500 жилийн өмнө Англи хэлээр ердөө Британий арлууд дээр амьдарч байсан 5-7 сая хүн хоорондоо харилцдаг байжээ. Харин одоо дэлхий даяар 1,8 тэрбум хүн Англи хэлээр хоорондоо харилцаж байна.
Яаж ийм зүйл болов оо?
Англи хэл ийнхүү өргөн тархахад тухайн хэлний хэл зүйн онцлог, бүтэц огтхон ч нөлөөлөөгүй бөгөөд харин улс төр, цэрэг арми, худалдаа наймаа, техник технологи, боловсрол, урлаг соёлын нөлөө ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.
Британий эзэнт гүрэн
Англи хэл нь Британий арлууд дээр 1000 орчим жил хэрэглэгдэж, боловсронгуй болж хөгжсөний дараагаас Британий эзэнт гүрний далайчид, цэргүүд, жуулчид, худалдаачид болон номлогчдоор дамжин дэлхий даяар тархах болсон байна. Энэ үед улс орнуудад эх хэлний бодлого гэх зүйл хараахан яригдаж эхлээгүй байсан үе бөгөөд Англи хэл нэг л мэдэхэд дэлхийн өнцөг булан бүрд хүрсэн байжээ.
Зуун зуунаар Европын цагаачдын давлагаанд Америк тивд бүх л хэлнүүд хүчээ авч байсан ч Нэгдсэн улсыг байгуулах үйл явцад Америкийг үүсгэн байгуулагчид улс үндэстний нэгдмэл байдлыг хангахад өөрийн гэсэн хэлтэй байх нь их чухал болохыг мэдэрсэн ба тухайн үедээ Англи хэл хамгийн өргөн хэрэглэгдэж байсан тул Англи хэлийг үндэсний хэлээ хэмээн хөхүүлэн дэмжихээр болжээ.
20-р зууны эхэн буюу саяхныг болтол Америкийн зарим мужид гадаад хэлийг хувийн сургуулиуд болон гэрээр заахыг хориглодог байжээ. Харин энэхүү хоригийг Америкийн Дээд Шүүх 1923 онд түдгэлзүүлсэн байна.
Өнөөдөр ч гэсэн Англи хэл нь АНУ-н албан ёсны хэл биш боловч АНУ-д хамгийн өргөн хэрэглэгддэг хэл гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Англи хэлийг зөвхөн Америкчууд ч биш өөр бусад олон орон өөрсдийн хэл болгон хүлээж авсан билээ. Энэ нь Британий эзэнт гүрэн 20-р зууны эхэнд дэлхийн хуурай газрын бараг дөрөвний нэгийг эзэлж байснаас улбаатай юм. Үүнтэй холбоотойгоор "Британий эзэнт гүрэн дээр нар хэзээ ч жаргадаггүй” гэсэн хэлц үг хүртэл байдаг байжээ. Харин өнөө үед Британий эзэнт гүрэн дээр нар жаргаж байгаа ч хуучин бүх колони улсуудад англи хэл хэрэглэгдсээр үлдсэн юм.
Явсан ч мартагдаагүй
Британий ноёрхлын гол зорилго нь худалдаа наймаа, эдийн засгийн сонирхол байсан тул колоничилсон улсуудад цөөн тооны Британичууд суурьшиж үлдсэн байдаг. Ази болон Африк дахь хуучин Британий колони байсан зарим улсуудад бизнес, засаг захиргаа, боловсролын үйл ажиллагаанууд нь Англи хэлээр явагддаг хирнээ ард иргэдийн харилцдаг үндсэн хэл болж чадаагүй юм.
Өнөөг хүртэл хуучны колони улсуудад Англи хэл чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байгаа бөгөөд Африк дахь шашны сургуульд ч бай, Энэтхэгийн анхны их сургуулиудад ч бай Англи хэл эзэмшиж байж боловсрол олж авах боломжтой болдог байна. Энэ нь нэг ёсондоо тухайн нийгэмд Англиар ярьдаг элит давхаргыг бий болгосон байдаг ба элит давхарга нь өөрийгөө хадгалж үлдэх чадвар сайтай байдаг байна.
