|

ЭРЧИМ ХҮЧ ДАГАСАН ХҮСЭЛ, ХЯСАЛ

Нүдэнд дасаж, аманд цээжлэгддэг үг байх. Түүн шиг "Эгийн голын усан цахилгаан станц”, "Тавдугаар цахилгаан станц” зэрэг төсөл улиг болтлоо яригдаж, эцэс сүүлдээ домог болж байх шиг. Учир юу гэвэл, аль 1992 оноос Азийн хөгжлийн банктай хамтран 220 мВт-ын хүчин чадалтай 2.5 сая ам.долларын төсөвтэй "Эгийн голын усан цахилгаан станц” барих асуудлыг ярьж эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш 25 жил болсон ч өдий болтол асуудал нэг тийш болсонгүй. Бас "ТЭЦ-5” цахилгаан станцыг барина гэж арван жил ярьж, өч төчнөөн хөрөнгө зарцуулсан ч одоо болтол ажил хэрэг болоогүй байна.


Монгол Улсын эрчим хүчний нийт хэрэглээ 6865 сая киловатт  цаг байдгаас 80 хувийг дотооддын үйлдвэрлэлээс, 20 хувийг ОХУ-аас импортоор авдаг бөгөөд жилийн хэрэглээний дундаж өсөлт 5.1 хувьтай байдаг. Гэвч оргил ачаалалын үеэр төвийн цахилгаан хангамж нь байдаг чадлаараа ажилласан ч хүч хүрдэггүй. Тиймээс цахилгаанаа тасалдуулахгүй  бүрэн  байлгахын тулд ОХУ-аас  импортоор мөнгө төлж, цахилгаан авдаг. Уг нь цахилгааныхаа бүх хэрэгцээг дотооддоо хангаад дараа нь гадагшаа экспортлох боломж манайд бүрэн бий.

Гаднаас импортоор авч байгаа цахилгааны зардлын алдагдлыг усан цахилгаан станц нөхөж чадна гэдгийг эрдэмтэд аль хэдийнэ тогтоосон. Усан цахилгаан станц нь бусад дулааны цахилгаан станцуудыг бодвол уян хатан чанартай, хэдхэн минутанд турбинээ асаагаад 50, 100 мегаватт-ыг үйлдвэрлэж чаддаг байна. Монгол Улс эрчим хүчнийхээ 98 хувийг цахилгаан станцаас гаргаж авч байна. Энэ хэрээр нүүрсхүчлийн хийг хэдэн сая тонноор агаарт цацдаг. Тиймээс  ямар нэгэн алхам хийх ёстой юм. Хэрэв олон жил яригдсан Эгийн голын  усан цахилгаан станц ашиглалтад орвол 315 мегаватт буюу 600 сая киловатт эрчим хүч үйлдвэрлэх аж. Өөрөөр  хэлбэл, Монгол Улсын төвийн эрчим хүчний 30 шахуу,  нийт эрчим хүчний 20 орчим  хувь нь сэргээгдэх эрчим хүч болно гэсэн үг. Монголд өнөөдөр 2-3 жилийн дотор 800 гаруй жижиг  гол горхи ширгэж, асар хурдтайгаар цөлжиж байна. Энэ байдлаараа байвал 30-40 жилийн дараа цэвэр усны хомсдолд орох тооцоолол гарчээ. Тиймээс усан цахилгаан станцын нөлөөгөөр үүссэн хиймэл нуур нь  цэвэр усны нөөц болж үлддэг байна. Эгийн голын цахилгаан станц төслийн багийн тооцооллоор 5,6 тэрбум куб метр  цэвэр усны нөөц,  хэмжээгээр нь тооцвол 154 км талбай буюу Тэрхийн цагаан нуураас хоёр дахин том нуур үүсэх аж. Нэг ёсондоо Хөвсгөл нуурын ус шиг тийм  усны нөөцийг бий болгоно гэсэн үг. Тиймээс яалт ч үгүй Монголд усан цахилгаан станц байгуулах давхар хэрэгцээ  байсаар байна.

