|

XX ЗУУНЫ ХАМГИЙН АЛДАРТАЙ ЭМЭГТЭЙН НУУЦ ТЭМДЭГЛЭЛ ИЛ БОЛЛОО

XX ЗУУНЫ ХАМГИЙН АЛДАРТАЙ ЭМЭГТЭЙН НУУЦ ТЭМДЭГЛЭЛ ИЛ БОЛЛОО

Энэхүү бичлэгийн зарим материалыг 1992 онд гэрлэлтээ цуцлуулсных нь дараа гарсан "Диана: үнэн түүх" номд ашигласан аж. Гэвч хатагтай Спенсерийн олон дурсамж хэтэрхий задгай, нууж хаагаагүй байсан тул намтар зохиогч зөвхөн одоо л үлдсэн хэсгийг нь гаргахаар зориг шулууджээ.

Энэ явдал өчигдөрхөн болсон мэт санагдаж байвч хэдийнээ 20 жил өнгөрчээ. Папарациас зугтах гаж байдгаараа хурдалсан хар өнгийн "Мерседес” машин Парисын гүүрэн доогуурх туннелд осолдож, дурлалт хос хамгийн нандин үгээ ч хэлж амжилгүй нас барсан түүх. Британийн гүнж Диана, Египетийн баян эр Доди аль-Файедын амрагийн эмгэнэлт түүх тэртээ он жилд шарлан үлдсэн ч "Ардын гүнж”-ийг бишрэгчид түүний амьдрал, үхлийн оньсого мэт ээдрээг тайлахыг оролдсоор байгаа юм.

Тэгвэл өдгөө ч леди Ди бидэнд дахин мэдээлэл явуулсаар байна. Тодруулбал, Дианагийн өөрийнх нь намтрыг зохиогч Эндрю Мортонд илгээхээр диктафонд бичүүлсэн аудио өдрийн тэмдэглэл олны хүртээл болжээ.
ТҮҮНИЙ АМРАГ ДЭРГЭД МИНЬ БАЙСАН

Диана дөнгөж 20-тойдоо 32 настай Чарльз хунтайжтай гэрлэжээ. Мэдээж нас бие гүйцсэн эр хүнд амрагийн асуудал өчнөөн байсан нь ойлгомжтой. Тэр ч байтугай багын найз Камилла Паркер-Боулзтай амрагийн холбоотой гэдэг нь ч ургийн барилдлагад нь саад болсонгүй. "Гэгээн Павелын сүмд болох хуримын ёслолоос хоёр хоногийн өмнө бид ёслолоо давтсан юм. Тэр үед л намайг юу хүлээж байгааг ойлгож, нүдээ ширгэтэл уйлж билээ.

Нэг зүйл намайг бүрэн мухардалд оруулж байсан. Энэ зүйл бол Камилла. Би асуудлаас зайлсхийх гэж оролдсон боловч хэнтэйгээ ч ярихаа мэдэхгүй байсан" хэмээн леди Ди дурсжээ. Хуримын өмнөх сүүлчийн шөнө тэрээр мэдрэлийн гаралтай ховдоглон идэж бөөлжих эмгэг тусжээ. "Би гарт дайралдсан бүхнээ идээд л байлаа. Надад юу болсныг хэн ч ойлгохгүй, би тийм сул дорой болчихсон байсан... Заазанд орох гэж буй хурга шиг болсон байлаа. Энэ бол миний эрх чөлөөтэй байх сүүлчийн шөнө байсан юм” хэмээжээ.

Дэлхий даяар шимтэн сонирхсон нүсэр том хуримын ажиллагаа залуу бүсгүйн гэр бүлийн амьдралын хамгийн гэрэл гэгээтэй цөөхөн өдрийн нэг байлаа. "Би нөхөртөө маш их хайртай байсан болохоороо нүдээ ч салгаж чадахгүй байсан. Энэ ертөнцийн хамгийн аз жаргалтай эмэгтэй нь зөвхөн би юм шиг санагдаж байлаа. Гэтэл би хэчнээн их алдаж эндүүрсэн хэрэг вэ!... Сүмийн хаалгаар ороод л харцаараа Камиллаг хайж эхэлсэн. Түүнийг тэнд байгааг мэдэж байлаа...

Ингээд ёслолоо үйлдчихээд буцах үедээ түүнийг торон гивлүүр бүхий цайвар саарал бүрх малгайтай байгааг анзаарсан. Түүний бага хүү Том сандал дээр зогсож байлаа. Энэ өдрийн бүх зүйлийг бид маш тодхон санаж байна” хэмээн ярьжээ.

