|

Т.Цогсогмаа: Дээгий ах бидний урам зоригийг асаасан

Т.Цогсогмаа: Дээгий ах бидний урам зоригийг асаасан

Энэ удаагийн дугаарын зочноор залуу дуучин Т.Цогсогмааг урилаа. Тэрээр "Хайрын минь эзэн” шинэ дуугаа дүрсжүүлснээс гадна "Гэрэлт үзэсгэлэн гоо” анхны цомгоо өлгийдөж аваад удаагүй байна.

-Дуучин бүсгүй сүүлийн үед уран бүтээлийн олз омог арвинтай байгаа. Эндээс ярилцлагаа эхлэх үү?

- Та бүхэнтэй уран бүтээлийн олз омог ихтэй уулзаж байгаадаа баяртай байна. Бие даасан болон хоёр найзтайгаа хамтарсан уран бүтээлүүд маань ар, араасаа цуварч байна. Бид "Намрын бороо” гээд шинэхэн дуугаа өлгийдөж авлаа. Удахгүй дүрсжүүлээд сонсогчиддоо хүргэнэ. Мөн A Cool ахтай хамтраад "Хайрын тэнгис” гээд сайхан үг, аялгуутай дуу хийсэн. Үүнээс гадна анхны бие даасан цомгийн ажилдаа орсон гээд энэ зуныг үр бүтээлтэй, олз омог, эрч хүчтэй өнгөрөөж байна.

-"Гэрэлт үзэсгэлэн гоо” цомог "Hi fi records”-ийн эрэлттэй цомгийн тоонд багтсан байна лээ?

-Ээжийн тухай дуунаас бүрдсэн цомгоо гаргаад удаагүй байна. Өөрсдөө бүсгүй хүн болохоор ээжийн тухай дуу дуулахад сайхан байсан. Мөн хүсэл зорилго нэгдсэн найзуудтайгаа хамтарсан болохоор бэрхшээлтэй бүхнийг даваад гарлаа. Хүмүүсийн сэтгэлд хүрч, жаахан ч гэсэн уярал, сэтгэлийн таашаалыг өгч чадсан бол тэр л бидэнд асар их урам, цаашдаа уран бүтээл хийх эрч хүчийг өгнө.

-Дууны сонголтууд гайхалтай байсан. Магадгүй продюссер чинь зөвлөсөн үү?

-Цомгийн ажил эхлэхээс дуусах хүртэл бүх ажлыг "Номин талст” хамтлагийн дуучин Соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн ах гардаж хийсэн. Цомгийн санаа, дууны сонголт, найруулга, видео клип гээд бүх зүйлийг төгс байхаар ажилласан. Мөн бидэнд үргэлж урам өгч, цаг ямагт дэмжиж байсанд нь ахдаа баярласнаа илэрхийлье.

-Яагаад ээжийн тухай дуунуудыг сонгосон юм бол?

-Бид гурав ирээдүйд ээж болно. Мөн Дээгий ах маань энэ цомгийг хайрт ээж болон гэргийдээ зориулахыг хүссэн юм. Цомог маань "Номин талст” хамтлагийн анхны цомогтой ч уялдаатай. Учир нь тухайн үед хамтлагийн ах нар ээжүүддээ зориулж анхны цомгоо ээжийн тухай дуунуудаар бүрдүүлж байсан юм билээ. Энэ мэт олон бэлгэшээлтэй хувь тохиол бүрдсэн.

-Х.Авирмэд, Э.Мөнхцэцэг, Т.Цогсогмаа гэсэн гурван бүсгүй ямар хувь зохиолоор учирсан бэ?

-Бид гурав 2012 оны "Universe best songs” наадамд тус, тусдаа өрсөлдөж байлаа. Тэр үеэс хойш найзууд болж нөхөрлөсөн. Уулзахаараа хамтдаа дуу гаргахсан гэж үргэлж ярьдаг байлаа. Энэ жилээс яриагаа ажил хэрэг болгохоор шийдээд "Хонгор найз минь” гэсэн эмэгтэйчүүдийн нөхөрлөлийн сэдэвтэй анхны дуугаа гаргасан юм. Үүнээс хойш удалгүй Дээгий ах хамтарч ажиллах санал тавьсан. Энэ бол дөнгөж урлагийн хаалгаар орох гэж яваа залуу уран бүтээлч бидний хувьд хамгийн том аз, алтан боломж байсан л даа. Энэ үеэс дахиад уран бүтээл хийх урам зоригийн гал дүрэлзсэн гэхэд болно.

-Дуучин Т.Дэлгэрмөрөн Монголын хөгжмийн ертөнцөд цоо шинэ, авьяаслаг гурван бүсгүйг хөтөлсөөр орж ирлээ хэмээн олон хэвлэлүүд бичсэн. Магадгүй олны хэл амнаас айх ч юм уу, жаахан эмээх сэтгэл төрж байсан уу?

-Бид энэ урлагт хайртай, нэгэнт л шийдээд, зориглоод орж ирсэн болохоор айх зүйл байхгүй. Мөн биднийг дэмжиж, туслах ах минь байгаа болохоор зөвхөн уран бүтээлдээ анхаарлаа хандуулахаар шийдсэн. Биднийг дэмждэг олон хүн та гурав хамтдаа дуулаарай гэж захидаг. Тэдгээр хүмүүсийн итгэлийг алдахгүйн төлөө хөдөлмөрлөх болно. Мөн рок попын олон ах эгч нар биднийг дэмжиж, урам өгч байгаа.

