|

МОНГОЛ ДАГУУРЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫГ ДЭЛХИЙН ӨВӨӨР БҮРТГЭЛЭЭ

МОНГОЛ ДАГУУРЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫГ ДЭЛХИЙН ӨВӨӨР БҮРТГЭЛЭЭ

Энэ сарын 2-ноос 12-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Польш Улсын Краков хотноо ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 41 дүгээр ээлжит чуулган болж өндөрлөжээ. Тус чуулганд 118 улс орны төлөөлөгчид оролцож, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтын 7 байгалийн өв, 1 холимог, 27 соёлын өвүүдийг авч хэлэлцэн, 21 өвийг шинээр батлан бүртгэсэн байна. Монгол улсаас ОХУ-тай хамтран нэр дэвшүүлсэн Дагуурын ландшафтыг 41 СОМ 8В.6 шийдвэрээр ЮНЕСКО-ийн Дэлхийн байгалийн өвөөр бүртгэжээ.

 
Гишүүн орнууд уг өвийн хувьд хил дамнасан менежмент, бөхөн гөрөөсийн нүүдэл, уул уурхайн асуудал зэрэг нь чухал төдийгүй хил дамнасан өв гэдэг утгаараа бусад орнуудад үлгэр жишээ болох чухал ач холбогдолтой гэдгийг онцлов. Энэхүү чуулганд ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, Франц Улсад суугаа Монгол Улсын ЭСЯ/ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон ТББ-ын төлөөлөгч нар оролцлоо.
 
1992 онд Дагуурын дархан цаазат газрыг Дагуурын амьтан, ургамлын төрөл зүйлс тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах зорилгоор байгуулсан байна. Уг дархан цаазат газартай хил залгаа ОХУ-ын нутагт "Даурский” дархан газар оршдог. Нүүдлийн шувуудыг хамгаалах зорилгоор 1997 онд Орос, Хятад, Монголын хамтарсан дархан цаазат газрыг байгуулсан байна.
 
Тус газар нь Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутаг дахь "A” хэсэг, Чулуунхороот, Гурванзагал, Дашбалбар сумын заагт орших "Б” хэсэг гэсэн 2 хэсгээс тогтдог. 1992 онд улсын Улсын бага хурлын 11 дүгээр тогтоолоор анх дархалсан. 1995 онд УИХ-ын 26-р тогтоолоор дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулжээ. Амьтан, ургамал, газарзүйн өвөрмөц шинжийг агуулсан бөгөөд 108,154 га талбай бүхий нутаг юм. Дагуурын хээр тал, ус намаг, тэдгээрийн амьтан, ургамлын ертөнцийг хамгаалах зориогоор байгуулагдсан. Улз голын дагуух зурвас газар болон улсын хилийн дагуух хөх уулсаас Тарь нуур хүртэлх зурвас газраг хамарна. Монгол дагуурын дархан цаазат газар нь манай оронд тохиолдох 2 зүйлийн шинэс модны хиллэх зааг бөгөөд биологи, ус судлалын чухал ач холбогдолтой. Сибирийн болон Дагуурын шинэсний эрлийз Чакановскийн шинэс энд ургана.

Нүүдлийн шувуудыг хамгаалах зорилгоор 1997 онд Орос, Хятад, Монголын хамтарсан тусгай хамгаалалттай газрыг байгуулсан бөгөөд 1994 онд Рамсарын конвенцийн жагсаалтанд бүртгэгдсэн. Дэлхийн байгаль хамгаалах сангаас зарласан дулхийн 200 эео бүсийн нэгэнд Дагуурын хээр ордог. Ургамлын аймгийн хувьд 52 овгийн 349 зүйлийн ургамал тэмдэглэгдсэн ба ус намгархаг газар болон хээрийн ургамлын зүйлүүд илүү тархацтай байдаг.
 
Б.Сансар
olloo.mn

0 сэтгэгдэл