Колоничлолоос гарсны дараа олон улс орон эхэндээ албан ёсны хэд хэдэн хэлтэй болсон боловч нийгмийн нэг хэсэг бүлэг хүмүүс нөгөө хэсэг бүлэгтэйгээ харилцах мөн гадаад улс оронтой харилцахын тулд мөн л өөр нэгэн нийтлэг хэл хэрэгтэй болсон. Ингээд энэхүү орон зайд Англи хэл ахин гарч ирсэн. Британий колоничлолын шууд нөлөөллөөр дэлхий дээр одоогоор 75 улс оронд Англи хэл өргөн хэрэглэгддэг эсвэл албан ёсны хэлээр тооцогдож байна.
Австрали, Канад, Америк гэх мэт улсуудад тухайн нутаг орны уугуул хэл, соёл бараг устаж үгүй болж байна.
Европын улс орнууд бусад улс орнуудыг колоничлох үед түгэн тархсан хэл нь ганцхан Англи хэл биш юм. Европын өөр бусад орнууд тухайлбал Португаличууд болон Голландчууд Британичуудаас өмнө бусад улс орныг колоничлох үйл хэргээ эхлүүлсэн байдаг учраас дээрх орнуудын хэл мөн өргөн тархсан байдаг.
Саяхныг болтол 19-р зууны эхэн үед дэлхий нийтийн харилцааны хэл бол Англи хэл бус Франц хэл байжээ. Тэгэхээр өнөөдөр Англи хэл дэлхий нийтийн хэл болтлоо түгэн тархахад ямар нэгэн зүйл нөлөөлсөн байж таарлаа. 20-р зуунд Америкийн Нэгдсэн Улс үсрэнгүй хөгжөөгүй бол өнөөдрийн дэлхий нийтийн хэл соёлын тархалт, нөлөөлөл маш өөр байх байлаа.
Дэлхийн 2 дайн ба АНУ-ын үсрэнгүй хөгжил
1945 оны дараах жилүүдэд Европт сэргээн байгуулалт хийгдэж байх зуур АНУ хөгжин цэцэглэж байлаа. Хэдэн зууны өмнө Британий "British East India Company”-ий Англи хэлийг дэлхийн дахины худалдаа наймааны хэл болгон түгээн дэлгэрүүлж байсныг АНУ бизнесүүд үргэлжлүүлэн буухиалсан юм. Британий эзэнт гүрний дэлхий нийтэд үлдээсэн Англи хэлний нөлөө АНУ-ын бизнесийн хөгжил цэцэглэлттэй хоршсоноор Англи хэл нь өнөөгийн 21-р зууны олон улсын худалдааны гол хэл болсон байна. Өнөө үед дэлхийн шилдэг бизнесийн сургуулиуд сургалтаа Англи хэл дээр явуулдаг байна.
Европын Холбооны 25 гишүүн улсын 19-д нь Англи хэл албан ёсны хэл нь биш хэдий ч хамгийн өргөн хэрэглэгддэг гадаад хэлээр тооцогдож байна.
Мөн Англи хэлийг дэлхий нийтийн хэл болж өргөжихөд нөлөөлсөн өөр нэг чухал зүйл бол дайны дараах жилүүдэд үзүүлсэн Америкийн соёлын нөлөөлөл юм.
АНУ нь тив алгасан хөрөнгө оруулахаас гадна рок-н-ролл, жааз, сүүлд диско болон хип-хоп урлагаараа дэлхийг байлдан дагуулсан. Холливуудын кинонууд ч дэлхийг шуугиулж, Америкийн телевизийн цувралууд нийгэм соёлын томоохон үнэлэмж, жишгүүдийг тогтоож байсан юм. Америкийн соёл дайнд сүйдсэн дэлхий нийтэд үгүйлэгдэж байсан итгэл найдвар, амжилтыг цацруулсаар хаа сайгүй тархаж байсан. Дэлхий дахинд Англи хэлийг таниулахад Америк дуу хөгжмөөс гадна Британий "The Beatles”, "The Rolling Stones”, "Queen”, "Pink Floyd” зэрэг хамтлагууд ихээхэн хувь нэмэр оруулсан билээ.
Англи хэл бол "cool” (янзтай)
Аль ч улсад бизнес эрхлэгчид, маркетерууд бараа үйлчилгээгээ борлуулахын тулд тухайн цаг үеийн шинэлэг санаа, мода, үзэл санаа, итгэл үнэмшил дээр тоглож өөрийн бараагаа сэтгэл татам харагдуулж хэрэглэгчийг татаж чаддаг гэдгээрээ бахархдаг. Үүний нэг жишээ бол бараа үйлчилгээ, нэр хаягаа Англиар нэрлэх, Англи бичиг үсэг оруулах явдал юм.
