юм.
Үүний дээр Ким Чен Унаас тавьсан, америк эзэмшигчгүй байх гэсэн шаардлагыг хангаснаараа давуу талтай. Уг зочид буудлыг Малайзын бизнесмэн Роберт Куок эзэмшдэг юм байна.
Кимийг хэн даах вэ
БНАСАУ хэдийгээр цөмийн болон пуужингийн зэвсэгтэй боловч шөнийн хэдэн мянган ам.долларын үнэтэй люкс өрөө авах боломж муу. Тиймээс ч Трамп, Ким нар уулзана гэсэн цагаас эхлэн Ким Чен Ун болон түүнийг дагалдан ирсэн хүмүүсийн зочид буудлын үнийг хэн төлөх вэ гэсэн асуудал дэгдсэн.
Хойд Солонгос улс өнгөрсөн хоёрдугаар сараас эхпэн аливаа үйл ажиллагаанд зардал гаргалгүйгээр даалгасаар ирсэн билээ. Тухайлбал, хоёрдугаар сард Өмнөд Солонгосын Пёнчан хотод болсон өвлийн Олимпоор хөгжөөн дэмжигч хүүхнүүд, жүжигчин, дуучин, мөн Ким Чен Уны охин дүү тэргүүтэй улс төрийн томоохон төлөөлөгчдийг хүлээн авсан. Тухайн үед тэдний зочид буудал, хоол, унаа гээд бүх зардпыг Өмнөд Солонгосоос гаргасан юм. Энэ үйл ажиллагаанд 2.6 сая орчим ам.доллар зарцуулсан гэх мэдээлэл бий. Харин Хойд Солонгосын 22 тамирчны зардлыг ОУОХ-ноос гаргасан.
Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр болсон Өмнөд, Хойд Солонгосын төрийн тэргүүнүүд Панмунжом хилийн зурвас дээр уулзсан. Сүүлийн хэдэн жилийн турш тохиогоогүй энэхүү түүхэн үйл явдал нэг өдрийн дотор болсон учраас азаар зочид буудлын зардал гэж гаргаагүй юм. Гэсэн хэдий ч Сөүлээс зохион байгуулалтын зардалд таван сая ам.долларын зарцуулсан гэнэ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын уулзалт эдгээрээс онцлогтой. Өгөөмрөөрөө алдартай Сөүл энд байхгүй. Тиймээс ч нэг хэсэг Америкийн тал бүх зардлыг гаргах тухай яриа гарсан боловч БНАСАУ-аас ирсэн зочдоо гомдоочихно хэмээн татгалзсан гэдэг.
Дараа нь АНУ-ын талаас Сингапурын засаг захиргаанд хандаж, Ким тэргүүтэй Хойд Солонгосын талынхны зардлыг даах хүсэлт гаргасан аж. Үүнийг 'Арслан хот' (Сингапур)-ын Батлан хамгаалахын сайд Нг Энг Хений мэдэгдэл ч баталсан юм. Тэрбээр саяхан Сингапур улс уулзалтыг амжилттай болгохын тулд дээд хэмжээний уулзалттай холбоотой зарим зардлыг гаргахад бэлэн гэж мэдэгджээ. "Бидний гаргах зардал уг түүхэн уулзалтыг үр дүнтэй болгоход багагүй үүрэгтэй" хэмээн сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Сүүлд нь АНУ-ын Төрийн департаментын апбан ёсны телөөлөгч Хизер Науэрт АНУ Хойд Солонгосчуудын зочид буудлын зардлыг төлөх бодолгүй байна, тэд ч энэ талаар хүсэлт гаргаагүй гэжээ. Харин Сингапурын БХЯ-наас тус улсаас гаргахаар болсон зардал нь аюулгүй байдлыг хангахтай холбоотой гэж мэдэгдсэн байна.
Азаар БНАСАУ-ын талынхны зочид буудлын үнийг төлөх нэгэн сайн санаат байгууллага гарч иржээ. Олон улсын цөмийн зэвсгийг устгах кампанит ажил даваа гарагт Хойд Солонгосын төлөөлөгчдийн зочид буудлын зардлыг даахад бэлэн гэжээ. Тэд өнгөрсөн онд Нобелийн энх тайвны шагнал авсан бөгөөд шагналтай хамт дагалдаж ирсэн 1.1 сая ам.доллараа хандивлахад бэлэн гэсэн байна. Тус байгууллагынхан ганц зочид буудлын зардлаас болж энх тайвныг дэлхий дахинаа цогцлоох энэхүү уулзалт гацаанд орох вий хэмээн ихэд болгоомжилж байгаа гэнэ.
