|

Насаараа улсын төсөв бүрдүүлчихээд ганц жил тэтгэвэр авч чадалгүй насан эцэслэх нь

Насаараа улсын төсөв бүрдүүлчихээд ганц жил тэтгэвэр авч чадалгүй насан эцэслэх нь

 

Монгол Улсыг эдийн засгийн хүндрэлээс гаргах олон арга замуудын нэг нь Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах. Тэгвэл Засгийн газар эхний ээлжинд ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах арга замыг сонголоо. Энэ хөтөлбөрт хамрагдаж, валютын сангаас тавьж буй шаардлагуудыг биелүүлснээр тодорхой мөнгө авч түүгээрээ дунд болон урт хугацааны төсвийн алдагдлыг нөхөхөөр болоод байна. Хөтөлбөрт хамрагдсан учраас төсвийн алдагдал шат дараатай буурах нь мэдээж. Гэвч олсон орлогоосоо давсан зарлагыг Сангийн сайдын 2017 оны төсвийн тодотголд тусгажээ. Зарлагыг бууруулахын тулд зарим таналтуудыг хийх ёстой. Үүнийг ч валютын сангийн хөтөлбөрт тусгасан байгаа.

 

 

Гэвч зарлагын таналт байгаа оносонгүй гэж харагдах боллоо. Төрийн данхар бүтцийг бууруулахгүй, төрийн байгууллагуудын үр ашиггүй зардлуудыг танахгүй хэрнээ тэтгэврийн насыг уртасгах замаар таналт хийхээр болж. Тодруулбал, тэтгэврийн насыг 65 болгож, нэмэгдүүлэхээр төсвийн тодотголд тусгасан байгаа юм. Үүнийг эсэргүүцэх, буруутгах хүмүүс маш олон байна. Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 30 орчим хувийг /840 мянга/ 20-30 насны залуус эзэлж байна. Гэвч эдгээр залуусын дийлэнх нь ажилгүйчүүдийн тоог бүрдүүлж байгаа юм. Тэгвэл нөгөө талд буюу 55-аас дээш насны 310 гаруй мянган ахмадууд бий гэсэн статистик мэдээлэл байна. Эндээс Засгийн газар валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүн амын 30 хувийг үл тоож, 10 хувийг цуцтал нь ажлуулах дүр зураг харагдаж байна л даа.


Мэдээж ахмадууд гавьяаныхаа амралтыг авч залуу үедээ ажил мэргэжлээ өвлүүлэн үлдээх байгалийн жам ёс юм. Гэтэл эдийн засгийн хүндрэлээс гарч, төсвийн зарлагыг бууруулах зорилгоор ахмадуудаа тэтгэвэрт гарах хугацааг нь сунгаж, нөгөө байгалийн жам ёс гэгчийг нь зөрчөөд эхэллээ.


Эндээс өөр нэг зүйл ажиглагдаад байгаа юм.Монгол хүний дундаж наслалт 2015 оны байдлаар 68.5 байсан. Үүнээс эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66. Харин эмэгтэйчүүдийнх 75.8 байв.

 

 

 

Тэгэхээр 65 настай ахмад нэг жил тэтгэвэр аваад ертөнцийн мөнх бусыг үзүүлэх нь байна. Насаараа нийгмийн даатгал төлчихөөд ганц жил л тэтгэвэр авсан болоод дуусах нь байна шүү дээ. Засгийн газар тэтгэврийн насыг нэмэгдүүлж, ахмадууддаа аль болох бага хугацаанд тэтгэвэр өгөхөөр төлөвлөсөн юм уу гэх ойлголтыг бас өгч байна. Бодвол валютын сан "Ахмадуудаа богино хугацаанд тэтгэвэр өг. Тэгвэл төсвийн зарлага багасна” гэж зөвлөсөн юм байлгүй дээ. Үүнийг харсан бидний үеийнхэн нийгмийн даатгал төлөхөөс татгалзах хандлагатай болж байна. Нийгмийн даатгал төлсний үр шим өтөл насандаа л хүртэх л байсан. Гэвч Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн өргөн барьсан тодотголоор улсаас сохор зоос ч авч чадалгүй насаараа төлбөр төлсөөр дуусч мэдэхээр байна.

 

 

Хүн төрөх нь үнэн, үхэх нь ч үнэн. Гэхдээ энэ хоёр үнэний заагт амьдрал оршин байдаг. Ихэнх хугацаагаа ажиллаж, хөдөлмөрлөж, үр хүүхдээ өсгөж торниулахад зарцуулж, багахан хугацаанд нуруугаа тэнийлгэж, ханийнхаа цайг ууж суудаг биз. Гэтэл Монгол Улсын Засгийн газар цай ууж суух тэр хугацааг нь хүртэл ашиглахаар улаарч байгааг харахад үнэхээр халагламаар.

 

Бид насжилт өндөртэй Япон, Канад зэрэг улсад амьдраагүй шүү дээ. Залуу насаа хүнд хүчир хөдөлмөрт нухлуулсан ахмадууд минь үлдсэн хэдэн жилээ ач зээгээ эрхлүүлж, үр хүүхдийнхээ халамжийг эдэлж, улсад хөдөлмөрлөсөн үр шимээ л хүртэхийг хүсч байна. Гэтэл тэтгэвэрт гараад маргааш нь тэнгэр өөд зорчихоор болчихоод байна.

Ийм л хүйтэн шаардлагыг Олон улсын валютын сангаас тавьж, түүнийг нь хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар тэмүүлж байна.


Гэхдээ төр түмнээ төлөөлж, сонгогчдынхоо дуу хоолой болж буй хүмүүс 76 дунд олон бий. Өөрөөр хэлбэл Засгийн газрын өргөн бариад буй энэ хүнлэг буй асуудлыг таслан зогсоож, эцэг эхдээ амрах боломж олгох улс төрчид олон бий гэдэгт итгэж байна.


Үндэстэн агентлаг

1 сэтгэгдэл