-Та гурвыг албан ёсоор хамтлаг болсон гэж ойлголоо. Хамтлагтаа нэр өгөхгүй юм уу?

-Одоохондоо ямар нэр өгөх талаар тухтай ярилцаагүй байна. Сайн ярилцаж байгаад тохирсон гоё нэр сонгоно гэж бодож байгаа. Хамтлагтаа нэр өгч амжаагүй хэрнээ дараагийн цомгийн ажилдаа орчихсон явж байна. /инээв/

-Нэрний тухай ярьсаных чиний нэр их өвөрмөц юм аа?

-Миний нэрийг хамаатны мундаг лам өвөө өгсөн юм билээ. Аливаа зүйлийн эхэн тэргүүн гэсэн утгатай Төвд нэр.

-Охидын хамтлаг байна гэдэг хэцүү юм шиг ээ. Та гурав "Гурван охин”, "Sweetymotion” шиг урт хугацааны турш хамтдаа байна гэдэгтээ хэр итгэлтэй байна?

-Охидын хамтлаг байна гэдэг асар том хариуцлага гэдгийг бид ухамсарласан. Монголд хэдийгээр цөөхөн хамтлаг байдаг ч тэднээс суралцаж, зөвлөгөө авахыг хүсдэг. Бид гурав олон уралдаан, тэмцээнээс шалгарч, шигшигдэж үлдсэн нь давуу тал болно гэж найдаж байна. Мөн нэгэнт эргэлт буцалтгүйгээр энэ мэргэжлийг эзэмшсэн учир ухрах зам байхгүй.

-Охидын хамтлагийг нэгтгэдэг хамгийн том хүчин зүйл юу бол?

-Эхлээд бие биенээ ойлгодог байх хэрэгтэй. Мөн дуулалтын хувьд дахин давтагдашгүй, өвөрмөц байх шаардлагатай. Бидний хувьд өөр өөрийн дуулах арга барилтай. Үүнийгээ илүү хөгжүүлж, өөрсдийн давуу тал болгохоор ажиллаж байна. Мөн энэ урлагт бие сэтгэлээ зориулсан эгч нараасаа үлгэр дууриал авахыг хүсдэг. Хэдийгээр эмэгтэй хүмүүс насан туршдаа нэг хүн шиг хамтдаа байх хэцүү ч эхнээс нь эцсийг хүртэл уран бүтээлээ орхихгүй.

-Продюссертайгаа хэрхэн холбогдсон бэ?

-Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог багшийн 50 насны ойн хүлээн авалтад бид гурав дуулсан юм. Тэр үед хамгийн их мэдэрч, ойлгож, хүлээж авсан хүн бол Дээгий ах. Тэр өдрөөс хойш ах нь гурван дүүгээ дэмжинэ гээд хамтарч ажиллахаар болсон. Бид Дээгий ахдаа талархаад, талархаад барашгүй нь. Өөрсдийгөө их азтай гэж боддог шүү.

-Хэр ууртай продюссер вэ?

-Хатуу үедээ хатуу. Гэхдээ хэлж байгаа үг бүхэн нь зөвхөн бидний төлөө байдаг. Ахынхаа захисан үг бүхнийг зөвхөн уран бүтээлдээ ч биш амьдралдаа хүртэл тусгаж, итгэлийг нь алдахгүйгээр сайн дуучид болохын төлөө бид шаргуу хөдөлмөрлөх болно.

-Зарим залуу дуучид олонд танигдахын тулд секси дүр төрхийг илэрхийлэх нь бий?

-Бидний хувьд стиль имижээс илүү дуулалтдаа анхаарахыг хүсч байна. Гэхдээ энэ нь юу тааралдсанаа өмсөөд дуулна гэсэн үг биш. Үргэлж, олны өмнө гарч дуу хоолойгоо хүргэдэг болохоор мэдээж гадаад үзэмжиндээ анхаарах нь зүй ёсных. Бид одоогоор "Маtrix” салоны Баажка ахтай хамтарч ажиллаж байна. Мөн "Narumi Diwa” салонд гоо сайхны асуудлаа даатгалаа.

-"Universe best songs” наадамд өөрийг чинь түрүүлнэ хэмээн олон хүн итгэж байсан. Тухайн үед түрүүлээгүйдээ харамсч байв уу?

-Энэ тэмцээнээс би олон зүйлийг сурсан. Одоо ч ингээд дуулж яваа минь "Universe best songs” наадмын буян гэж боддог. Тиймээс нэг ч удаа харамсч үзээгүй. Тэмцээнд хэн түрүүлэх нь чухал биш. Гагцхүү хэн нь уран бүтээлээ тууштай хийж яваа нь чухал байх.

-Дуучин болох чиний багын мөрөөдөл мөн үү?

-Би багаасаа л дуучин болохыг хүсдэг байсан. Хүүхэд залуучуудын ордонд явдаг байлаа. Бага насныхаа мөрөөдлийг биелүүлэхийн тулд СУИС-д орж суралцсан. Одоо өөрийгөө өөр мэргэжилтэйгээр төсөөлж чаддаггүй. Миний хувьд амьдрал минь дөнгөж эхэлж байна. Цаашдаа суралцах зүйл олон бий.

-Найз залуутай юу. Ямар залуус таалагддаг вэ?

-Одоогоор найз залуугүй. Өөртөө итгэлтэй, боловсролтой, соёлтой, энгийн сайхан залуус таалагддаг. Хамгийн гол нь ажил мэргэжлийг минь ойлгодог, намайг хүндэлдэг байвал сайхан.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

1 сэтгэгдэл