2009 оны наймдугаар сард Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монгол Улсын тэргүүн болсныхоо хувиар Оюутны сургалтын тэтгэлгийн тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, өргөн барьж байжээ. Үйл хэргийн залгамж халаа хийгээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хязгаарлагдмал эрх, үүргийн хэм хэмжээг хүндэтгэн үзвэл түүний үйл ажлын эхлэл цагаан мөртэй байж. Мэдээж энэ эхлэлийн туйлаасаа хүндэтгэн дагах аргагүй, хэт явцуурсан, эсвэл лоббид өртсөн эсэх талаар хардахгүй байхын аргагүй олон шийдвэр гаргасныг та бид мэднэ. Гагцхүү анхны бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн 2009 оны наймдугаар сардаа гаргасан, санаачилсан ажлынх нь түүврийг Оюутны сургалтын тэтгэлгийн тухай хуулийн төсөл боловсруулсан гэх дээрх мэдээлэл чимж байгаа нь Монгол төрийн бодлогын залгамж халаанд үлгэрлэн дэлгэрч явах учиртай мэт санагдана. Иймд Ерөнхийлөгч Х.Баттулгын рейтинг ард түмний дунд 65 хувьтай байгаа тухай "Херо” интертаймэнтийн захирал Б.Баатарын сошиалд түгээсэн мэдээллийг иш үндэс болгон үйл хэргийнх нь өнгө, өнгөлж гаргасан шийдвэрээс нь түүвэрлэн хүргэе.
В.ПУТИНЫ МОНГОЛ ДҮРЭЭР ТОДРОХ НИГУР
Ерөнхийлөгчийн тангараг өргөсний анхны ажлын өдрөө тэрбээр Төв аймгийн Батсүмбэр нутагт гарсан ой хээрийн түймрийг унтраах ажилтай газар дээр нь танилцсан нь түүний талаар олон нийтэд шийдэмгий, эх оронч сэтгэгдэл үлдээсэн нь мэдээж. Өмнөх дөрвөн Ерөнхийлөгчөөс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ чиглэлээр оноо авах, сэтгэл гаргах олон үйлдлийг хийж ирсэн удаатай. Иймд анхны ажлаа түймэр унтраахаас эхлүүлж, ой хээрийн түймэртэй тэмцэх, ой хээрийг хамгаалах талаар зарлиг гаргахаа зарласан нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд бараг л ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины гамшиг осолтой танилцах үедээ хийдэг үг, үйлдэлтэй төстэй болсон байх талтай. Тэр дундаа, сошиалаар түүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай адилтгаж, дэлхийн хамгийн булчинлаг удирдагч гэх мэт хошин бөгөөд тодорхой зорилготой мэдээ, мэдээлэл хөвөрсөн нь ирээдүй цагт улам бүр дэлгэрч мэдэх юм. Учир нь, өнөөдрийн улс төрийн ороо бусгаа шийдвэр, цаг үеэ чиглүүлэх манлайлагчийн орон зай дутмаг байгаа энэ үед монголчууд лидер, цаашлаад бараг эцэг мэт удирдагч хүсэмжилж буй нь нууц биш. Үүнд өгөөш болохуйцаар МАН-ын дотоод хагарал эрчимжиж байгаа нь яах аргагүй Ерөнхийлөгч Х.Баттулгыг тодоос тод харагдуулж чадна. Тэр дундаа, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнтэй уулзах үеэрээ "Хилээр хүнсний ногоо авахаа 100 хувь зогсоож, дотоодын аж ахуйгаа дэмж” хэмээн мэдэгдсэн нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины 2016 оны долдугаар сард гаргасан шийдвэртэй агаар нэгэн байсан гэнэ. Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны наймдугаар сард энэ саналаа салбар хариуцсан сайдад гаргаснаараа л онцлог бололтой. Гэхдээ тэрбээр яг энэ салбарыг ердөө гурван жил хүрэхгүй хугацааны өмнө хашиж, бодлогын өөрчлөлт хийх эрх мэдэлтэй, төсөв хөрөнгөтэй байсан гэдгийг уншигч танд сануулья.
