Уг нь хоёрхон жил тэсчихсэн бол МАН-ынхан 100 жилийн ойгоо нижгэр тэмдэглэх байлаа. Аятайхан байсан бол 2021 онд дахиад төрийн эрхийг атгачихсан даналзаж байх боломж ч байлаа. Гэвч энэ бүхэн одоо өнгөрсөн цаг дээр яригдахаар болж байна.
Учир нь МАН тарах нь бараг тодорхой болчихов.
Яг үнэнийг хэлэхэд энэ намынхан сүүлийн жилүүдэд олигтой удирдагчийн бараа харсангүй. С.Баярт ихээхэн найдсан ч өнөөх нь намаа байтугай Монголоо шавартай хаяад бултчихсан.
Гэхдээ У.Хүрэлсүхээс өмнөх дарга нар бас ч гэж 90-ээд жилийн турш барьж, байлгаж ирсэн МАН-ын даргын зангарагийг тамганы тусламжтай ч болов сахисаар ирсэн байдаг. Өнөөдрийн "өндөрлөг”-өөс харахад шүү дээ.
Өнөөдөр Монголын төрийн эрхийг МАН үнэмлэхүй олонхиор барьж байна. Энэ бол МАН бодлогоо хэрэгжүүлж, мөрийн хөтөлбөрөө биелүүлэх алтан боломж юм. Гэвч юун бодлого, яасан мөрийн хөтөлбөр болчихлоо.
Ялангуяа сүүлийн өдрүүдэд МАН-ын дарга У.Хүрэлсүхийн ил гарч ирээд эргүүлсэн "сэлэм” намаа ч тараалаа, улсыг ч бужигнууллаа.
Уг нь улс төрийн хэргээс болж үзэл бодол зөрөлдөж сөргөлддөг. Гэхдээ инээж уулзах зай үлдээх ёстой гэдгийг хашир улстөрчид бас сануулж ирсэн. Гэвчиг өнөөдрийн үүссэн нөхцөл эвлэх байтугай энэ чигээрээ нэгэн намын нэрэн дор удахад хэцүү болсныг харуулж байгаа юм.
Нөгөөтэйгүүр У.Хүрэлсүх намын дарга биш, удирдагч бүр биш гэдгээ тов тодорхой харуулав. Үүнийгээ зөвхөн өнөөдөр, энэ өдрүүдэд биш, дөнгөж Ерөнхий сайд болоод л харуулж байсан байгаа юм.
Нэг жилийн өмнө УИХ-ын чуулганы хоймроос Ж.Мөнхбаттай хэрүүл хийж байлаа. Одоо бүр хөг нь өнгөрсөн.
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй хэрэлдэхгүй, даапаалахгүй хүн ч гэж алга. Намынх нь УИХ дахь бүлгийн гишүүд шүү дээ.
Ер нь бол МАН-д хэзээ ч ийм дарга байгаагүй түүх хэлнэ. Нэг айлын тэрсхэн хэдэн банди тоглоомоо булаалдаж суугаатай адил УИХ-ын чуулганы танхим, МАН-ын Тусгаар тогтнолын ордон хэрүүл уруултай өнждөг болоод удлаа. Улмаар энэ нь улсын ажилд нөлөөлж, төрийн хэрэгт түвэг удаад эхлэв.
Шуудхан хэлэхэд, Монголын улс төр ингэтлээ эх зах, эмх замбараагаа алдталаа бужигнаж, МАН албан ёсоор лав хоёр хуваагдсан нь Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хийсэн ажил юм.
Дарга гэдгийг дарамтлагч гэж ойлгодог уу, лав МАН-ын хэдэн гишүүнээ нэгэн тугийн дор байлгаж чадалгүй тараагаад алдлаа. Сүүлдээ өөрийнх нь эсрэг бүлэг болон босч эхлэв. Уг нь энэ чинь МАН шүү дээ. Дуулгавартай, замбараатай, захиргаатайгаараа алдартай МАН.
Гэсэн хэдий ч У.Хүрэлсүх хуваагаад, хагалаад, тарааж дөнгөлөө.