Ингээд л түүний хувьд үгээр хэлэхийн аргагүй хүнд өдрүүд эхэлжээ. "Цонхны цаана эцэс төгсгөлгүй бороо ороод л байгаа мэт санагддаг байлаа. Би сэтгэл гутралд орж, бугуйгаа сахлын хутгаар ч зүсэх гэж оролдов. Бас дөрвөн сартай жирэмсэн байхдаа шатнаас доош унаж ч үзсэн. Нөхрийнхөө анхаарлыг татах гэж, тэр намайг сонсдог болоосой гэж тэр шүү дээ’’ хэмээн өгүүлсэн байна.

Гэсэн ч Чарльз хүйтэн хөндий хэвээр байлаа. Азаар сайн сэтгэл зүйчид гүнжийн эрүүл мэндэд онцгой анхаарал тавьжээ. Гэвч хэн ч түүний гэр бүлийн амьдралыг авч үлдэж чадсангүй.
ЭР ХҮНТЭЙ АРААР ТАВЬЖ БАЙСАН УУ

Чарльзын найз, хувийн туслахыг Майкл Фосетт гэдэг байлаа. Тэд хэтэрхий дотно байсан тул Диана хүртэл тэр хоёрыг хардахад хүрчээ. (Британийн язгууртан эрчүүдийн дунд бэлгийн уламжлалт бус чиг хандлагатай холбоотой дуулиан олон байдаг).

Энэ тухай Диана гүнж "Тэр Фосеттой хэтэрхий ойр дотно байсан. Ер нь нөхөр нь албаттайгаа эрүүл бус харилцаатай байхад юу хийх ёстой юм бэ? Чарльз Майклтайгаа надаас илүү дотно "нөхөрлөдөг байсан”.

Энэ бүхэн үнэхээр утгагүй, яг л буланд шахагдсан мэт санагдаж байлаа. Нэг удаа би тэднийг Чарльзын өрөөнд хамт хонохыг хүртэл шаардаж байсан шүү. Тэд ч цочирдож, надад дургүйцлээ илэрхийлсэн" хэмээн ярьжээ.

Их Британийн шар сонинуудад бичиж байсан өөр нэгэн дуулиант түүхийг ч Диана гүнж баталжээ. Энэ бол өнөөх Фосетт нь хунтайжийн өрөөний зарц Жорж Смиттэй архи уугаад, түүнийг хүчиндсэн гэсэн яриа аж. Энэ хэргийг Чарльзын нөлөөгөөр дарж чаджээ. ...Ийм таагүй уур амьсгалд тэдний хүүхдүүд өсөж бойжиж байлаа. Диана гүнж "Чарльз надаас Уильям, Харри хоёрыг авахыг оролддог байсан.

Харин би хүүхдүүдээ энгийн хүмүүстэй харилцаж, хорвоо дэлхий гэж үнэн хэрэгтээ ямар болохыг мэдээсэй гэж хүссэн” хэмээжээ, Зовлонт эхийн энэ хүсэлтийг ч сонссон бололтой. Өдгөө 30 гаруй настай ax дүү хоёр ханхүү дуулиан шуугианд бузарлагдсан хатан хааны гэр бүлийн шинэ нүүр царай, шинэ итгэл найдвар болон гарч ирж байгаа билээ.

ДИАНА ГҮНЖИЙН ТУХАЙ...

Диана Френсис Спенсер нь 1961 онд Английн язгууртны гэр бүлд төрсөн. Ордны хүний охин болохоор леди хэмээх цол авах эрхтэй байв. Тэрээр , 16 насандаа Спенсерүүдийн төрөлх эдлэнд ан хийхээр ирсэн Британийн хаан ширээг залгамжлагч  хунтайж Чарльзтай танилцжээ.

Хос 1981 оны зун гэрлэж, Уильям, Харри хэмээх хоёр хүүтэй болсон юм. Диана сайн үйлсийн аян, өрнүүлж, "Ардын гүнж" хэмээн нэрлэгдтэлээ алдаршсан боловч нөхөртэйгөө харилцаа нь тааруу байсан аж. Нөхөр нь түүнийг хуучин амраг Камилла Паркер-Боулзтайгаа араар нь тавьсаар байлаа. (Хожим нь тэд гэрлэсэн). Хос 1992 оноос тусдаа амьдарч, 1996 онд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан билээ. Харин 1997 оны наймдугаар сарын 31-нд "Ардын гүнж” найз Доди аль-Файедтай машинаар явж байгаад осолдон амиа алдсан юм.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа



0 сэтгэгдэл