Монгол Улсын Засгийн газар хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр, боловсруулах үйлдвэрүүдээ түүхий эдээр тогтвортой хангах зорилт тавьж, "Мах сүүний анхдугаар аян”-ыг 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс орон даяар өрнүүлж эхэлсэн.
"Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриан дор болж байгаа аяныг "МДМ” ХХК дэмжин, хуурай сүүний жижиг оврын төхөөрөмжөө аймгуудын сүү үйлдвэрлэгч, фермер, хоршоологч, мэргэжлийн холбоодын төлөөлөл, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтнуудад танилцуулж, сургалт-хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сургалт-хэлэлцүүлгийн нээлтэд оролцож, хуурай сүү үйлдвэрлэх төхөөрөмжтэй танилцав. Шингэн сүүг хатаах зориулалттай, Японд үйлдвэрлэсэн энэ төхөөрөмж ажлын 8 цагт тухайн орон нутгийн сүүний хангамжаас шалтгаалж 240-600 литр сүү боловсруулах хүчин чадалтай юм.
"Манай улс 60 гаруй сая малтай ч гадаадаас хуурай сүү импортоор авдаг. Энэ төхөөрөмжийг орон нутагт ажиллуулснаар байнгын худалдан авагч, хэрэглэгч бий болно. Энэ хэрээр зах зээл дээрх үнэ тогтворжиж, малчин айл өрх ч өдөр тутмын орлоготой байх боломж бүрдэнэ. Цаашид хуурай сүүнийхээ хэрэгцээг дотооддоо хангаж улмаар экспортод гаргах хэмжээнд очих зорилт тавьсан. Монголчууд хийж чаддаг зүйлээ өөрсдөө үйлдвэрлэе, хийсэн бүтээгдэхүүн маань иргэдийн хэрэглээ, шаардлагыг хангасан байх ёстой” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэв.
Хуурай сүү үйлдвэрлэх энэхүү төхөөрөмжийг 2017-2025 он хүртэл хугацаанд нэвтрүүлснээр 6000-8000 тогтмол ажлын байр бий болно гэж тооцоолж байна.
Манай улс иргэдийнхээ хэрэглээнээс гадна жилд 400 гаруй сая литр шингэн сүү боловсруулах боломжтой. Гэвч түүхий эд бэлтгэх оновчтой тогтолцоогүй, техник, технологи хуучирсан, эргэлтийн хөрөнгө тааруу зэрэг шалтгаанаас болж сүү боловсруулах үйлдвэрүүд хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг л ашигладаг. Жил бүр 4000 гаруй тонн хуурай сүү импортоор авч хэрэглэдэг бөгөөд энэ нь шингэн сүүнд шилжүүлэн тооцвол 35 орчим мянган тонн гэсэн үг юм хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
2 сэтгэгдэл