Хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав хорт хавдрын улмаас БНХАУ-ын нийслэл Бээжин хотын цэргийн тойргийн төв эмнэлэгт олон цаг үргэлжилсэн хүнд мэс засалд орж аюулт өвчнөөсөө ангижирсан ч олон сар, магадгүй жилийн эрчимт эмчилгээ хэрэгтэй болсон талаар Монголчууд гэнэтхэн дуулж цочирдсон нь саяхан. Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн дээд Чингисийн одонт Б.Шаравыг мэдэхгүй, түүний зохиосон аялгуу сайхан "Сэтгэлийн эгшиг”, "Гэгээн алсад одохсон”, "Сэрсэн тал” хөгжмийг сонсоогүй, уяран догдлоогүй ухаа орсон Монгол хүн байхгүй гэхэд хилсдэхгүй. Харин сонгодог хөгжим сонирхогчдын тухайд "Чингис хаан” дуурь, "Зуурдын орон” балет, "Ононд хатаагдсан илд” дуулалт жүжиг, 1,2 дугаар симпони, "Замба тивийн наран” магтуу гээд хөвөрнө. Тэрээр Монголын нийтийн дууны урлагийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, жинхэнэ мэргэжлийн дуулаачдын хоолойн цараа чадал шалгасан "Аав ээж хоёр минь”, "Монголын тал нутаг” гээд бид бүхний сонсох дуртай олон гайхалтай дууны аялгууг бичсэн. Монголдоо байтугай Японд ихэд алдартай, цаашлаад дэлхийд танигдсан энэ агуу хөгжмийн зохиолчид "МСS” группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал халуун гараа сунгаж яаралтай хагалгааных нь зардлыг 100 хувь дааж хагалгаа нь ч амжилттай болжээ.
Алдарт хөгжмийн зохиолчийн бие илааршиж байгаа сайхан мэдээтэй зэрэгцэн өдгөөгөөс нэлээн хэдэн жилийн өмнө Б.Шаравын салдаггүй ганц найз "Ламбугуайн нулимс”-ын эзэн төрийн соёрхолт нэрт хөгжмийн зохиолч агсан Х.Билэгжаргалтай уулзахаар "Оргил” сувиллыг хамтдаа зорьж, найзыг нь аваад ажил тарсан хойно Дуурийн театрын тайзан дээрх том төгөлдөр хуур хөгжим дээр билэг танхай хоёр хөгжмийн зохиолч зэрэгцэн суугаад хөгжимдөн дуулж, хэн нь Монголын хамгийн том хөгжмийн зохиолч болох талаараа наргиантай маргаж байсан талаарх гэгээн дурсамж хөврөв. Тухайн үед билэг танхай хоёр хөгжмийн зохиолч хоёулаа нэгэн зүйлийг хүлээн зөвшөөрч "Манай Чинжиг бид хоёроос том хөгжмийн зохиолч байсан” хэмээж байсан нь тулгын гурван чулуу шиг ижилдэн нөхөрлөж явсан нэрт хөгжмийн зохиолч асан Ц.Чинзоригоо хэрхэн хайрлаж, хүндэлж байсны нотолгоо юм. Тухайн үед хоёр хөгжмийн зохиолч маань "Манай Чинжигийн "Үүлэн цэнхэр хангай”, "Намрын дурсамж”, "Дууны хорвоо”, "Учран золгохын ерөөл” бол дахин давтагдашгүй аялгуутай” хэмээн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч буцаж ирдэггүй мөнхийн аяндаа мордсон эрхэм андыгаа аньсага чийгтүүлэн дурсч байсансан.
Х.Билэгжаргал агсныг "Оргил” сувилал дээрээс очиж авсан болохоор найз хоёр ихэд наргиантай, дуу нь үе үе чангарч Х.Билэгжаргал агснаас яриа авах санаатай өдөржин шогшсон би байсхийгээд л хойшоо хаа байсан 4 дүгээр дэлгүүр гүйгээстэйгээр шөнө дунд хүргэж билээ. Монголын хөгжмийн урлагийн хоёр оргилыг бүтэн өдөржин дагаж, наргиан хөгжилтэй яриа хөөрөөг нь өдөржин, шөнө хугаслан сонссоор Х.Билэгжаргал агсныг Төмөр замын цагдаагийн газрын хажуугийн байранд, Б.Шарав гуайг 10 дугаар хорооллын гэрийнх гадаа хүргэж өгснөөр өндөрлөж билээ. Тухайн үед Х.Билэгжаргал асан "Би чамд номхон сууж байгаад, наад нэг хар юмыг чинь амандаа барьж байгаад яриа өгнө гэж байхгүй. Чи зүгээр явдал суудал дунд, бид хоёрын маазарч байх хооронд л өөрийнхөө ажлыг амжуулахыг бодоорой. Чадвал аз чинь чадахгүй бол ахдаа битгий гомдоорой” хэмээн эр хүн шиг түс тас хэлснээр нь болж хоёр аваргын наргиан хөгжөөн дундуур зохицуулж авсан яриа маань час хийсэн ажил болж "Хадаас” ярилцлага хэмээн дарга даамлуудаасаа магтаал сонсож билээ.
Одоо нэхэн санавал Б.Шарав гуай "Монголд олон жил амьдарч байгаа Японы Окуяма Юми гэдэг дуучин хүүхний захиалгаар хийсэн дуу” хэмээн "Монголын тал нутаг”-аа дуулж байсан юмдаг. Өнөөдөр тэр сайхан дууг нь Чингисийн одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар хэрхэн дуулж дэлхийг яажшуухан уйлуулж, уярааж байгааг Монгол хүн бүр харсан, сонссон.
Ийм л шавхагдашгүй сод аялгуу эгшгийн эзэн агуу хөгжмийн зохиолч Б.Шарав гуай ямартай ч эхний том аюулыг эсэн мэнд давж, олон сарын эмчилгээ сувилгаанд орсон байна. Цөөхөн Монголчууд бид ийм л сод авъяастнаа яагаад ч "Гэгээн алсад одуулж” болохгүй. Түүнд одоо л бидний сэтгэлийн болон бусад дэмжлэг туслалцаа юу юунаас илүү хэрэгтэй байгаа.
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
1 сэтгэгдэл