МАН-ЫН ШИНЭ ДАРГАТАЙ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ НАЙМААЛЦАХ УУ
Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байх хугацаандаа тэрбээр "Хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол 60 тэрбумын бичлэгийн уг учрыг олно. Оффшор дансанд байгаа мөнгийг Монголдоо авчирна” хэмээн мэдэгдсэн. Тиймээс ч өнгөрсөн 20 гаруй хоногийн хугацаанд Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалыг дуудаж, хоёр ч удаа уулзлаа. Дээрх асуудлыг яаралтай шалгахыг ч дор бүр нь үүрэгдсэн. Өөрийн зүгээс дэмжиж тусалж, өмгөөлөн хамгаалахаа ч илэрхийлсэн. Улмаар энэ үүрэг даалгаврын хүрээнд УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа албан тушаалд очсон бүх хүнээс "Та ямар аргаар энэ ажлыг авсан бэ” хэмээн Авлигатай тэмцэх газраас байцаалт авч байгаа сурагтай. Ингэхдээ Удирдах зөвлөлөөр нууц санал хураалтаар тодорсон, тодорхой дохио, зангаагаар ажилд очсон эсэхийг нь үл тоон бүгдийг хамруулж буй гэдэг. Гэхдээ НИТХ-ын дарга Ц.Сандуйгаар гол зангилааг тайлуулахаар түр хүлээзнэж байгаа бололтой. Оффшор дансны тухайд хууль, хяналтын байгууллагынханд мөн л 49 хоногийн хугацаа өгсөн. Талийгаачдын буяны үйл талаас нь бодож үзвэл 49 хоног гэдэг яаж ч бодсон бэлгэ дэмбэрэлтэй тоо биш. Өөрөөр хэлбэл, оффшор бүсэд данс эзэмшиж буй Монголын улс төр, бизнесийн төлөөллийг цочоох зорилгоор энэ тоог сонгосон байх магадлалтай. Сүжиг, сэжиг талаас нь бодвол шүү дээ.
Гэхдээ дээрх хоёр ажлыг урагшлуулж, үнэн мөнийг нь олохоор зорьж буй талаас нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг буруутгах ямар ч аргагүй юм. Учир нь, энэ хоёр асуудалд үнэнийг тогтоохгүйгээр цаашид улс төр ч, бизнес ч шударга явагдах боломжгүй юм. Иймд түүнд баяр, талархал хүргэх хэрэгтэй. Гагцхүү өөрийг нь тойрон хүрээлж буй гадаад нь байг гэхэд ядаж монгол хүмүүсийн нэр дээр байгаа оффшор дансан дахь мөнгө Монголд ирэх үү гэдгийг Ерөнхийлөгч Х.Баттулгаас асуухгүй өнгөрч болохгүй нь. Анхнаасаа хуулийг хоёр хүнд өөр өөрөөр хэрэглээд эхэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгч гэж зарлуулах, хүндлүүлэх эрх түүнд үлдэх үү гэж хайрласан даа шүү. Дээр нь, 60 тэрбум төгрөгийн бичлэгтэй холбоотойгоор МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдыг өнөөдрийг хүртэл өрсөлдөгчөө гэж харсаар байгаад нь сануулга өгмөөр. Энэ бол бодох л асуудал. Шалтгаан нь тун тодорхой. Ирэх намар МАН-ын дарга хэн болохоос Ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийг хэтрүүлэгтэй эдлэх эрх нь нээгдэх юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар олгогдсон хязгаарлагдмал эрхээ давуулан эдэлнэ гэсэн үг. Цаашлаад МАН-аас яаравчлуулж буй Үндсэн хуулийн өөрчлөлтийг тогтоон барих боломжтой болно. Зөвхөн хуулийн талаасаа энэ ганц үндэслэлийн төлөө тэрбээр МАН-ын даргын өрсөлдөөнд бооцоо тавьж, улмаар 60 тэрбумын асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдын бүлэглэлийг унагах, цаашлаад хууль тогтоох засаглалыг удирдах эрхийг нь булаан авахыг санаархаж байгаа нь зайлшгүй. Тэгэхээр М.Энхболд гэдэг улстөрч өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгч Х.Баттулгын өрсөлдөгч болж таарч байна гэсэн үг. Товчхондоо түүнийг унагах хүсэлтэй МАН-ын улстөрчидтэй эрх ашгаа нэгтгэхгүйгээр хуулийн болон тойрон хүрээлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах боломжгүй юм. Ийм л учраас сонгогчиддоо амласан гэх тодорхой нэг амлалтын хүрээнд ирэх намар болох МАН-ын их хурлаас урьтаж, 60 тэрбумын бичлэгийн асуудлыг тодорхой болгохоор яаравчилж буй нь энэ ээ.