Гэвч Сэлэнгэ мөрөн болон түүний цутгал Эгийн гол дээр баригдах усан цахилгаан станцийн төслийг ОХУ эсэргүүцэж байгаа юм. Энэ нь тус төслийг хэрэгжүүлэхэд маш том чөдөр тушаа болж байгаа билээ. Тэд Байгал нуурын урсацад муугаар нөлөөлнө гэж үзсэн хэрэг. Өөр шалтгаантай ч байж болох. Тэгвэл зарим эрдэмтэд Сэлэнгэ, Орхон, Эгийн гол зэрэг Байгал нуурын эх дээр байдаг голууд дээр усан цахилгаан станц, усан сангууд  барьчихвал харин ч Байгал нуурт сайн нөлөөтэй гэж үзэж байгаа юм. Усан цахилгаан станц бол усны менежментийн хамгийн шилдэг арга гэдэг.  Жишээлбэл, үерийн үед асар их хэмжээний ус урсаад алга болчихдог. Харин усан цахилгаан станцын даланд ус хадгалагдаад үлддэг сайн талтай. Эгийн голын усан цахилгаан станц төслийн инженер техникийн албаны дарга Д.Будхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа, "Төслийн ТЭЗҮ-гээр бол ус ашиглах турбинээр эргүүлээд буцаагаад урсгах технологийг ашиглана. Байгаль нуурын дээр байрлах Хөвсгөлийн мөнх цэвдэг хайлаад дуусах гэж байна. Цаг агаар дулаарч дэлхий нийтээр усаа ашиглая, усан сантай болъё, усны нөөцөө бүрдүүлье гэж зарим нь дайн хүртэл хийж байна. Гэтэл манайх ямар ч нөөцгүй хэрнээ байгаа усаа оросуудад зүгээр өгч байгаа нь шударга биш шүү дээ. Тиймээс ядаж турбинэр эргүүлээд доош асгая гэхэд оросууд эсэргүүцээд, асуудал үүсгээд байна. Манай төслийн баг Оросын талыг хүлээн зөвшөөрүүлж чадахгүй байсаар санхүүжилтийн эх үүсвэрээ алдах нь” гэж учирлажээ. Энэхүү төслийг хөдөлгөх талаар төр, засгийнхан ч урагшаа гишгэхгүй байгаа бололтой юм. Нэг ёсондоо оросуудыг ятгах талаар ямар ч арга зам хайхгүй байгаа талаар зарим нь шүүмжлэлтэй хандаж байна.

МЕГА ТӨСЛҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙСААР АСАР ИХ ХУГАЦАА, ХӨРӨНГӨ АЛДАЖ БАЙНА

Сүүлийн үед Монголыг сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй гэж ярих болсон. Гаднынхан ч энэ салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байдаг. Учир нь, нар, салхины сэргээгдэх эрчим хүчний хууль, эрх зүйн зохицуулалт бусдыгаа бодвол арай тодорхой байдагтай холбоотой гэнэ. Саяхан болсон "Invest Mongolia” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр хөрөнгө оруулагчид сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгаа нь мэдрэгдсэн. Энэ үеэр Монголын газрын тос ассоциацийн захирал, МУИС-ийн профессор Ч.Хашчулуун "Манайд эрчим хүчний бодлого сул, төрийн алба нь дутагдалтай ажиллаж байна. Төрийн дээд албанд ямар хувь хүн байна гэдгээс хамаарч бодлогод нь өөрчлөлт ордог. Гадаадынхан манайд ирээд төслөө сонгодог. Шууд бэлэн мөнгөтэй орж ирэх хөрөнгө оруулагч төдийлөн байхгүй. Адилхан гадаадын банкнаас мөнгө босгодог. Гадаадын банк нь Монголыг төдийлөн мэдэхгүй. Тиймээс тэдэнд төслөө тайлбарлах, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн нөлөөллийг судлах гээд олон шалгуурыг давдаг. Ингээд бөөн юм болж, болж төсөл дээрээ гарын үсэг зурах гэхээр нөгөө төрийн албанынхан нь солигддог. Маш их алдагдалд орно. Тухайлбал, "ТЭЦ-5” гэж орчин үеийн хүчин чадалтай төсөл байлаа. 2012 онд хийгдэх гэж байхад нь байршлыг нь сольсон. Солих болгондоо дахиж шинээр хийхийг шаарддаг. Олон сая ам.долларын алдагдалд орсон тул энэ төсөл зогссон. Ийм байдал давтагдсаар байвал хөрөнгө оруулагчдад маш хүндрэлтэй тусна. Хөрөнгө оруулагчид манайд ирэх сонирхол багатай байна. Голдуу Засгийн  газар хоорондын төслүүд явж байна. Гэвч тэр болгон хэрэгжихгүй байна шүү дээ. Хэрэгжих ёстой дөрвөн том төсөл байлаа. "Тавантолгой”, "Тавантолгой цахилгаан станц”, "Эрчим хүчний салбарын өргөтгөл” гэх мэт. Одоо "Оюутолгой-2” төсөл хэрэгжиж байгаа. Бусад нь хэрэгжээгүй, хэлэлцээр нь эхлээгүй, гарын үсэг зурах төдий байна. Ийм байдлаар цаг хугацаа асар ихээр алдаж байна даа” гэсэн юм. Харин Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригт "Монгол Улсад эрчим хүчний хууль болон бодлого нь тодорхойгүй байна. Хувийн хэвшлийн өмнүүр Засгийн газар нь орж зээл тусламжаар төсөл хэрэгжүүлдэг. Нэг ёсондоо Засгийн газар нь хувийн хэвшлийн бизнесийг булааж хийгээд байна. Уг нь, хувийн хэвшлийнхэн шударгаар өрсөлдөж, хамгийн сайн төслөө шалгаруулах хэрэгтэй. Хамгийн тод жишээ гэвэл "ТЭЦ-5” байна. Засаг солигдох бүрт бөмбөрсөөр одоо юу ч биш болсон” гэсэн юм. Дээрх хоёр хүний ярианаас эрчим хүчний салбар ямархуу байгааг харж болно.

