АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын тавдугаар сарын сүүлч, зургаадугаар сарын эхээр товлогдсон дээд хэмжээний уулзалт Монгол Улсад зохион байгуулагдах төлөвтэй байна. Энэ бол хоёр орны удирдагчдын уулзах хамгийн өндөр магадлалтай газар гэж Сөүл, Москва дахь дипломат эх сурвалж Оросын "Известия'' сонинд мэдээжээ.
Ийнхүү Улаанбаатар хот түүхэн уулзалт зохион байгуулах магадлалтай болсон нь Монгол Улс АНУ-тай ч, мөн Хойд Солонгостой ч нөхөрсөг харилцаатай, түүнчлэн техникийн байдалтай холбоотой гэнэ. Шинжээчдийн тэмдэглэж буйгаар Пхеньяны агаарын парк хуучирсан болохоор тус улсын төрийн тэргүүн Швед, эсвэл Швейцарьт шууд нисч очиж чадахгүй. Эдгээр хоёр улсыг БНАСАУ, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзах өндөр магадлалтай газар гэж харж байсан юм.
Ер нь Дональд Трамп БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Унтай биечлэн уулзахад бэлэн гэж гэнэт мэдэгдсэн цагаас л дэлхий дахины сэтгүүлчид уулзах боломжтой газруудыг нь жагсаасан гэхэд болно. Харин өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хамгийн өндөр магадлалтай хувилбар болоод байгаа талаар Орос, Өмнөд Солонгосын дипломат хүрээллийн хэд хэдэн эх сурвалж "Известия"-д мэдээлжээ. .
"Өнөөдрийн байдлаар энэ уулзалт Монгол Улсад болох маш өндөр магадлалтай байна. Ким Трампыг Пхеньянд урьсан ч Трамп улс төрийн дотоод байдлаас болж тийшээ очих хүсэлгүй байгаа. Харин Ким Сөүл рүү явахгүй” хэмээн Сөүлийн өндөр албан тушаалын дипломатч мэдэгджээ.
Дөрөвдүгээр сарын 27-нд Ким Чен Ун сүүлчийн мэдэгдэлдээ цөмийн зэвсэггүй болох тухай асуудлыг хөндсөн. Тиймээс ч Дональд Трамп хэлэлцээрээр томоохон амжилт олно гэдэгтээ найдаж байгаа юм. Цагаан ордны тэргүүн өмнө нь Хойд Солонгосын тэргүүнтэй дээд хэмжээний уулзалт, явуулах газраар Швед, Швейцарь, мөн Азийн хэд хэдэн улсын нэрийг дурдсан тухай Америкийн хэвлэлүүдэд бичиж байв. Гэхдээ тэрбээр жагсаалтаас Бээжин, Сөүл, Пхеньян болон хоёр Солонгосын хил дээр орших, өнгөрсөн баасан гарагт хоёр Солонгосын удирдагчдын уулзсан Панмунжом гэдэг газрыг хасчээ. Харин одоо Дональд Трамп Монгол Улсыг уулзалт явуулах №1 газар гэж харж гэнэ.
Шалтгаан нь тун энгийн. Асуудлыг хасах аргар шийдвэрлэнэ. Америкчуудын хувьд Хятад, Орост уулзалт хийхийг хүлээн зөвшөөрөхгүй. Хойд Европ цэвэр техникийн шалтгаанаар энд тэнцэхгүй гэж шинжээчид үзэж байна. Европын аль нэг улсын нийслэлд Пхеньянаас Зөвлөлтийн үеийн онгоцоор, дээр нь түр зогсолт хийж цэнэглэхгүйгээр хүрнэ гэдэг асуудалтай. Жишээ нь АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалт болох магадлалтай газруудын тоонд өмнө нь нэрлэгдэж байсан Стокгольм хүртэл 7.2 мянган километрийн зайтай бол Цюрих хүртэл 8.5 мянган километр болно.
"Хойд Солонгосын төрийн Ил-62 онгоц барагцаалбал 10 мянган километр хүртэл нисэх чадвартай. Онолын хувьд энэ онгоц Европ руу хүрч чадах ч эрсдэл хийгээгүй нь дээр. Агаарын нөөц элэгдэж хуучирсан, ийм онгоцоор төрийн тэргүүнтэй нисэхэд нэг ч баг тохирохгүй. Тэгэхээр тайван, ямар нэгэн зогсолт хийхгүйгээр тийшээ нисэх хэрэгтэй гэсэн үг” хэмээн Сөүлийн их сургуулийн шинжээч, Солонгос судлаач орос Андрей Ланьков мэдэгджээ.
Онгоцоор нисэхээс айдаг аав, өвөөгөөсөө ялгаатай нь Ким Чен Ун нисэхээс огт айдаггүй төдийгүй өөрөө нэг бус удаа онгоцны хүрдний ард сууж үзсэн нэгэн. Гэхдээ тэрбээр БНАСАУ-ын удирдагчийн хувиар хилийн чанад дахь анхны айлчлалаа БНХАУ-д хийхдээ гэр бүлийн уламжлалын дагуу хуягт галт тэргээр явсан. Яг энэ аргаараа буюу төмөр замаар Улаанбаатарт хүрч болно.
Монгол Улсын хувьд зөвхөн ложистик төдийгүй улс төрийн хувьд ашигтай байрлал гэж Оросын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн Солонгос, Монголын хэлтсийн удирдагч Александр Воронцов үзэж байна. "Монгол Улс Хойд Солонгостой ч, мөн Өмнөд Солонгос, АНУ-тай ч хэвийн харилцаатай цөөхөн орнуудын нэг хэмээж, Хойд Солонгосын тухай асуудалд зуучлагчийн үүргээр оролцох саналыг үргэлж идэвхтэй тавьсаар ирсэн улс. Энэ чадамж нь ч шаардлагатай" хэмээн шинжээч мэдэгджээ.
Монгол Улсын ГХЯ-ны хэвлэлийн алба энэ асуудлаар "Известия”-д тодорхой тайлбар өгөөгүй байна. Түүнчлэн хоёр талтай эн тэнцүү харилцааг дэмждэг бас нэг улс нь Сингапур. Тус улс өнгөрсөн долоо хоногт Дональд Трамп, Ким Чен Ун нарын уулзалт магадлалтай газрын товч жагсаалтад орсон юм. Ложистикийн хувьд (Пхеньянаас тус хот улс руу нисэх боломжтой) төдийгүй улс төрийн агуулгаараа ч, томоохон, олон тооны уулзалт хүлээн авдаг туршлагаараа ч, тохиромжтой дэд бүтцээрээ ч Сингапур улс тооцоонд багтаж байна. Тухайлбал, Сингапур улс 2015 онд БНХАУ, Тайванийн удирдагчийн түүхэн дэх анхны уулзалтын талбар болж байсан юм.
Гэвч Сингапурын ГХЯ сайд Вивиан Балакришнаны саяхан Британийн ВВС агентлагт өгсөн мэдэгдлээр "Известия'' тайлбар авчээ. Сингапурын гадаад хэргийн сайд мэдэгдэхдээ аль ч тал дээд хэмжээний уулзалт зохион байгуулах тухай санал тавьж хандаагүй гэнэ. Харин тус улс өөрсдөө талбар болгох санал тавьж, "уурын тэрэгний урдуур гүйхийг хүсээгүй” гэжээ.
Өглөөний сонин
Э.Заяа
5 сэтгэгдэл