|

Найраагүй наадамлаж сурахсан


Найраагүй наадамлаж сурахсан

1967 оны наадам түүхэнд тодоор бичигдэн үлдсэн байдаг. дархан аварга Ж.Мөнхбат тав дахь түрүүгээ хүртсэн энэ жилийн наадмаар нэг ч начин цолтон төрөөгүй юм. Бөхчүүд жинхэнэ мөнчгөрөөрөө, үнэн хүчийг үзэн барилддаг сайхан үе байж дээ. Тэрхүү наадамд шөвгөрсөн бөхчүүдийг харахад сонин зүйл цөөнгүй. Тухайлбал, дархан аварга Б.Түвдэндорж 51, улсын арслан Ц.Бадамсэрээжид 42 настайдаа шөвгөрчээ. Тэд нас ахисан гээд хэн нэгнийг начин цолд хүргэхийг хүссэнгүй. Харин наадамчин олноо хүндэлж, үнэн шударгаар барилдсан нь энэ. Тиймдээ ч 1967 оны наадмыг өнөө хэр дурсан ярьсаар байна.

Тэгвэл 50 жилийн өмнөх энэхүү наадмыг өнөө жилийнхтэй харьцуулаад үзье. ялгаагүй 512 бөх зодоглосны дотор идэр хүчит аварга, арслангуудаас гадна харьж яваа том цолтнууд ч байв. дөрвийн давааны дараа улсын цолгүй найман бөх үлдсэн.

Ард түмний хайр хүндлэлийг уландаа гишгэж хэрхэвч болохгүй

Тэдний 3-4 нь, хамгийн ихдээ таван бөх улсын цолны босго алхана гэж олон хүн бодож байв. Ерөнхийдөө өмнөх жилүүдтэй харьцуулахад хавьгүй цөөн бөх улсын цол хүртэх дүр зураг харагдаад эхэлсэн хэрэг. Дөрвийн давааны тааварлашгүй оноолт замбараагүй найраа хийх боломжийг урьдын адил хааж өгсөн юм. Гэвч найраа арилсангүй. Бүр улаан цагаандаа гарах шинжтэй. Өнөөх аймгийн цолтнууд нь улсын цолтой томчуудаа ээлж дараалан сөхрүүлсээр бүгд тав давах нь тэр.

Нутгийн залуугаа дэмжиж цолд хүргэсэн нэгэн байхад илэрхий найрааны шинжтэй барилдаан хийсэн бөхчүүд ч байна. Ялангуяа залуу арслан Э.Оюунболдын өмнөөс харамсаад барахгүй юм. 19-тэйдөө аймгийн арслан болж, дараа жил нь улсын харцага цолд хүрсэн энэ бөх 2015 онд 22-тойдоо наадамд барилдсан 512 хүчтэнийг манлайлж байв. Үүнээс хойш түүнийг наадамд дахин түрүүлж, улсын аварга болно гэж итгэл хүлээлгэх хүний тоо эрс нэмэгдсэн. Харин 24 настайдаа начин төрүүлнэ гэж хэн ч бодоогүй нь лавтай. Гэвч ийм юм болоод өнгөрөхийг бүгд харлаа, бүгд харамслаа.

О.Хангай тэр хоёрын хоорондын барилдаан 300 саяын үнэтэй гэсэн яриа олны дунд "нисэж” явна. Үнэн худлыг нь мэдэхгүй юм. О.Хангайг амлахаар нь 1997 онд Ц.Цэрэнпунцаг тухайн үед олныг чичрүүлж байсан Б.Ганбатыг гурвын даваанд амлан хаясантай зүйрлүүлэн бодож, залуу арслан аатайхан ам авлаа гэж бодсон. Гэвч барилдааныг нь хараад энэ бодол маань ор мөргүй арилж одсон юм. Уг нь Э.Оюунболдыг дараагийн аварга цолтон, бүр цаашилбал Б.Бат-Э рдэнэ аваргын амжилтад дөхөж очих хэмжээний бөх гэж үнэлдэг хүн шүү дээ. Харин энэ итгэлийг дааж чадна гэдэгт эргэлзэж эхэллээ.

Сүүлийн үеийн бөхчүүдийг хараад байхад 30 нас жаахан хэтрээд ирэхээрээ элдэв найраанд өртөх хандлагатай болчих юм. Тэгээд л нутгийнхаа залууг, эсвэл гайгүй мөнгө амласан нэгэнд хэвтээд өгдөг бололтой. Албан ёсоор илрүүлж нотлоогүй л болохоос ийм барилдаан байнга гарч байгааг бөхийн хорхойтнууд андахгүй мэднэ. Тэр бөх авсан цолдоо ханасан байж болно. Эсвэл наадамд түрүүлэх хэмжээнд барилдахаа больсон байж магадгүй. Гэхдээ л ард түмний хүндлэлийг уландаа гишгэж хэрхэвч болохгүй. Үнэндээ ард түмний хайр хүндэтгэлийн ачаар л бөхчүүд өдий зэрэгтэй яваа. Хэрэв хүмүүс та нарыг дэмжихгүй, барилдааныг нь үзэхгүй бол үндэсний бөх мөхөл рүүгээ явах болно. Гэтэл сүүлийн жилүүдэд бөх сонирхдог хүмүүсийн тоо улам багасаад байгааг бөхчүүд өөрсдөө анзаарч мэддэг болов уу.