Дээрх аргыг үндэстэн дамнасан томоохон компаниуд өөр өөр улс оронд байгаа хэрэглэгчиддээ нэгэн ижил мессэж өгөх зорилгоор ашигладаг бол зарим жижиг компаниуд зориуд хэрэглэгчийн сэтгэл зүйд нөлөөлөх зорилгоор Англи үг, үсэг ашиглах нь элбэг билээ. Хувь хүний жишээн дээр бол энэ нь яриандаа гадаад үг хольж ярьдагтай яг ижилхэн зүйл юм.
Хамтлаг дуучид, кино бүтээгчид бүтээлээ аль болох олон үзэгчдэд хүргэхийн тулд бүтээлээ Англи хэл дээр туурвих хүсэлтэй байдаг. Иймэрхүү хүсэл шаардлагууд нь Англи хэлийг дэлхий нийтийн хэлж болж хөгжихөд 20 зууны 2-р хагаст ихээхэн нөлөөлсөн.
ШИНЖЛЭХ УХААН & ТЕХНОЛОГИ
АНУ-ын эдийн засаг, техник технологи хөгжиж хүчирхэгжих үйл явц мөн компьютерын эрин үетэй давхацсан ба Англи хэл нь интернэт болон техник технологийн хувьсгалын хэл болсон юм. Жишээ нь: Компьютерын гарыг аваад үзэхэд л энэ нь Латин тэмдэгтэд тохируулан зохион бүтээгдсэн байдаг. Тиймээс Ази тивийн зарим улс орны хэрэглэгчид компьютер дээр үг бичихийн тулд нарийн төвөгтэй үйлдлүүдийг хийх шаардлагатай болдог.
Өндөр технологийн бараа бүтээгдэхүүний доторх үйл ажиллагаа нь хүртэл Англи хэл дээр байдаг. АНУ нь техник технологиор тэргүүлэгч улс хэвээр байсаар байгаа бөгөөд АНУ-ын хэлний бодлогоос улбаалан Англи хэл нь дэлхий нийтийн хамгийн түгээмэл хэл яах аргагүй мөн юм.
Түлхэх биш өөртөө наа
Зуун зуун жилийн өмнөх колоничлогчдын хичээл зүтгэлээс гадна Англи хэлний дэлхий нийтэд амжилттай тархсан байдлын өөр нэг гол шалтгаан нь хүмүүс Англи хэлийг сурсанаар өөртөө ихээхэн давуу талыг авчирдагтай холбоотой юм. Тухайлбал хуучин Британий колоничлолд байсан улсын хүмүүс боловсрол эзэмшихийг хүсвэл Англи хэлтэй байх шаардлагатай болдог байсан, уран бүтээлээ илүү олон хүнд хүргэхийг хүсвэл уран бүтээлчид уран бүтээлээ англи хэл дээр гаргах хэрэгтэй болно, хэрвээ та олон улсад худалдаа наймаа хийхийг хүсч байгаа бол Англиар ярих шаардлага болдог гэх мэт. Та амжилттай байхын тулд заавал англиар ярьдаг байх шаардлагагүй ч энэ нь танд ихээхэн тустай байх нь ойлгомжтой юм.
Англи хэл дэлхийн номер 1 хэл хэвээр байсаар байх уу?
Зарим хүмүүс Англи хэлийг яагаад ингэж өргөн тархсан талаар тайлбарлахдаа сурахад амархан учраас эсвэл хэлнийх нь уян хатан чанартай холбоотой гэж үздэг. Гэтэл түүхийг эргээд харахад эдгээр нь ямар ч хамааралгүй болохыг харна.
Жишээлбэл: Сурахад маш төвөгтэй ч Латин хэл нь 1000 гаруй жил европын хамгийн нөлөөтэй хэл байсан (одоо ч латин хэлнээс үүсч хөгжсөн хэлнүүд хамгийн нөлөөтэй хэлнүүд байсаар байна). Тухайн үед хүмүүс Латин хэл сурдаг байсан шалтгаан нь бас өнөөгийнхтэй адилхан байсан: Амьдралд түрүүлж алхахын тулд мэдлэг олж авахын тулд гэх мэт. Гэвч өнөө үед Латин хэлийг зөвхөн номлогчид болон эрдэмтэд л ашигладаг болсон байна.
Хэл болон хил цагийн эрхээр өөрчлөгддөг ч биднийг амьдрах энэ цаг үед англи хэл дэлхий нийтийн хэл байсаар байх нь ойлгомжтой байна.
www.english-maestro.mn
64 сэтгэгдэл