|

Монгол бүсгүйчүүд илүү хорон үг хайгаад хэрүүл уруулд шөвөлзөхийн оронд хурдхан гарч, зэл хотоо цэгцлэх зэргээр тайвшрал ухаарлыг олдог

 Монгол бүсгүйчүүд илүү хорон үг хайгаад хэрүүл уруулд шөвөлзөхийн оронд хурдхан гарч, зэл хотоо цэгцлэх зэргээр тайвшрал ухаарлыг олдог
 

3. УХААНЛАГ ТУНГААЛТ. Ер нь бодол ухаан үйл хэргийн шүүс, шар усыг шахаж бяслагал хийх, гурван цагийн нийцэл тунгаал үйлдэх ёс нь хөлөө завилж, гараа хавсарч суугаад нүдээ анин бүхнийг эргэцүүлж тайвширдаг шашинжсан харь арга биш юм. Тэр нь олон ядуус гуйлга гуйсан өлөн зөлөм үй олны хэрүүл хараал, үймээн шуугианаас хол газрыг сонгон санаа амар сууж сайн муугаа тунгаахыг хичээх харь арга, олз ашгийн овсгооноос тэс өөр гэдгийг өмнө цухас өгүүлсэн. Тухайлбал хүнд үе тулах, эр нөхөртэйгээ эвдэрч муудалцах зэрэгт Монгол эмхтэй хүн арагаа үүрээд аргалд явдаг. Аргал хайж, аясын салхинд тайвширч, дээдсүүдээ дурсан, үеийн охид хүүхнүүдийнхээ жишээ ээж эгч нарынхаа сургаалыг бодон одоо цагаа үнэлэх, ирээдүй өдрүүдэд иймд ахин хүрэхгүй байх ухаанаа олох, ачаанд хүндэрсэн араг нурууг нь холгон дарж иллэг засалболох хичээл зүтгэлд дадаж, сэтгэл санаа бодол ухаанаа цэгцэлдэг. Эрчүүд нь өдөржин морины нуруун дээр адуу хонины билчээрт аж амьдрал ааш зан, алсын зорилгоо өдөржин тунгаах эрдэм Монголчуудад заяажээ. Түүний буруу, миний буруу, бид хоёрын буруу гэх нь тунгаалтын амин сэдэв бөгөөд эндээс бурууг зөв, худлыг үнэн, бузрыг ариун болгох чин санаа хэрэгжинэ. Өдөржингийн ТУНГААЛТ нь нүүдэлчдийн ухаан(ухах), эрдэм(эрдэх) гаргалгааны үндэс байдаг. Эндээс УХААНЛАГ гэдэг нь ГУРАМСАН ҮНЭНТЭЙ ОРШИХУЙ г сэхээрч, гурвал онолоо нээж аж төрөл, ахуй соёлдоо бүрэн хэвшүүлж ёс заншил болгосон өнө удаан он цагуудын тэртээгээс эхтэй явц юм.

 

Тэрсэж биш, үр хүүхэд ирээдүй хойчоо бодон ЭВ,ЭЕ ээ олж аж төрөх тулгын гурван чулуу мэт ТУНГААЛТ нь УХААНЛАГ болно. Хоёрын ЭВ гурав дахьтай нийцэхийг ЭЕ гэнэ. Эе бол ухааны үр дүн бөгөөд эндээс эвтэй найртай байх, эерүү хандлага, эелдэг харьцаа бий болдог. Тэгэхээр УХААНЛАГ ТУНГААЛТ буюу юмыг ул суурьтай тунгааж байх нь ухаан түүний гаргалгаа бөгөөд энэ нь ГУРВАЛ( цогц) үнэнтэй байх ЭЕСЭЛ болно. Хоёр намынх ЭВСЭЛ, гурав ба түүнээс олонлог бол ЭЕСЭЛ гэсэн утга. БАЛАРЛАГ, БААТАРЛАГ, УХААНЛАГ төлөвүүд хүний нийгмийн түүхэн үечлэлийн ерөнхий түгээмэл үнэлэмж мөн билээ. Эндээс тулгын гурван чулуу гэх мэт Монгол оноолт, тунгаалтын гурамсан сэдэхүйн аяс ургасан байх магадлалтай. Монголчуудын танилт тунгаалтын эрдэм ухааны үндэс язгуур нь өөрийн ухааныг ухах, ойгоо ойлгох, орчин тойрон, айл гэр, адуу мал, хөрөнгө өхуй байдал, аж төрөл, элгэн садан, аав ээж, саахалт билчээр хамаг зүйлээ эргэцүүлэн үнэлэмж дүгнэмж өгөх улмаар тэдгээрт таарч тохирсон хариу зөв үйлдэл, зөөлөн сэтгэл, зөн билгийг олох эрдэм ухаан болно. Тийм бололцоог нүүдэлч малч түмэнд ахуй байдал нь бий болгодог бөгөөд энэ нь өргөн цараатай сэтгэх, үнэн сэтгэл санаагаа илчлэх, бодож таньж тунгаасан сэцэн мэргэн тайлал үгээ мэдүүлэх өргөн боломж олгодог.

