Үндэсний эв нэгдэл...
Олимпийн аваргаа өлгийдсөн он цагийн тэр өдрүүдэд монгол үндэстэний эв нэгдэл дээд цэгтээ хүрч тэр чигээрээ явсан бол тив дэлхийг ч дахиад эзлэх нь энүүхэнд байлаа. Эвтэй байхдаа хүчтэй монголчууд бид өнөөдөр харин харилцан буулт хийж эвлэрэх уучлах ухаарах замаар үндэснийхээ эв нэгдлийг хангахгүй бол баруун зүүн хойд урд их гүрнүүдийн тасдаад хуваагаад тас цавчаад залгиад байдаг Ромын империйн дүрмийн тоглолт хөлд нь үрэгдчих вий дээ.
Үндэсний эв нэгдэлд монгол хүн бүр би би гээд дайраад байлгүй бие биедээ зам тавиад өгч чаддаг сэтгэхүйтэй болсон үедээ амархан хүрэх боломжтой. Сэтгэхүйн хувьсгалч нь сэтгэл зүрхээ хараал зүхэл хар пиар хар санаа бодлоос ангижруулж, хажуудаа дандаа гэрэл гэгээтэй зүйлийг цацруулж өөрийн өөрчлөлтөөрөө өрөөлийг хувиргаж чаддаг хүнийг хэлнэ.
Ардчилсан намаас ялалт авчирсан шинэ ерөнхийлөгч маань үндэсний эв нэгдлийг хангагч гэдэг утгаараа ч нам улс төр харгалзахгүйгээр Ардын намын Хулан, Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас Уянга нарыг албан ёсны зөвлөхөөрөө томилж, иргэний нийгмээс аюулгүй байдал судлаач Чулуунбат, авилгалын эсрэг тууштай тэмцэгч хуульч Туяацэцэг нарыг татан мэргэжлийн шинжээчээр ажиллуулж байгаа нь үндэсний эв нэгдлийн эхлэл сайн үйлсийн жишиг яах аргагүй мөн.
Ардчилалынхан 1990 оноос хойш тархай бутархай тав зургаан нам байж байгаад 2000 онд Энхбаярт далан хоёр суудлаар дал мөрөөрөө цэвэр тавиулсан хойноо л сая ухаарч эвлэлдэн нэгдсэн тэр цагаас хойш монголын улс төрд тасралтгүй үзүүр түрүүнд явж байгаа нь эв нэгдэл ямар хүчтэй болохыг харуулж байгаа юм. Энэ бол яахав дотооддоо, харин гадаадынханд цэвэр тавиулаад өнгөрсөн хойно нь бид хоёр дахь удаагаа ухааръя, эвлэлдэн нэгдэе гэсэн ойлголт байхгүй одоо л ойлголцохгүй бол дахиад хэзээ ч байж мэднэ. Энд эцэг өвгөдөөс өвлүүлсэн эрх чөлөө газар шороо тусгаар тогтнолын асуудлыг ярьж байгаа бөгөөд ахмад үеийнхээ асар их үнэ цэнэ цус хөлсөөр олсон аз жаргалаа бид талцаж байгаад зүгээр нэг тавиад туучмааргүй байна.
Монгол Улсын мөнхийн эрхэм зорилго нь туурга тусгаар оршин тогтнох явдал бөгөөд үндэсний эв нэгдэл бол түүний тулгуур багана, монгол үндэстэний хөгжил цэцэглэлтийн гүүр, элэг нэгтнүүдээ эх орон лугаа татах соронз, их монгол гүрнээ байгуулах үндэс, Чингэс хаан шигээ тэнгэрээс заяах лидераа гаргаж ирэх угтвар, Сүхбаатар жанжин шигээ хэлсэнчлэн цэнгэлийн манлайд хүрэх зам нь юм.
Хорь гучин намуудыг үзэл бодол үүх түүхээр угшил угсаагаар нь нэгтгээд хоёрхон хүчтэй нам болгоод хоорондоо бие биенээ хянасан шиг байлгаж байгаад бүр цаашлаад зөв нь буруугаа идээд ганцхан монгол нам байсан ч буруудахгүй. Гэхдээ дангаар ноёрхож даргын зөөлөн суудал авилга оффшор мөрөөдөж байгаа бол ёстой тэрүүн шиг худлаа юм байхгүй шүү, дэлхий нийтийн чиг хандлага тэс ондоо болсон өнөө үед, ард түмэн өргөл барьцанд нугасгүй дарангуйлагч хаантнаа өргөмжлөдөг бус харин өөртөө үнэнчээр зүтгэх боол-төрөө өөрөө сонгож огцруулж түүний ажлын хөлс унаа унаш утасны мөнгийг ч кармаанаасаа гаргаж гагцхүү үнэнч шударгаар сайн ажиллахыг л шаардаж илжиг шиг эдэлдэг болсон цаг, өөрийн буруугаас бүү хэл өрөөл найзаасаа болоод өмнөд солонгосын ерөнхийлөгч шиг яллагддаг болсон цаг гэдгийг ирээдүйн лидерүүд улс төрчид маань эрхбиш ухаарч байгаа байлгүй. Эс тэгвээс ард түмэн нэг л өдөр оймсийг нь гозолзуулж, нэгний өдрөөс ч дор юм болгохоо хэнээр ч заалгахгүй мэднэ.
Үндэсний эв нэгдэлд наад зах нь Намбарын хүү нь МАН-тайгаа нэгдээд, Ногоонтон Зоригтонгууд АН-тайгаа авцалдаад МАНАН гэж энэ мангасыг намнаад өгөх нь монгол түмний хүсэл мөрөөдөл. Бүр буруугаар бодоход л хоёр жилийн өмнөх энэ өдрүүдэд намын баяраа хамтдаа тэмдэглэсэн шигээ үргэлжлүүлээд хамтдаа шараа тайлаад явсан бол өдийд мань хоёр нэгдчихсэн засаг төрийг тэр чигт нь атгачихсан Үндсэн хууль, том төслүүдээ хурууныхаа үзүүрээр хөдөлгөсөн шигээ хоёр Энх нь өнөөдөр хойд хөршийн хос лидер шиг маадайж суухыг үгүйсгэхгүй. Гэхдээ огтгүйгээс оройтсон нь дээр буюу орос ардын лучше поздно чем никогда гэсэн үг бий.
Эвлэлдэн нэгдэхийн тусыг эрүүл монгол хүн бүр ухаарахын цагт эв нэгдлийн бамбарыг асаах хувьтай, мангас шиг МАНАН-царуудаас тэс ондоо сэтгэхүйтэй, тэрхүү ирээдүйн лидер маань тэнгэрийн зараал түмний хүслээр удахгүй төрөхөөр хаа нэгтээ дуншиж байгаасай.
Монгол түмнийг Заяа нь түшиг!
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт
1 сэтгэгдэл