Хүмүүс зургаан залуу зааны үеийг дурсан ярих дуртай. Тэд цолдоо эзэн болж чаддаг, элдэв найраанд орооцолдоод байдаггүй, уран хурц, дайчин шаламгай барилдаантай болохоор ард олны хайр хүндэтгэлийг хүлээж чадсан юм. Гэтэл одоогийн залуус яаж байна. Бөөнөөрөө өндөр цолд хүрэх юм. Гэвч түүнийгээ батлаад, ахиулж чадсан бөх гэвэл Г.Эрхэмбаяр аваргаас өөр алга. Үүнийг монголчууд цол нь томдох гэж ярьдаг. Тэгвэл өдгөө цол нь томдсон, гэдэс гүзээ нь унжсан, мэх хийлгүй зугатаж, хаялцах барьц хүлээсэн хэдэн нөхөр наадмын зүлэг ногоон дэвжээг гутааж байна. Ийм байхад үндэсний бөх сонирхох хүний тоо буурахаас ч аргагүй.

Ахмад бөхчүүд дороос гарч ирж буй ирээдүйтэй залуусыг амлан авч, улсын цолны босго алхуулдаг уламжлал аль эртнээс байсан. Жишээ нь Өвөрхангайн Г.Цоодол арслан нэлээд харих тийшээ хандсан үедээ Увсын Х.Баянмөнхийг тавын даваанд амлаж, улсын начин болгосон түүх бий. Түүнчлэн Д.Цэрэнтогтох аварга нутгийн бөх Д.Сумъяабазарыг начин цолд хөтөлсөн түүх саяхных. Гэхдээ дээр дурдсан хоёр жишээ бол найраа биш. Энэ бол өсөх ирээдүйтэй залуусыг дэмжиж цолд хүргэх эртний сайхан уламжлал. Харин энэ уламжлалыг одоогийн бөхчүүд мөнгө төгрөгтэй холбож, утгыг нь алдагдуулах болжээ. Өнгөрсөн жил 22 бөх улсын цол шинээр хүртсэн нь найраа гээч зүйл оргилдоо хүрснийг баталсан. Харин энэ жил хоёр дахин цөөн бөх барилдах болохоор байдал арай дээрдэнэ гэж хүлээсэн. Гэвч бахь байдгаараа.

Залуу арслан Э.Оюунболдын өмнөөс харамсаад барахгүй юм

Наадмын найраа харж бухимдаж суутал Ч.Санжаадамба аваргын будлиантай барилдаан гал дээр тос нэмж орхив. Өмнө нь иймэрхүү будлиан гарч, наадмыг хэдэн цагаар саатуулсан түүх мартагдаагүй байхад үүнээсээ сургамж авсан зүйл огтхон ч алга. МҮБХ үндэсний бөхийн хөгжилд нэмэр болохуйц олон буянтай ажил хийснийг хүмүүс мэднэ. Гэхдээ зарим зүйл дээр хэт хуучинсаг арга барилаасаа салмаар байна. Наадмын дэвжээний дөрвөн талд суусан хөлийн цэцүүд барилдаан болгоныг гярхай ажиглаж, хэн давсныг тогтоох бараг боломжгүй. Гэтэл видео бичлэг ашиглахгүй гэсэн муйхар шийдвэрээр түрий барьж, зүтгэсээр байгаад нэгэн бөхийн бүтэн жилийн хөдөлмөрийг баллаж орхив. "Шүүгчийн шийдвэр нэгэнт гарсан л бол түүнийг дагаж биелүүлэх ёстой.

Олимпийн наадамд ч ийм л байдаг” гэсэн үгээр ам таглаж байна лээ. Тэр үнэн. Гэхдээ олон улсын том тэмцээнд шүүгч шийдвэрээ гаргахаас өмнө удаашруулсан бичлэг ахин дахин үзэж нягталдаг юм. Дэлхий нийтийн хандлага ч энэ зүгт явж буйг спорт гадарладаг хэн бүхэн ойлгоно. Шүүгчийн шийдвэртэй холбоотой маргаан хамгийн их гардаг хөлбөмбөгийн спорт сүүлийн үед бичлэг ашиглах болсон. Энэ нь хэн хэндээ гомдолгүй. Гэвч манайх дэвшилттэй бүхнээс ухардаг мунхаг зангаа тавихгүй шинжтэй. Өөрсдөө камер суурилуулаад, бичлэг хийж чаддаггүй юм бол ядаж телевизүүдийн бичлэгийг ашиглах боломж бүрэн байна шүү дээ.

Дашрамд сануулахад, УИХ-ын хаврын чуулганаар Биеийн тамир, спортын тухай хууль амжиж батлагдсанаар наадмын үеэр гардаг элдэв бусармар зүйлийг таслан зогсоох боломж бүрдэж буйг хүмүүс сайн мэдэхгүй байх шиг. Өмнө нь цолны найраа хийсэн бол, эсвэл засуул, хөлийн цэц алдаа гаргасан бол ямар шийтгэл оноох нь тодорхойгүй байв. Харин шинэ хуулиар энэ бүхэн зөрчлийн хуультай холбогдоод явах юм. Тухайлбал, бөхчүүд найраа хийсэн нь шүүхээр тогтоогдсон бол торгох, цол зэргийг нь бууруулах, бүр цаашлаад тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хасах тухай заалт бий. Мөн шүүгч буюу хөлийн цэц алдаа гаргавал хариуцлага тооцох эрх зүйн орчин нэгэнт бүрджээ. Тиймээс хууль дүрэмгүй мэт аашилдаг бөхчүүдийг шинэ хуулиар чангалаад өгмөөр байна. Ингэхийн тулд холбоо өөрсдөө санаачилгатай ажиллах ёстойг сануулах нь илүүц биз ээ.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин

0 сэтгэгдэл