 

Жишээ нь суурин иргэдэд нэг юм бодох гэтэл таньдаг хүн тааралдаж аар саарыг ярих, гуйлгачин дээрэмчин хулгайч нараас болгоомжлох, хэрэлдэх муудалцах, хүн юм асуух, зодоон нүдээн алалцах хулгайлахыг хаоах, садар самуун орчны илрэлд өртөх, хууртах гээд мөнхийн арцалдаан тэрсэлдээн дунд аж төрдөг учраас тэд бодсон тунгааснаа тов тод хэлэх боломжгүй, тархины үйл ажиллагаа нь ихэнхи цагаа ийм хэрэггүй зүйлд зардгаас ухаан бядуу мэт. Чухам иймээс Энэтхэг зэрэг сая сая хүмүүсийн орилоон хашгиралдаан, шуугиан дундаас залхаж мэдрэлийн халшралд автахдаа хотоос зайдуу чимээ шуугиангүй бодох сэтгэх боломж хайсан нь тэр йог бясалгал энэ тэр гэх газрууд юм. Үнэндээ тэнд завилж алга хавсарч сууснаар их ид шидийг одох биш гагцхүү самуурсан тархи, ой ухаанаа төвлөрүүлж хэрэгтэй зүйлийг эргэцүүлэн таних тунгаах гэсэн зорилго бүхий агуу ухаан эрдэм болох. Ер нь Монголчуудын ухаанлаг удамтай гэдгийн гол үндэс язгуур энд эчин нуугдаж байдгийг тэмдэглүүштэй.

 

Түүнээс биш Монголчууд хүн төрөлхтнөөс илүү ухаантай биш, харин тунгаалтын илүү арга ухаантай, сэтгэлгээний гурамсан тогтолцоотой гэдгийг цухас дурдсу. Тодруулж хэлбэл, Монгол хүний хонь малаа хариулах, эрэлд явах, бүсгүйчүүд аргалд араг үүрэн явах, усанд сав суулга барин явж гол горхи булаг шанданд очиж суух зэрэг нь бүгд танилт тунгаалтын их эрдэм ухаанд хичээнгүйлж байгаа үйлдлүүд болно. Иймээс Монгол хүн эрэлд, хонь малд явахдаа дандаа ганцаараа ертөнцийг эзэгнэн оддог. Хоёр хүүхэн зэрэгцээд аргал, усандаа явдаггүй ёс заншлын шаардлага чухам энд байсан гэдэг. Нөхөртэйгөө тар тур хийж үг зөрлөө гэхэд Монгол бүсгүйчүүд илүү хорон үг хайгаад хэрүүл уруулд шөвөлзөхийн оронд хурдхан гарч арагаа аван хээрлэх, зэл хотоо цэгцлэх, аргал түлшээ эргүүлэх, хураах хумих зэргээр тайвшрал ухаарлыг олдог эрдэм Монгол ёс мөн.

 

Түүнийг эзгүй салхи, энгүй тэнгэр, уул, тал хөндий угтах бөгөөд тайвшралыг өдөөх мэт хааяа нэг бялзуухай чогчиго жиргэх нь алсад зээр гөрөөс, хаданд аргал, янгир сэрийлцэн байх нь уур уцаар бухимдал гомдлыг аяндаа хийсгэн одох. Иймээс Монголчууд тэнгэр шүтлэгийг эцэг гэж, газар шүтлэгээ эх хэмээн хүндлэн тахидаг өвөрмөц шүтээнтэй ард түмэн юм. Тэдний таньснаар бурхан гэж бий. Тэр нь "БИ" Бурхныг төрүүлсэн аав ээж гайхамшиг тул асрал энэрлийн дээд, хайр хүндэтгэлийн дээж бүхнээ тэдэндээ бүрэн зориулах ёстой гэж үздэг. Бурхны орон бол өөрийнх нь төрсөн нутаг, их эрч хүчний дээд гэж нутгийн гурван чулуугаар сахиус хиых ём одоо ч үлдэц нь харагддаг билээ. Монгол хүний гени(цус)- нд шингэж ой санамжид нь удамшсан энэхүү ТАНИЛТ ТУНГААЛТЫН эрдэм онол тэднийг ямар улс орон хаана ч явсан СУРАМХАЙ, ОВСГООТОЙ, УХААНТАЙ, АЖИГЧ, ӨӨЧ орчноо таних тунгаахдаа гаргуун байлгадаг учраас уг нөхцөл байдалдаа дасамтхай гэгддэг билээ. Энэ бол хэн нэгэн ухаантай хүний зохиосон үзэл төсөөлөл биш өвөг дээдсээс удамшсан ТАНИХ, ТУНГААХ төрөлх ҮНДЭСНИЙ ОНОЛ болно.

 

Нүүдэлчид тэр дундаа Монголчууд хүн төрөлхтөнд ой ухаан бэлэглэсэн юм гэдэг тодорхойлолтын нууцын эхлэл ийн хадгалагджээ.

Үргэлжлэл бий.

"Монгол ухаан 9- н эрдэм" номноос

Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү



0 сэтгэгдэл