Ер нь бол У.Хүрэлсүхийн 2017 оны намраас эхлүүлээд өнөөдөр үр дүнг нь үзэж байгаа энэ "цавчилт” түүний МАН-ыг хагалах хоёр дахь оролдлого юм.
2010 оны арваннэгдүгээр сарын 5-ныг хүмүүс санаж байгаа байх. МАН-ынхан бол маш сайн мэдэх өдөр. Тэр өдөр МАХН /одоогийн МАН/-ын ХХYI Их хурал хуралдсан юм. Тэр Их хурлын 800 төлөөлөгч өдөржин хуралдаад оройхон МАХН гэдэг нэрнээсээ Х үсгээ авч хаяад МАН болох шийдвэрийг гаргаж байв.Тэр шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нарын зургаан хүн л эсэргүүцэж саналаа өгсөн байдаг.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди нарын олон хүн МАН нэрээ сэргээхийг дэмжсэн толгой холбосон үг хэлж Их хурлынхаа төлөөлөгчдийн сэтгэлийг хөдөлгөж байсан тухай хэвлэлийн хуудаснаа үлджээ. Намын үүрийн гишүүдийн нэрээ солихгүй гэсэн санал нь тэс өөрчлөгдөн танилцуулагдаад байсан гэдэг юм.
Тэр шийдвэрт хамгийн их сэтгэл хангалуун байж, МАХН-ыг МАН болгох ажлыг гардан хийсэн хүн нь одоогийн МАН-ын дарга, тухайн үед МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх байлаа.
Тэрээр 2010 оны арваннэгдүгээр сарын 5-ны тэр Их хурал дээрээ МАН-ын Төв хорооны анхны тамгыг төлөөлөгчдөд харуулж, "…Богдын шүншиглэж, Бодоо нарын бүтээсэн 1912 онд үйлдвэрлэсэн тамга энэ байна. МАН гэдэг нэр сэргэсэнд халуун талархал илэрхийлье” хэмээж байв.
Мөн тэр хурал их л драмлаг болж, хуралдааны танхимын дэлгэцнээ "Өглөө” киноны жанжин Д.Сүхбаатарын "…Ардын нам, ардын засаг мандтугай” гэж хэлдэг хэсгээс байн байн харуулж, дууг хамгийн чанга дээр тавьсан нь хурсан төлөөлөгчдийг хөөргөж удтал алга нижигнүүлэн ташицгааж байжээ. Ингээд дараагийн долоо хоногийн эхний өдөр нь Улсын дээд шүүхэд Намын нэр өөрчлөх тухай тогтоолыг авч очин албан ёсоор шинэ нэрээрээ бүртгүүлсэн байдаг. Дараахан нь энэ намын гишүүдийн нэг хэсэг нь МАХН-ыг байгуулж байлаа.
Энэ бол У.Хүрэлсүхийн эхний "цавчилт” байсан юм. Өөрөөр хэлбэл, тэрээр намаа хоёр хуваах ажлыг өөрийн гараар хийсэн хүн. Түүнийг генсек байх үед намын зарим гишүүнийг хөөсөн гэх мэт зүйл олон.
Түүнчлэн мань эр 2010 оны есдүгээр сарын 10-ны өдөр www.news.mn мэдээллийн сайтад "…МАХН нэрээ сольсноос болж УИХ-ын 2012 оны сонгуульд ялагдал хүлээвэл хариуцлагыг нь би үүрнэ ээ. Ингэж л бодож байна даа” гээд, дараа нь 2012 оны нэгдүгээр сарын 23-нд "Ардчилал” сонинд "…Би хариуцлагыг нь хүлээнэ гэж хэлж, чаддаг албан тушаалтнууд байгаасай гэж хүсдэг. МАН сонгуульд ялагдвал хариуцлага хүлээх ёстой хүн нь би мөнөөс мөн” гэж, 2012 оны гуравдугаар сарын 1-нд "Улаанбаатар таймс” сонинд "…Хариуцлагыг нь хүлээнэ гэж хэлдэг эр зоригтой байх ёстой гэж би боддог. Албан тушаалтнуудыг тэгж хэлдэг байгаасай гэж хүсдэг. МАН сонгуульд тааруу амжилт үзүүлбэл хариуцлага хүлээх ёстой хүний нэг нь би мөнөөс мөн. Одоо ч энэ үгэндээ эзэн байгаа. Хэн нэгэн хүн хариуцлага хүлээх ёстой биз дээ” гэж завсар зайгүй ярилцлага өгч, мэдэгдэл хийж байлаа.
