С.Баярцогтын оффшор дансанд 9.2 сая ам.доллар байгаа нь нотлогдсон талаар Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооныхон мэдэгдлээ.
Энэ талаар МБОТХХ-ны дэд тэргүүн Ц.Туяацэцэг "С.Баярцогтын оффор данстай холбоотой асуудал араасаа үргэлж маргаан дагуулдаг.
Одоогийн байдлаар тэрбээр Швейцарийн "Credit Suisse” банкны дансанд 9.2 сая ам.доллар нуусан нь нотлогдсон. Энэхүү мөнгө 2009 оны аравдугаар сарын 27-нд С.Баярцогтын оффшор дансанд орсон байна.
Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциумаас С.Баярцогтыг "Credit Suisse” банкинд нэг сая доллартой офшор бүсэд компани байгуулсан гэсэн мэдээлэл 2013 оны дөрөвдүгээр сарын 6-нд гарсан.
Тухайн үед манай холбоо энэ хэргийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлт гаргасан ч АТГ-аас 2013 оны зургадугаар сарын 17-нд энэ хэргийг хаасан.
Харин 2015 оны арванхоёрдугаар сард бид Олон Улсын байгууллагад хандаж, шаардлагатай бүх нотлох баримт, материалуудыг гарган өгч, 2016 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Швейцарь улсын Холбооны Улсын Шүүхэд эрүүгийн хэргийн 305 дугаар зүйл буюу мөнгө угаасан гэх хэрэг үүсгэн С.Баярцогтыг сэжигтнээр татан шалгаж байгаа. Нийт 27 баримт явуулсан.
Үүнийг шалгаж үзээд, бидэнд ирсэн материалаар С.Баярцогтын оффшор дансанд одоогийн байдлаар 9.2 сая ам.доллар байгаа нь нотлогдсон.
Түрүүн хэлсэнчлэн энэ мөнгө 2009 оны аравдугаар сарын 27-нд С.Баярцогтын дансанд орсон нь их учиртай. Яагаад гэвэл 2009 оны аравдугаар сарын 27-ны энэ өдөр Оюу Толгойн гэрээг үзэглэсэн цаг хугацаатай яг цав давхцаж байна.
Түүгээр ч үл барам С.Баяр Ерөнхий сайдын албан тушаалаа өгч байх үетэй давхацсан нь тохиолдлын зүйл биш нь тодорхой. Тиймээс ийм хэмжээний их мөнгийг С.Баяр ч бас Оюу Толгойгоос авсан байхыг үгүйсгэх аргагүй.
С.Баярцогтын оффшор данстай холбоотой асуудлыг шалгуулахдаа бид анхнаасаа Оюу Толгойгоос шилжүүлсэн байж магадгүй гэж үзэж байсан.
Одоогоор энэ хэрэг хянан шийдвэрлэх шатандаа явж байгаа учраас үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
Мэдээж бидэнд үүнээс илүү их мэдэж байгаа зүйл бй. Хууль хяналтынхан нягталж, шалгаад тодруулсных нь дараа албан ёсоор дахиад мэдэгдэнэ” хэмээлээ.
Сонирхуулахад, С.Баярцогт оффшор бүсэд данс нээлгэх санаа хэрхэн төрсөн талаараа "Зарим хүн надаас "Газар тарайлангийн компанитай байж яагаад гэнэт ийм данстай болсон юм бэ” гэж гайхаж асуудаг.
Би 2004-2006 Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж, их завгүй байлаа. Харин Засгийн газар огцорсны дараахан сагсан бөмбөг тоглож байхдаа хөлөө нэлээн хүнд хугалсан юм.
Бэртлийн улмаас интернэт ашиглахаас өөр хийж чадах зүйл ховор байлаа. Тэр үед манай зарим найз интернэтээр бизнес эрхлэх санал надад тавьсан юм. Тэгээд л 2008 онд Хонконгод явж байхдаа оффшор бүсэд данс бүртгүүлсэн.
Оффшор компани бүртгүүлэх 30-хан минутын асуудал юм билээ. Харин дансаа хаахад зургаан сараас нэг жилийн хугацаа шаарддаг. Гэхдээ би тэр нээлгэсэн дансаа огт ашиглаж чадаагүй.
Миний ойлгосноор 2001 онд АНУ-ын ихэр хоёр барилгыг мөргөсний дараа сэтгүүлчид алан хядагч, хар тамхи наймаалдаг хүмүүсийн мөнгө хаагуур дамждагийг эрэн сурвалжилж эхэлсэн юм билээ.
Тэдний ихэнх нь оффшор бүсэд бүртгэлтэй компаниудаас үйлчилгээ авдаг байсан юм байна. Улмаар сэтгүүлчид 2012 онд Сингапур, Хонконгод бүртгэлтэй оффшор данстай компаниудыг албан ёсоор зарласан.
Тэгэхэд нь миний бүртгүүлсэн компанийн мэдээлэл ил болсон. Тухайн оны гуравдугаар сард Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооныхон надтай холбогдон, асууж, тодруулах зүйл байгаагаа илэрхийлэхэд нь би очиж уулзсан” хэмээн өгүүлсэн.
Мөн тэрбээр улстөрчид оффшор данстай байх асуудлын талаар та ямар бодолтой явдаг талаараа "Гэмт хэрэг биш шүү дээ. Зүгээр л энгийн бизнес.
Батзандан, Одонтуяа гишүүн хоёр гадаадад данс нээхгүй байх хуулийн төсөл санаачилж байгааг нь би дэмжиж байна. Мөн оффшор дансны асуудлаар улстөрчдийг намнадаг буруу тогтолцоо надаар дуусаасай гэж хүсдэг” хэмээсэн байдаг.
0 сэтгэгдэл