"СЕНТЕРА ГОУЛД”-ЫН ТАТВАРААР АНХНЫ АЛДААГАА ГАРГАВ
Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр өдрийн өмнө "Сентера гоулд улсад 36 саяын татвар л төлсөн” хэмээн мэдэгдсэн. Мөн энэ асуудлыг шалгаж, хариуцлага тооцох хэрэгтэй гэдгийг хууль, хяналтын байгууллагуудын удирдлагад сануулсан. Гэтэл бодит байдал дээр уг компани нь зөвхөн 2011 онд гэхэд 4.14 тэрбум төгрөгийн татвар төлж, шилдэг 100 татвар төлөгчийн нэгээр тодорч байж. Мөн 2015 оны байдлаар 36 тэрбум төгрөгийн татвар төлсөн мэдээлэл ч бий. Гэтэл Ерөнхийлөгчийн албан зөвлөх, туслах болон тойрон хүрээлэгчдийн бэлтгэсэн мэдээлэлд энэ тоог 35 сая төгрөг хэмээн бичсэн байсан бололтой. Ингэснээр тэрбээр Ерөнхийлөгчийн хувиар анхны хариуцлагагүй алдаагаа гаргалаа. Мэдээж уг компанитай холбоотой гомдол санал их байдаг нь үнэн. Тэр хэрээр Монголын төр нөлөө бүхий улстөрчдийн дарамт шахалтан доор хариуцлага тооцохоос зайлсхийж, өдгөө Ноён уулыг ухах эрхийг ч олгосон байгаа. Шүүхээр саяхан цуцалсныг эс тооцвол хариуцлага тооцсон нь тунчиг ховор. Ийм байхад Ерөнхийлөгчийн хувиар хэлсэн зөв үүрэг хариуцлага бүхий үгийг нь буруу мэдээллээр баллаж байна гэдэг бол ирэх дөрвөн жилийн хугацаанд энэ мэт алдаа гаргасаар байх уу хэмээн асуухад хүргэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн даалгавар зөв ч, мэдээлэл нь буруу байсанд энэ шийдвэрийнх нь гүйцэтгэл бүдгэрэх талтай. "Үгүй ээ, жилдээ багадаа дөрвөн тэрбум төгрөг татварт төлж байсан байна шүү дээ” гэдэг үгээр хайцаалаад өнгөрвөл яах вэ гэж эмээсэндээ үүнийг сануулж байгаа хэрэг ээ.