Зочид буудал бол санаа зовоох асуудлын зөвхөн нэг л хэсэг. Ким Чен Унд Сингапурт байх хугацаанд зочид буудлаас гадна лимузин хэрэгтэй. АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд төрийн тэргүүний унаа болсон хуягт "Cadillac" лимузинээ ачиж ирэх боломжтой. Харин БНАСАУ-ын төлөөлөгчид Пхеньянаас Сингапур руу авто тээврийн хэрэгсэл авч ирэх төлөвгүй байна. Мэдээж хоёр талаас уулзалдаж байгаа хойно, Хойд Солонгосын удирдагч Цагаан ордны тэргүүнээс дутахааргүй унаатай байх ёстой. Тус улсын талаас ч ийм шаардлага тавьж байгаа юм. Гэвч үүний зардлыг хэн гаргах нь хариултгүй хэвээр үлджээ.
Хуягт лимузинээс гадна Ким Чен Ун Сингапур руу нисч ирэх онгоц муутай. Ким, Трамп нарын уулзалт явуулах газруудын тоонд Сингапурыг багтаасан цагаас л эхлэн шинжээчид Хойд Солонгосын төрийн онгоц, Зөвлөлтийн үеийн Ил-62-ыг Пхеньянаас Сингапур руу нисч чадах уу гэдэгт эргэлзэж эхэлсэн. Тэгэхээр Хойд Солонгос улс гуравдагч орноос онгоц түрээслэх магадлалтай болж байна. Гэвч үүний зардлыг хэн гаргах нь бас л хариултгүй хэвээр үлджээ.
Сингапурын иргэд уулзалтыг угтаж юу хийв
Аливаа нэгэн үйл ажиллагаа зарим талдаа зардал гаргадаг боловч зарим хэсэгт нь эсрэгээрээ ашгаа өгч байдаг.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр Өмнөд, Хойд Солонгосын төрийн тэргүүнүүд Панмунжомд уулзах үеэр Ким Чен Ун оройн зоогт хойдуудын идээний дээд мөстэй гоймонгоор Мүн Чэ Инийг дайлна гэж мэдэгдсэн билээ. Энэ мэдэгдэл гарсан даруйд Сөүлийн ресторануудад мөстэй гоймонгийн дараалал үүссэн.
Ашиг орлого гэдэг ийм л амархан PR-аар явагддаг аж. Тэгвэл Трамп, Ким нарын уулзалтыг угтаад сингапурчууд ч зүгээр суусангүй. Тэд ч бас уулзалтаар брэнд гаргах гэж нэлээд зүтгэжээ. Хамгийн түрүүнд бизнесийн шинэ боломжийг мэдэрсэн газрууд бол Сингапурын хоолны газрууд.
Жишээ нь гэхэд тус улсын нэгэн баар шар айраг, текила, уламжлалт солонгос сөжү, Дональд Трампын дуртай ундаа сахаргүй "Кола”-г хослуулсан шинэ коктейль гарган авч, энд тэндгүй сурталчилж байна.
Бас нэгэн баар "Ким" ба "Трамп” гэсэн шинэ коктейлиуд гарган авчээ. Эхнийх нь сөжүгээр хийсэн улаан өнгөтэй ундаа бол хоёр дахь цэнхэр өнгийн бурбон гол найрлаганд нь оржээ. Эдгээр коктейлийн спиртийн хэмжээ ижилхэн гэнэ.
Тогооч нар ч энэхүү түүхэн уулзалтаас хол хоцорсонгүй. Сингапурын нэгэн зочид буудлын тогооч нар дээд хэмжээний уулзалтыг угтаж "Трамп-Ким” хэмээх шинэ бургер бодож олжээ. Шанзыг нь тахианы махан таташ, кимчи, далайн байцайгаар хийсэн энэхүү бургерыг шарсан төмс, солонгосын уламжпалт будааны ороомог дагалдах юм. Үүн дээр "Дээд хэмжээний уулзалт” хэмээх хүйтэн цай дагалдана. Энэ нь Америк, Баруунд байдаг айс-ти ч солонгос зөгийн бал нэмсэн гэдгээрээ онцлогтой.
Бэлэг дурсгалын дэлгүүрүүд ч дээд хэмжээний уулзалтыг угтаж баяжих аргаа боджээ. Цагаан ордны дэргэдэх онлайн шопын нэг нь Ким, Трампын хөрөг бүхий зоосон мөнгө гаргасан ч уулзалт гэнэт цуцлагдлаа гэхэд авах хүнгүй болж, хохирол амсах дөхсөн билээ.
Тэгвэл Сингапурын бэлэг дурсгал үйлдвэрлэгчид америкчуудыг бодвол илүү бодлоготой, няхуур хөдөлж байна. Тэд уулзалт цуцлагдахаа болилоо, хийгдэнэ гэж энэ сарын 5-нд албан ёсоор зарлах үед л тагтаа, чидун жимсний мөчир, түүнчлэн сарнай, цээнийн цэцэг бүхий "Даян дэлхийд энх тайван оршиг” нэртэй медалийг худалдаанд гаргаж эхэлжээ.
Уулзалтын өмнөх сонин хачин гэвэл нэг иймэрхүү. Хэдхэн хоногийн дараа буюу энэ сарын 12-нд нэгэн түүхэн үйл явдал болох гэж байна.
Э.Мөнхзаяа
0 сэтгэгдэл