Улстөрчид тэр дундаа эрх барьж буй МАН болон АН-ынхан биенийхээ хийсэн ажлыг муулах нь "хэрээ хэрээнийхээ харыг гайхав” гэгч болдог нь яах аргагүй үнэн. Заримдаа инээд хүргэм асуудлаар улстөр хийж, биесээ гоочлох нь иргэдэд зугаатай санагддаг ч байж мэдэх. Гэвч заримдаа тэдний зугаа нь бүх нийтийн зутралт болж өнгөрөх нь олонтаа. Тэдний хэрүүлийн нэгээхэн хэсэг нь хий дэмий мөнгө зарлаа, тараалаа гэх. Тиймдээ ч өнгөрсөн жил Засгийн эрхийг барьж байсан АН-ыг сонгуулийн өмнө "Эрдэнэс таван толгойн” хувьцааг төр худалдаж авах нэрийдлээр 300 мянган төгрөг тараасныг дээр, дооргүй л шүүмжилсэн. "Улс орны эдийн тэд засгийн доройтуулсан” хэмээн жил гаруй ярьсан тэд харин яг ижилхэн шийдвэрийг өчигдөр Засгийн газраараа гаргуулчихлаа.
Хугацааны хувьд гайхалтай гэгч нь тохироод байгаа эдгээр шийдвэрүүдийг сайн гэж хүлээж авахаасаа илүү сонгуультай холбож ойлгож байгаа нь улстөрийн эгзэгтэй цаг үеийнх үү. Ямартай ч Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын өмнөх нь Засгийн газар нь "мөнгөөр бороо оруулах” хэд хэдэн шийдвэр гаргасан нь ард түмнээсээ "кок” авах санаархал хэмээн хардахаас өөр зам үлдсэнгүй. Иргэдийн зарим нь Засгийн газар МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн штаб болсон юм уу хэмээн шүүмжилж байхад нөгөө хэсэг нь өнөөдрөөс "баяжих” хэмээн ам сайтай байна.
Өчигдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэр.
Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно
Засгийн газрын ээлжит хуралдаанаар бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох, мөн хүүхдийн мөнгөө аваагүй, хүүхдүүдэд нөхөж олгох шийдвэрийг гаргалаа.
-Монгол Улсын эдийн засаг хямралтай хүндхэн үед Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт тавьсан. Хөтөлбөрт хамрагдахын тулд хэд хэдэн арга хэмжээ авахыг тус сангийн зүгээс Засгийн газарт чиглэл болгож байсны нэг нь хүүхдийн мөнгөний асуудал. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгох чиглэл өгч байсан. 2017 он гараад хагас жил гаруй болж байна. Энэ хугацаанд Монголын эдийн засагт ногоон гэрэл асч, эдийн засгийн уналтыг хязгаарлаж, зогсоож чадлаа. Өнөөдрийн байдлаар эдийн засаг 4-4,5 хувийн өсөлттэй, 500 тэрбум төгрөгийн давсан орлоготой байна. Сүүлийн 4-5 жилд анх удаа төсвийн орлого давж байна. Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоход 100 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Тэгэхээр энэ давсан орлогоосоо энэ хугацаанд хүүхдийн мөнгө аваагүй хүүхдүүдэд мөнгийг нь нөхөж олгож, мөн цаашид бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох, эдийн засгийн орлогоос иргэн, өрх бүртээ хүртээх гэгээлэг шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Энэ шийдвэр маргаашаас эхэлнэ гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат ярилаа.
"Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцаанаас иргэн бүрт хувь эзэмшүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэт үйлдвэр" компанийн 49 хувийг 100 хувь төрийн мэдэлд авч, төрийн өмчийнх болгох асуудлыг бүрэн шийдэж дуусгах шийдвэр гарч холбогдох яамдын сайд, агентлагийн дарга нарт үүрэг өглөө.
Мөн "Эрдэнэт үйлдвэр"ийн дээрх хувьцаанаас нийт ард иргэдэд хувь эзэмшүүлэх шийдвэр гарч, энэ ажлыг яаралтай зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.
-"Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт стратегийн орд газруудаас хувь, хишиг хүртээх боломжийг ард түмэндээ олгож хэрэгжүүлнэ гэсэн зорилт албан ёсоор хэрэгжиж эхэллээ.