Харамсалтай нь 2012 оны УИХ-ын сонгуульд МАН ялагдал хүлээв. Харин У.Хүрэлсүх намын квотоор УИХ-ын гишүүн болсон. Түүнийг УИХ-ын гишүүний тангараг өргөж байхад намынхан нь ч, ард түмэн ч "…Хариуцлага хүлээнэ гэж томроод байсан Хүрэлсүх яагаад гишүүн болоод дэвшээд явчихав аа” гээд бөөн хэл ам болж байв.
Гэвч тун удалгүй 2012 оны арваннэгдүгээр сарын эхээр У.Хүрэлсүх УИХ-ын дарга З.Энхболдод УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм. Түүний өргөдөлд "Ар гэрийн гачигдлын улмаас…” гэсэн тайлбар байсан. Гэхдээ өргөдөл өгөхийнхөө өмнөхөн УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханыг чуулганы танхимын үүдэнд "хальт цохиж” унагаад байсан юм. Их дээрээс түүнийг "…Чимээ аниргүй яваад өг” гэж хэлсэн гэдэг юм. Тэр ч чимээ аниргүй яваад л өгсөн.
Түүнээс хойш Австралид төвхнөж, хааяахан Монголд ирж буцаж явсаар 2014 онд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болж, МАН засагт нь хамтрахад Австралиас ирж нэг жил Шадар сайдаар ажилласан. Дараа нь нам нь сонгуульд ялж Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болоход Шадар сайд болж байв. Тэнд бас нэг жил ажиллаад Ж.Эрдэнэбатыг огцруулж, оронд нь Ерөнхий сайд, М.Энхболдыг унагаж МАН-ын дарга болсон юм.
Ингэж Ерөнхий сайд, МАН-ын дарга болж аваад нэг жил ажиллаад МАН нэртэй үлдсэн намаа дахиад хоёр хуваалаа. Гэхдээ энэ удаагийн "цавчилт” нь МАН-ыг дахин эвлэх аргагүйгээр хувааж орхисон нь өдөр ирэх тутам тодорхой болж байна.
Энэ бүхнээс нэг зүйл анзаарагддаг. Яг адилхан нэг юм бий. У.Хүрэлсүхийн хоёр удаагийн "цавчилт”-ыг У.Хүрэлсүх зүгээр л гүйцэтгэсэн байдаг юм. Түүний толгойгоор хийгддэггүй гэсэн үг.
2010 оны арваннэгдүгээр сарын 5-нд МАХН нэрийг МАН болгоход У.Хүрэлсүх Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд гардаж л хийсэн байдаг. Ард нь өөр хүмүүс чиг зүгийг нь зааж байсан гэдэг.
Өнөөдөр ч ялгаагүй. У.Хүрэлсүхийн гараар л МАН хуваагдаж, тарж бутарч байна. УИХ-д 65 суудалтай МАН-ын "бүдүүн” бүлэг 33:32-оороо хуваагдчихсан хоёр "нарийхан” бүлэг болоод байна. У.Хүрэлсүхийн удирдаж буй тэдний сөргөлдөөн намаа байтугай улсаа тарааж мэдэх аюулыг дуудаад байгаа юм.
Шуудхан хэлэхэд яг өнөөдөр бол Монголын улс төрд "улаан гэрэл” асчихаад байна.
Цаашдаа Д.Сүхбаатарын байгуулсан нам 100 жилийн ойгоо үзэлгүй У.Хүрэлсүхийн гарт "нүд аних” нь бараг л тодорхой боллоо.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
136 сэтгэгдэл