|

ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДООГҮЙН УЧИР


ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДООГҮЙН УЧИР
Чингис хааны онгоны эрэл хайгуулын эргэн тойрны асуудлаар BBC агентлагийн сэтгүүлч Эрин Крэйгийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Эртний Монголын Эзэнт гүрний эд баялаг, асар их түүхийг өөртөө шингээсэн агуу дайчны олдоогүй онгон монголчуудын газар нутгийн нэгэн нууц хэвээр байна. Энэ бол тайлагдаагүй газар бас тайлагдаагүй домог. Түүнд хүрэх зам үгүй, зөвхөн хаяа нь үл хүрэх тэнгэр, хуурай зүлэг, бас шуугин исгэрэх салхи л байна. Бид нүүдэлчдийн гэр хэмээх сууцанд буудаллаж давстай сүүтэй цай ууж, ямаан сүргийн зураг авахаар түр саатав.

Заримдаа бид Өмнөговь аймгийн томор хөлгөөр туулж баршгүй их талд зүгээр л зогсож түр амсхийдэг байлаа. Үнэндээ надад энэ их тал дундуур морь унаад давхина гэдэг төсөөлшгүй зүйл билээ. Гэвч энэ бол дэлхийг морин дээрээс эзэлж авсан дайчин эр Чингис хааны нутаг. Түүний түүх бүхэлдээ эзлэн түрэмгийлэл, цуст дайн, хайр ба өш хонзон юм.

Энэ бол зүгээр л түүх. Харин домог түүний үхэлтэй цуг эхэлсэн юм. Чингис хаан нэгэнтээ Номхон далай, Каспийн тэнгисийн хоорондох бүхий л зүйлийг эрхшээлдээ авсан удаатай. Харин тэр нууцаа онгондоо аваад үлджээ. Гашуудсан цэргүүд түүнийг эх нутагт нь оршуулсан бөгөөд онгонд хүрэх замыг бүхнээс нууцлан далдалсан гэдэг. Эцсийн замд нь үдэж, онгонд нь мөнх нойрсуулахдаа түүний цэргүүд 1,000 мориор онгоны чулуу, тэмдгүүдийг дэвсэлж орхижээ.

Чингис хааныг нас нөгчсөнөөс хойш 800 жил өнгөрсөн ч хэн ч түүний ариун онгоныг олоогүй билээ. Гадаадын экспедицүүд түүхийн сурвалжуудын дагуу онгоныг Монгол даяар хайж, бүр Үндэсний газар зүйн нийгэмлэг хүртэл "Чингис хааны хөндий" хэмээх төслийнхөө шугамаар хиймэл дагуулаас хайсан юм. Гадаадынхан ийнхүү эрэл хайгуул хийх ашиг сонирхолтой байсан ч монголчууд үүнийг олдоосой гэж хүсээгүй билээ.

Чингис хаан эх нутагтаа бодитоор байхгүй гэсэн үг энэ биш. Түүний дүр торх мөнгө, архин дээр байдаг. Харин тэр 1227 онд таалал төгссөнөөсөө хойш ийнхүү нийтлэг байгаагүй нь лав билээ. Иймээс л гадаадынханд түүний бунхныг хайх нь яагаад цээрлэх зүйл вэ гэдгийг ойлгоход бэрх байж мэдэх юм. Түүнчлэн гадаадын хэвлэлд Чингис хааны онгон олдвол дэлхий дуусна гэсэн заналхийлэл ч байнга шахуу илэрдэг гэжээ.


ЧИНГИС ХААНЫ ОНГОНЫ ЭРЭЛ


Монгол бол асар их өргөн уудам газар нутагтай улс. Их Британиас долоо дахин том газар нутагтай хэдий ч дөнгөж хоёрхон хувьд нь зам тавигдсан. Доктор Д.Эрдэнэбаатар энэхүү археологийн ажлын багийн эрэл хайгуулд хүчээ зориулж буй нэгэн юм. Тэрээр Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгчээр ажилладаг бөгөөд энэхүү бунхныг хайх анхны экспедицэд багтаж байсан нэгэн.

Гурван гол нэртэй Япон Монголын хамтарсан төслийнхөн Чингис хааны төрсөн газар болох Хэнтий аймагт анхаарлаа хандуулаад буй. Миний орчуулагч Уелун бид хоёр доктор Д.Эрдэнэбаатартай Улаанбаатарын их сургууль дээр уулзаж бунхны талаар хөөрөлдсөн юм. Д.Эрдэнэбаатар 2000 жилийн настай Xiongnu хэмээх хааны булшийг Архангай аймгийн нутгаас ухаж гаргажээ.

Тэрээр энэхүү булш нь Чингис хааны бунхныг олоход ихээхэн ач холбогдолтой бөгөөд үүнтэй тун адилхан хэлбэр, загвартай байгаа гэдэгт ч итгэлтэй байна. Xiongnu хааны онгоныг газрын гадаргаас 20 метрийн гүнд, олон чулуун давхаргаар хамгаалсан байжээ.  Доктор Д.Эрдэнэбаатар анхны бунхныг нээн илрүүлэхийн тулд 10 зуныг үдсэн бөгөөд тэр нь хэдийнээ тонуулчдын гарт өртсөн байсан байна.

Гэсэн хэдий ч энэ нь Xiongnu хааныг илэрхийлэх асар их үнэт эд баялаг агуулсан хэвээр байж. Хятад дугуйт тэрэг, Ромын шилэн сав болон ихээхэн үнэт металл зэрэг олдсон байна. Олон хүн Чингис хааны онгон яг л үүний адил Монголын эзэнт гүрний үеийн алт эрдэнэс, үнэт зүйлсийг агуулсан байдаг гэдэгт итгэж буй. Энэ бол гадаадынхны ашиг сонирхол хүчтэй байдгийн бас нэг шалтгаан биз.

Гэвч их хааныг Xiongnu-ийнх шиг загвараар оршуулсан бол магадгүй ихээхэн хэцүү бэрх замыг туулж болох юм. Энэ мэт бунхны тэмдэг болсон чулуу, элдэв тэмдэглэгээг анхнаас нь үгүй болгосон байдаг. Магадгүй газрын гүнээс 20 метр доош гүнд байгаа бол бүр ч боломжгүй байж мэдэх юм.

Зууны мэдээ
Ж.Цогзолмаа

3 сэтгэгдэл