|

ХУРАН ЧУУЛАХ БУЮУ ХУВЬСГАЛЫН ТУХАЙ БОДОЛ

ХУРАН ЧУУЛАХ БУЮУ ХУВЬСГАЛЫН ТУХАЙ БОДОЛ

 

Өнөөдөр олон хүний хувьд Октябрийн их хувьсгалын түүхэн яруу алдарт 101 жилийн ой тохиож байна. Магадгүй хүн төрөлхтөний түүхэнд өмнө нь гарсан олон хувьсгалтай, ирээдүйд гарах олон хувьсгалтай адилхан үзэгдэл гэж үзэж болох ч үнэндээ заримталаараа тийм биш байсныг бид ер нь мэднэ. Орос оронд олон арван жил бугшин хуралдсан шударга бус явдлын идээ бээр хага үсэрсэн нь тодорхой. Хэн шударга бус байсан бэ? Хаан эзэн, язгууртнууд, цэргийн эрх мэдэлтнүүд, шүүгчид, газрын эзэд, тэгээд муусайн жижиг түшмэдүүд гээд тэвчихийн аргагүй хэрэг явдлын эхлэлийг өөрсдийнхөө гараар ухчихаад дараа нь тэр ухсан нүхэндээ хожим өөрсдөө унасан хүмүүс байлаа. Большевикууд ч баяр бахдалтайгаар хэд хүрздээд булж орхисныг бид бэлхэн мэднэ. Хүрз гэдэг хөдөлмөрийн багаж зэвсэг хүн төрөлхтөний бүх хувьсгалд хамгийн хэрэгтэй зүйлийн нэг байлаа. Хага цохих, булж орхих хоёрт...

1820-иод оны Декабристуудын хөдөлгөөн, бослого тэмцэл, тэдний үзэл санаа. Ах дүү Бестужев, Рылеев, мэдээж залгаад А.Н.Герцен, эцэст нь большевикууд, хөрөнгөтний бус хувьсгал, хомроглон нядалт, пролетарийн засаг, В.И. Ленин. Үйл явц хэдийгээр 100 хүрэхгүй жилийн дотор өрнөсөн боловч хор уршиг нь одоо ч үргэлжилсээр байгаа буруу эхлэлд хүргэсэн шүү дээ. Хамгийн гол нь тэрхүү хувьсгалын өдөөгч ХҮЧ ард олны дургүйцэл дээд цэгтээ хүрээд, дээд цэгээсээ ч дээш гарсанд байсан юм. Декабристууд илүү ардчилсан шинжтэй хувьсгал хийхийг санаархсан бол 1917 онд хэнд ч тэр их хуйларсан хилэн хорсолыг зөв эргүүлэх боломжгүй нөхцөл үүссэн байжээ. Францын хувьсгал үзэл санааны хувьд нийгмийн харилцааны гажуудлыг эсэргүүцсэн шинжтэй байсан бол Октябрийн хувьсгал бүр нийгмийн тогтолцооны эрс өөрчлөлтийг хүсэмжилсэн эсэргүүцэл дээр боссон юм. Аймшигтай нь бүгдийг нураагаад, хороогоод дахин шинээр нийгмийн цоо шинэ "утопи” шинжтэй харилцааг эхлүүлсэн явдал байлаа. Коммунизм гэхдээ бүхэлдээ”үл гүйцэлдэх” зүйл биш. Чухамдаа тухайн үед Дэлхийн нэгдүгээр дайны хямрал, эдийн засгийн сүйрэл, нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалт газар авчихсан байснаас Октябрийн хувьсгал үзэл санааны шинжтэй гэхээсээ илүү өс хонзон, ядуурал, баялгийг тэгшитгэх өмчийн харилцааны гажуудал дээр өрнөчихсөн юм билээ. 1917 оны Октябрийн хувьсгал зарим газар одоо ч өрнөхөд бэлэн байна. Сайн зүйл биш шүү?

Нэгэнтээ суут эрдэмтэн Л.Н.Гумилевын "эрчим хүчний онол” хэмээх нийгмийн үзэгдэл ба байгалийн хамаарлыг харгалзах үзлийн үүднээс улс үндэстэн хөгжлийн тодорхой үе шатуудыг туулж, эцэст нь эрчим хүний уналтын үед хүрч ирнэ. Гол шинж тэмдэг нь нийгэмд өв тэгш хүмүүс үгүй болж, амин хувиа хичээгсэд элбэгшинэ. Тэд "БИ” л болж байвал бусад нь ямар ч хамаагүй гэсэн хэт өчүүхэн бодолтнууд байна. Улс орон эзэнгүйдэж, бусдын дарлал эрхшээлд орж, соёл иргэншил үндэсний шинжээ бүрэн алдаж эхэлнэ гэсэн байдаг. Энэ дүр зураг одоо хаана илүү ажиглагдаж байна вэ? Мөн ард олны хилэнт санаа бодол тэгвэл хаана илүү хуран чуулж байна вэ? Эргэцүүлээд бодоод ч байх шаардлагагүй. Хариулт нь МОНГОЛД.

