Монголын казакууд нь Түрэг угсааны үндэстэн юм. Казак гэдэг нэрийн хувьд Казах, Хасаг гэх мэтээр олон дуудагддаг. Хасаг хэмээн дуудахад казакууд ихэнхдээ дургүйцэж монголчууд хятадуудыг хужаа гэж дууддагтай адил юм.
Казакууд одоогоос 120 гаруй жилийн тэртээ Алтайн нурууг даван нүүдлэн ирсэн гэж өөрсдөө ярьж бичих нь олон. XIX зууны эхэн хагаст одоогийн Баян-Өлгий аймаг байсан газарт нэг ч казак айл байгаагүй бөгөөд дан ганц Урианхайн нутаг байжээ.
Урианхай Казак хоёр бол хоёр өөр үндэстэн хийгээд түүхэн үйл явцын дүнд бий болсон үндэстэнүүд юм. Монголын казакууд нь одоогийн ойлгоод байгаа Казакстанаас бус харин Шинжанаас тасран ирсэн байна. Тэд XIX зууны дунд үеэр Алтайн өвөрөөс Шинжан хүртэл нутаглан зуны улиралд Алтайн нуруу даван Урианхайн нутаг луу орж ирэн зусаж намар нь Алтайг даван ургаш нүүдэг байжээ. Тэд Шинжаны Бухтарм голын эх Эрчис мөрөн хавиар нутаглаж байсан байна. Баян-Өлгийн өнөөгийн казакууд чухамхүү эндээс л тасран наашаа гарсан байна. Казакууд Алтайг даван наашаа орж ирсэн явдал нь дараах хэд хэдэн шалтгаантай байжээ.
Үүнд:
1. 1850-иад оны үед Хятадад Тайпины бослого гарч үүнийг дагаад Мусульман шашинтнууд ч гэсэн даган хөдлөж энэ нь Шинжаныг бүхэлд нь хамарч дайн дажинаас дүрвэсэн хүмүүс алтайг давахад хүргэсэн бололтой.
2. Бас нэг шалтгаан нь овог хоорондын зөрчил байсан бөгөөд жижиг дорой овогууд нь бусад овогийнхоо эрхшээлд орохгүйн тулд Алтайн зүг зугтсан байна.
3. Гуравдахь гол шалтгаан нь XVIII зууны дунд үе гэхэд Алтайн уулархаг нутагуудад Манжийн ноёрхол арай л хүрч амжаагүй байсан бөгөөд энэ нь эрх чөлөөг хайн ирсэн хүмүүст аятай сайхан газар байсан юм. Казакууд алтайг даван орж ирээд мал маллахад тохиромжтой, бэлчээр байгалын баялаг сайтай газар нутаг гэж онцолсон бөгөөд Урианхай нартай хэлэлцээр хийж Даян нуур хавиар зусдаг байснаа сүүлдээ давран олноороо өвөлжих болсон байна.
Улмаар сүүлдээ давран Урианхайн нутгаас явалгүй XIX зууны хоёрдугаар хагас 1869 оноос бүр мөсөн суурьшиж эхэлжээ. 1870 оноос Урианхай Казакуудын хооронд газар нутгийн маргаан байнга гарах болж хэрүүл маргаан нь сүүлдээ томоохон зэвсэгт мөргөлдөөн болж байсан байна. Тэр ч байтугай хасагууд сүүлдээ "Бидэнд газар олгож өг” хэмээн Манжийн хаанд хүсэлт өргөдөл гарган өгч байсан юм.
Урианхайн томоохон ноёдууд хасагуудад газрыг түрээслэн олгон хариуд нь таван хошуу мал алт эрдэнэс, ангийн үс түлээ түлш авдаг байжээ. Казакууд нь 1911 он хүртэл Манжийн харьяанд байсан ба 1911 оны хувьсгалын дараагаар автономит монголын харьяанд Богдын зарилгаар орсон юм. 1921 онд ардын ардчилсан хувьсгал ялсны дараа казакуудад газар нутаг бэлчээр олдон Урианхайн нэгэн адил эрх тэгш эрхтэй болсон юм.
1930 онд Намын төв хороо, Засгийн газар Казакуудад газар нутаг олгох тухай тогтоол гаргажээ. Уг тогтоол ёсоор урд тал нь улсын хил, зүүн ба хойт талаар Дэлүүн, Хонгор өлөн, Хатуу, Өлгий, Орогтоос урагших газрыг Урианхайтай хамтран тэгш эрхтэйгээр эдлэхээр олгожээ. 1930-аад оноос эхлэн нам төрөөс казакуудын талаар зарим арга хэмжээг авсан байна. Сургууль эмнэлэг дэлгүүр хоршоо гэх мэт. Гэсэн хэдий ч тэд тогтож сууж чадалгүй удаа дараа хорлон сүйтгэх арга хэмжээ явуулж байсан юм. 1931 оны хавар казакын овогийн удирдагч нар өөрсдийн ард олныг дагуулан алтайг даван нүүх болжээ. Энэ явдлыг зогсоох гэж оролдсон нам төрийн ажилтан албан хаагчдыг алж устган зэвсэгт мөргөлдөөн хүртэл гарсан байна.
Тэдгээр алтайг даван нүүсэн ард олон 1932 онд эргэн ирсэн боловч мөл хөрөнгөө алдан ядуурлын туйлд хүрсэн байсан юм. Казакын ноёдууд монголын казакуудыг салгахын тулд янз бүрийн арга зохион зэвсэгт бослого гарган мөн гоминданчуудтай хуйвалдан 1943-1948 оны хооронд монголын баруун хязгаарт үймээн гаргаад дарагдсан билээ.
Османы тухай та бид сайн мэднэ. Түүний тухай дараа бичнэ. Казакууд 1931 он хүртэл Чандмань уул аймгийн харьяанд байгаад 1940 онд бие даасан Баян-Өлгий аймаг болжээ. 1991 онд ЗХУ задран түүний бүрэлдэхүүнд байсан Казакстан улс тусгаар бие даасан улс болсны дараа 20,000 гаруй өрх айл казакстанд очсон боловч төдий л аз жаргалтай байж чадалгүй ихэнх нь эргэн буцаж ирсэн байна. Казакуудын Монголд нэгдсэн түүх товчхондоо ийм байна.
Т.Сүхбаатар
Номзүй
[1] Б.Цэрэл. "Дөрвөн Ойрад ба Ойрадын холбоонд багтах үндэстэн ястнуудын угсаа түүхийн зарим асуудал” УБ.1997 он. 215.х
[2] Т.Сүхбаатар. "Монгол улсын аюулгүй байдлын түүх” УБ.2010 он. 127.
1 сэтгэгдэл