АРДЧИЛСАН НАМААС ГАРЧ БАЙЖ АРДЧИЛСАН НАМЫН ЛИДЕРҮҮДИЙГ ЭВЛЭРҮҮЛЭВ
Ардчилсан намын дарга хийгээд УИХ-ын дарга асан З.Энхболд болон Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нарыг өнөөдрийг хүртэл эвлэрэшгүй хоёр тал хэмээн бодож, итгэж явсан иргэд цөөн биш байж таараа. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа авахтайгаа зэрэгцэн З.Энхболдыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар, Н.Алтанхуягийг улс төрийн ахлах зөвлөхөөр томилсон. Тэдний хэн хэн нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бие бие рүүгээ хатуу үг чулуудаж, Ардчилсан намын ялагдалд өөрөөсөө бусдыг буруутгаж явсан цаг саяхан. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг гүйцэтгэх засаглалын тэргүүнээс огцруулах ажлыг Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга З.Энхболд нар гардан гүйцэтгэж, тодорхой цаг хугацаанд буланд шахсан нь ч үнэн. Үүнд нь бухимдаж, гоморхсон Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хорсол магадгүй "Уучилж чадах ч, мартаж чадахгүй” гэдэг алдарт үгээр нь тайлагдах биз. Энэ удаад ч тэрбээр уучилсан байж болно. Гэхдээ мартаж чадахгүйгээр Ерөнхийлөгчид зөвлөж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргатай хамтран ажиллаж таараа. Гол нь энэ шийдвэрийн сайн тал нь Ерөнхийлөгч Х.Баттулга Ардчилсан намын гишүүнээс татгалзаж, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувиар намынхаа лидерүүдийг эвлэрүүлж буй нь энэ. Зөвхөн энэ хоёрыг бус Ардчилсан намын сонгуулийн штабад хүчин зүтгэсэн олон олон залуусыг, олон олон нөлөө бүхий улстөрчдийг тэрбээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд дуудах нь халгүй өгөөмөр загнаж байна. Харин энэ эвлэрэл хэр удаан үргэлжлэх бол. Зарим нэг нь хуулийн хариуцлагаас зугтаж, Ерөнхийлөгчийн дэргэд шадарласан байхад цөөнгүй хэсэг нь улс төрийн намтраа чимэхийг хүссэн ч байж мэднэ. Гэхдээ аль нь ч байлаа гэсэн З.Энхболд, Н.Алтанхуяг нар нэг хүний төлөө, нэг засаглалын төлөө Ерөнхийлөгч Х.Баттулгын дэргэд шадарлана гэдэг бол чамгүй яриа, хэлэлцээний үндсэн дээр шийдвэрлэгдсэн тохироо байж таараа. Иймд Ардчилсан намын лидерүүдийн эвлэрлийг баталгаажуулж чадвал Ерөнхийлөгчийн хувьд намдаа хүргэж буй хамгийн том тус болох нь дамжиггүй. Ядаж л, дөрвөн жилийн дараа намдаа эргэж ирлээ гэхэд босго нь намхан, болзол нь бага байх биз. Энэ нь гэхдээ Ерөнхийлөгчийг өөрийг нь Ардчилсан намаас ангижраагүй, хамааралтай болгож харагдуулах сул талтай гэдгийг онцлоё.
Ийнхүү товчлон хүүрнэхэд Ерөнхийлөгч Х.Баттулгын өнгөрсөн 20 гаруй хоногийн хугацаанд хийсэн улс төрийн шийдвэр, уулзалт ярианы агуулга бүхэлдээ хувь улстөрчийн нурууг өндөр, үгийг хатуу харагдуулахад чиглэж байлаа. Тэр хэрээр МАН-ын дотоод улс төрийг идэвхжүүлэх, АН-ын эв нэгдлийг зангидах гэсэн зорилго нь ч тодорхой болов. Хэрэв үүн дээр Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын үеэр өрнөсөн яриаг нь нэмбэл санал сонсох бус саналаа сонсгосон байна билээ. Энэ нь зөвлөхөд зөвлөсөн гэсэн үг. Ямартай ч, Ерөнхийлөгч Х.Баттулгын ирэх дөрвөн жилийн довтолгооны зорилго чиглэл тодорхой, бай нь МАН руу байж таарах бололтой. АН-ынхан дэргэд нь шадарласан болохоор шүү дээ.
Үндэсний шуудан
Г.Отгонжаргал
0 сэтгэгдэл