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЦАХИЛГААНЫГ МОНГОЛЧУУД ҮЙЛДВЭРЛЭЖ ЧАДАЖ БАЙНА

Өнөөдрийн байдлаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлбэрээр хэрэгжиж ажил болсон төсөл гэвэл "Ньюком” группын байгуулсан Салхитын салхин цахилгаан станц юм. Энэ төсөл яалт ч үгүй төр, хувийн хэвшлийн түншлэлийн үлгэр жишээ болсон гэдэгтэй хэн ч маргахгүй. "Newcom” компанийн "Clen Energy”  охин компани Монголдоо анх удаа 50 МВт-ын цахилгаан станцыг хэрэгжүүлж байгаа юм байна. Монголын анхны салхин парк болох Салхит нь Улаанбаатар хотоос 75 км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрладаг. Тус цахилгаан станц нь жилдээ 100 мянган айлыг эрчим хүчээр хангадаг. Томоохон цахилгаан станцуудтай нэгдээд төвийн эрчим хүчний системийг цахилгаанаар хангадаг. Түүнчлэн "Дарханы 10 МВт-ын нарны цахилгаан станц” ашиглалтад ороод удаагүй байна. Тус станц нь нарны эрчим хүчийг ашиглаж төвийн эрчим хүчинд холбогдсон Монголын хамгийн анхны станц юм. "Дарханы 10 МВт-ын нарны цахилгаан станц” нь өнгөрсөн жилийн долдугаар сард анхны шаваа тавьсан бөгөөд арванхоёрдугаар сард ашиглалтад оржээ. Тус цахилгаан станцын инженер Д.Бат-Өлзий "Манай компани энэ оны нэгдүгээр сараас борлуулалтаа хийж эхэлсэн. Дэлхийн чиг хандлага уламжлалт нүүрс шатаадаг арга барилаас татгалзсан. Хоёрдугаарт, Дархан бол Монгол Улсын хойд бүсэд оршдог. Хойд бүсэд ч гэсэн нарны цахилгаан эрчим хүчийг барьж байгуулж болдог юм байна гэдгийг харуулж байгаа юм. Манай нарны цахилгаан станцад Япон Улсын "Sharp” корпорацийн нарны зайн үйлдвэрийн ND-AF310 төрлийн 310 МВт-ын чадалтай поликристалл 32200 ширхэг нарны зайг суурилуулсан” гэсэн юм.
Түүнчлэн жилд 10 МВт буюу 40 мянган ширхэг нарны дэлгэцийг үйлдвэрлэдэг "Санко Соолар Монголиа” компани 13 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Эднийх сард 1 МВт буюу 3700 ширхэг нарны дэлгэц үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ. Тус үйлдвэрт үйлдвэрлэсэн нарны зай Японы Фукушима муж дахь 216 кВт нарны цахилгаан станц болон Сайтама мужид 1,9 МВт нарны цахилгаан станцад ашиглагддаг аж. Мөн өрхийн хэрэгцээнд зориулагддаг гэдгийг "Санко Соолар Монголиа” компанийн ерөнхий менежер О.Батгэрэл хэлсэн юм. Энэ мэтчилэн сэргээгдэх эрчим хүчний салбар гэрэл гэгээ туссаар байгаа. Гол нь төрийн зөв зохицуулалт хэрэгтэй гэдгийг судлаачид хэлж байгаа юм. Харин манайханд Эгийн голын усан цахилгаан станц төслийг хэрэгжүүлэх хүсэл байв ч хясалтай нүүр тулаад байна. Харин тэрхүү бэрхшээлээ хэрхэн даван туулах нь бас л төр засгийн хичээл чармайлтаас шалтгаалах биз ээ. Хэрвээ Эгийн голын цахилгаан станц, ТЭЦ-5 зэрэг томоохон төслөө хөдөлгөж чадвал эрчим хүчний хараат бус байдлаас ангижирч чадна. Түүгээр ч зогсохгүй эдийн засгийн алдаж болохгүй ашгийг бидэнд авчирна.

Үндэсний шуудан сонин

1 сэтгэгдэл