УИХ-ын 2017 оны 23-р тогтоолоор "Эрдэнэт үйлдвэр"-ийг 100 хувь төрийн мэдэлд авах үүрэг даалгавар өгсөн ч 49 хувийг эзэмшиж байсан байгууллага нь эсэргүүцэн шүүхэд хандсан. Шүүх "Эрдэнэт үйлдвэр"-ийг 100 хувь төрийн мэдэлд авсан Засгийн газрын шийдвэрийг буруутгасан шийдвэр гарсан. УИХ-ын дарга М.Энхболд ч 2017 оны 23-р тогтоолыг хэрэгжүүлэх тал дээр Засгийн газарт үүрэг даалгавар өгсөн. Энэ зарчмын дагуу асуудлыг шийдэж, Монгол Улсын иргэн бүр Эрдэнэт үйлдвэрээс хувь эзэмшихээр боллоо” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэллээ.
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлт үзүүлнэ
Засгийн газрын хуралдаанаар "Ахмад настанд үйлчилгээ, дэмжлэг, хөнгөлөлт, хүндэтгэл үзүүлэх журам”, "Ахмадын сан байгуулах журам”, "Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврээр харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчих журам”, "Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн санг удирдах, ашиглах журам”, "Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг тус тус хэлэлцэн баталлаа.
Журмын дагуу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчиж байхаар боллоо. Иргэд тухайн аймаг, нийслэл, дүүргийн халамжийн үйлчилгээний байгууллагад хандаж хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтээ гаргах боломжтой юм. Үнэ төлбөргүй зорчих цахим карт хоёр жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд дууссан үед нь сунгаж байхаар журамд тусгажээ.
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрт шаардлагатай протезийн хэрэгслийг эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан байгууллагатай гэрээтэй байгууллагаар хийлгэж, Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлнэ. Харин даатгалаас санхүүжүүлэх боломжгүй протезийн хэрэгсэл болон гадаадад хийлгэсэн протез, ортопедийн үнийн хөнгөлөлтийг Нийгмийн халамжийн сангаас авах боломжийг бүрдүүлжээ.
Хөдөө орон нутгаас аймаг, нийслэлд ирж суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон асран хамгаалагч тус бүрт ирж, очих унааны зардлыг жилд нэг удаа олгож байхаар болсон байна.
Ахмад настан жилд нэг удаа ахмадын зориулалттай амралт, сувиллын газар амарч сувилуулан Засгийн газраас баталсан жишиг үнийн дагуу эрхийн бичгийн үнийн хөнгөлөлт эдэлж байх юм.
Тухайлбал магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амарч сувилуулсан бол эрхийн бичгийн үнийг эрүүл мэндийн даатгалтай иргэний энгийн өрөөний тарифаар, тээврийн хэрэгслийн нэг талын зардлыг ахмад настанд 50, хүндэт донор, алдар цолтонд 100 хувиар олгохоор тусгажээ.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын цолтон, ахмад дайчин, дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр /нөхөр/-т орон сууцны хөлс төлөх, нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь дэмжлэг болгож Засгийн газраас тогтоосон мөнгөн тусламжийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж олгох зэргийг дээрх журмуудад тусгалаа.
Орон нутгийн хэрэглэгчид цахилгааны тарифын хөнгөлөлтөд хамрагдана
Засгийн газрын хуралдаанаар "Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг хэлэлцэн шинэчлэн баталлаа.
Нийслэлийн гэр хорооллын өрх шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувь, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрх 50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо. Хөнгөлөлтөд нийтдээ 140 орчим мянган айл өрх хамрагдана гэж тооцоолсон байна.
Тухайн хэрэглэгч хүйтний улиралд орой, шөнийн цагаар зөвхөн хүн оршин сууж байгаа орон байрны халаалтын болон ахуйн зориулалтаар хэрэглэсэн цахилгаандаа хөнгөлөлт авах юм.
Хүйтний улирлын үргэлжлэх болон цахилгааны орой, шөнийн тарифыг мөрдөх хугацаа, хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчийн цахилгааны хэрэглээний дээд хязгаарыг цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний хүчин чадал, техникийн боломжоос хамааруулж Эрчим хүчний зохицуулах хороо тогтооно.
Харин нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Нийслэлийн Засаг дарга хамтран жил бүр шинэчлэн тогтоож байхаар журамд тусгасан байна.
Мөн журамд хэрэглэгч нь стандартын шаардлага хангасан, баталгаажсан тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй, цахилгааны болон галын аюулгүй байдлыг хангасан байх, тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө цахилгааны өр төлбөргүй байх зэргийг ч тусгажээ.
24tsag.mn
0 сэтгэгдэл