Бидэнд одоо юу хуран чуулаад байна вэ? Н.Гумилевын оношлосноор уналтын дараа үед нийгмийг амин үзэлтнүүд бүрэн сульдан доройтуулна. Тэр үед нийгмийн олонхийн зүгээс тэмцэл хөдөлгөөн өрнөнө. Аминч хүмүүс зүгээр хараад суухгүй. Ингээд л тэмцэл, тэгээд л хувьсгал гэжээ. Энэ үзэгдэл өнөөгийн Монгол орны улс төрийн амьдралаас ямар ч засвар өөрчлөлтгүй маш тодорхой харагдаж байна. Аминч хүмүүс бүхий л салбарт шалз хувалз шиг шигчихсэн байна. Бусдыг сороод өөрөө амьдрах хүсэлтнүүд. Зөвхөн улс төр, биенесийн хүрээнд ч бус соёл, шинжлэх ухаан, боловсролын салбарт АМИНЧ хүмүүс язагнаж байна. Дунд сургуулийн сурах бичиг хэвлүүлэх тендерт танил талаараа оролцож, ямар ч шинэ санаагүй хуучин агуулгатай ном байнга бичиж, түүнийгээ хэвлүүлдэг, хэдий багахан оногддог ч шинэ ном худалдан авахдаа хямд үнэтэй, хүнд тусгүйг сонгодог, гаднаас ирсэн төслийн мөнгөөр гадаадад аялах, галуу шувууны мах идэх, зарим зүйлсийн талаар "А” ч мэдэхгүй байж, бүр гадарладаггүй байж соёлын арга хэмжээнд мэргэжилтнүүдийг орхиод өөрөө оролцдог, худлаа нэр сүрээ мандуулж, цол гуншин бөөндөж аваад, энд тэнд уригдаж залагдаад хүний бичсэн номоор өөрийн мэт илтгэл айлддаг, том томсайхан нэртэй төсөл бичээд /бичээд ч гэж дээ, голдуу бичүүлээд/түүнийхээ санхүүжилтийг төрөөс гаргуулж, өрмийг нь өөрсдөө хамаад шингэн сүүг нь бусдадаа амтлуулах төдий бологчид хэн бэ? Өнөө Дундговийн Дэлгэрийн хийдэд олон жил нямбанд суугаад гарч ирсэн лам хархүү манай нэр нөлөөтэй компаний захирлуудыг барьж аваад ”бод, бод, сайн бод” гээд байдаг шиг сайн бодоцгоо. Хэрэв та тийм үйлдэл хийдэг бол Н.Гумилевийн "эрчим хүчний онол”-оор удахгүй цаг чинь ирнэ. Гарцаагүй ирнэ. Бүх хувьсгалын шинж тэмдэг, Н.Гумилевийн үзэл оношлогоо буруу биш бол. Аминч хүмүүсийг арчиж хаях цаг мөд ирнэ. Цаг ирнэ.

Төр бол харьцангуй хийсвэр, универсал шинжтэй үнэт зүйл. Төрийн сүлд минь өршөө гэдэг нь МАН юм АН- тай ямар ч хамаагүй илүү дээд түвшний залбирал. Харин сайн ТӨР, муу ТӨР гэж үгүй. Харин сайн ЗАСАГ, муу ЗАСАГ гэж бий. Төр, Засаг гэдэг нь нэгдмэл бус хоёр тусдаа ойлголт гэдгийг Манжийн үеэс Монголчууд мартаж, эсвэл мартуулж, үгүй бол ойлгохоо байж эхэлсэн биз. Тиймээс луйварчдаар дүүрсэн ЗАСГИЙГ бус ТӨРӨӨ хараагаад байгаа юм. Үнэндээ монгол төрийн ой санамж алдагдсан, уламжлалаа мартаж санасан явдал бий ч голч чиг чанарууд нь хөөрхий минь одоо ч оршсоор байна. Тэгээд ч манай дарга нар огцрохынхоо өмнө” Монголын төрд хоёргүй сэтгэлээр” зүтгэлээ хэмээн "хуцаад” байдаг нь үндсэндээ худлаа, дээрээс нь итгэхэд бэрх. Тэд төрд зүтгээгүй, нам бүлэглэл, засгийн эрх мэдэлд нь үйлчилсэн шүү дээ. Юун зүтгэх... Төр гэдэг чинь тэдний боддог шиг "ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ЗЭЭЛ” биш. Төрд зүтгэх гэдэг чинь Цагаагчин гахай жилийн удирдагчид энд тэндээс элдвээр хавчигдсан ч урвах сэтгэлгүй тэмцсэн үйл хэргийг хэлдэг юм. Түүнээс бус намын нохой бөөснүүд засгийн ханзан дээр гарснаа ТӨРИЙН хэрэгт зүтгэж байна гээд түрийвчээ зузаарсныг халаасан дотроосоо тэмтрэхийг хэлэхгүй.

1990 оны хувьсгалд нас бага, цус шингэн ч гэсэн хэр чадлаараа оролцож явлаа. МоАХ-ны 15 настай анхны гишүүдийн нэг байлаа. Гэрчлэх хүмүүс одоо ч цөөнгүй амьд арзайж, мэнд мэлтийж байгаа. Би ямар амьд гэрчгүй болчихоод амны дураар цуурсан Ардын хувьсгалын партизан биш. Тэр үед нийгмийг өөрчилсөн үү? Мэдээж өөрчилсөн. Харин ганцхан зүйлийг олигтой хөндөлгүй орхисон нь өнөөдөр бидний алдаа. Тэр бол боловсролын хуучин тогтолцоо. Тогтолцоо бүхлээрээ өөрчлөгдөхөд боловсролын хандлагын өнгөн бүрхэвч ч бас өөрчлөгдсөн, тэр үнэн. Харин бид боловсролд үзэл санааны хувьсгал хийж чадаагүй. Тиймээс л эрдмийг чухалчлах харилцаа бус элдэв амь зуух аргыг сурталчилдаг дамжаа болж хувирсан байна. Үр дүн нь нам дагасан амь зуугчдын том бүлэглэлүүд. Ямар ч аргаар хамаагүй, ёс зүйгүй үйлдэл хийж үр ашиг, олз горьдогчдын "супер” лигийн гишүүд. Гэхдээ хамгийн эцэст нь тэдэнд орогнох, амьдрах орон бий болсон гажуудсан ЗАСАГ, нийгмийн харилцаа байлаа.

Тиймээсхараал зүхэл хуран чуулсан ЗАСАГТ л хамаг учир байна. Магадгүй өнөөдрийн олон хүний өнгөцхөн бодоод байгаагаар Засгийг сайжруулах ганцхан сайн арга нь ердөө НОЁДЫГ солих. Тэгээд оронд нь хэнийг тавих вэ? Өсөн хонзон санагчдыг уу? Эсвэл эрх мэдлээ алдагсдыг эргүүлээд тавих уу? Үгүй бол хувьсгалын сиймхийгээр завших хүсэлтэй хувьсгалч нэртэй, хуурамч явдалтнуудыг уу? Нөгөө саяхан солигдогчдын гар хөл бологсод, юутай хээтэй нь долоогч, юунаас нь зүүлттэйчүүдийг сонгох уу? Өнөө уур бухимдал, атаа хорсол дахиад л эхнээсээ өрнөж, харьцангуй тэсвэр тэвчээртэй ард түмэн дахиад хэдэн арван жил муу үг, үйл хуран чуулахыг хүлээх үү? Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөх үү? Бодоод үзэхтүн.

Тэгэхээр муу засгийг түлхэн унагаах хорсол үзэл, ХҮЧ хуран чуулаад хэзээ нэгэн цагтфизикийн хамгийн ердийн хуулиар чинээндээ тулна, тэгээд хагарна. Хагарал ердөө ХУВЬСГАЛ гэдэг үгээр нийгэм судлалд тодорхойлогддог болохыг хэн хүнгүй мэдмээр юм. Бид чинь хаа очиж ойр хавийн бүс нутагтаа муугүй боловсролтой гэж өөрсдийгөө тооцдог ард түмэн шүү дээ. Харин ХУВЬСГАЛ бүхэн сайн үр дагавар авчирдаггүй. Тэртусмаа муу үйл, үйлдэл энэ мэт хуран чуулсан тохиолдолд... ОГТ ӨӨР ЧАНАРЫН ХУВЬСГАЛ БИДЭНД ХЭРЭГТЭЙ. ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ. ТЭР БОЛ БОЛОВСРОЛ, ОЮУН САНААНЫ...

 

ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ

2018.11.07


219 сэтгэгдэл