|

Их сургуулиа төгсөхөөс өмнө хийвэл зохих зүйлс

 

Их сургуулиа төгсөхөөс өмнө хийвэл зохих зүйлс

 

Их сургуульд 4 жил сурна гэдэг маш их хугацаа мэт боловч сурч мэдэж, алдаж онож, ухаарч бүдэрч, унтарч асч явахад дэндүү богино хугацаа юм. Энэ үеийг өөртөө ашигтай, дурсамжтай, амьдралынхаа хэрэгтэй үе болгох, цаг хугацааг бүрэн ашиглах боломжоор дүүрэн гэж харвал бүх зүйл нээлттэй. Энэхүү нийтлэлийг бичиж суугаа миний хувьд өөрийнхөө алдаа болон жижигхэн ололт амжилтаа үндэс болгосон тул дөнгөж их сургуулийн босгыг давсан оюутнууд болон удахгүй их сургуульд элсэн орох дүү нартаа зориулав.

  1. Хамтрагчтай болох– их сургуульд суралцах 4 жил урт мэт боловч маш богинохон хугацаа юм. энэ хугацаанд олон тэмцээн уралдаанд өөрийгөө сорих боломж гарч ирдэг. Энэ үед сайн хамтрагчтай байвал амжилт олох магадлал өндөр байхын зэрэгцээ хамтрагчаасаа маш олон зүйл сурах боломжтой.    ХУРДАН ЯВАХЫГ ХҮСВЭЛ ГАНЦААРАА ЯВ, ХОЛ ЯВАХЫГ ХҮСВЭЛ ОЛУУЛАА ЯВ
  2. Олон улсын хурал цуглаан, сургалтад хамрагдах-Оюутан танд энэ боломж маш өндөр байдаг гэдгийг мэдэх үү? Зуны 3 сарын амралт, өвлийн амралтаараа олон улсын хурал цуглаанд оролцож өөрийгөө таньж мэдэх, мэдлэг чадвараа нэмэх маш гайхалтай боломжууд асар их бий. Яг одоо Google-ээс мэдээлэл хайгаад үзээрэй.
  3. Сайн дурын байгууллагад элсэх– сайн дурын ажилтан байх нь маш олон боломжийг бий болгодог. Бусдад тусалсныхаа хариуд аз жаргал мэдэрнэ, чадварлаг залуусаас үлгэр дуурайл авч танилын хүрээгээ нэмнэ, бусадтай харилцаж багаар ажиллаж сурах зэрэг олон чадварыг танд олгох болно. Мөн дотоод, гадаадын сургалтын тэтгэлэгт хамрагдах нэг шалгуур үзүүлэлт болдог.
  4. Өөрийгөө хөгжүүлэх сургалт, клубд элсэх– гитар, шатар тоглож сурмаар байна уу? Их сургуульд тань хүсэж байгаа зүйлийг чинь заадаг клуб байдаг ч юм билүү? Та судлаад үзээрэй. Үнэгүй суралцах боломж их бий шүү. Эрэлч хайгуулч байхыг чин сэтгэлээсээ зөвлөж байна.
  5. Дадлага хийх ажил хийх– сурч байгаа мэргэжил тань яг өөрийн чинь төсөөлсөн шиг байх болов уу? Энэ асуултын хариуг дадлага хийж эсвэл мэргэжлээрээ ажиллаж үзэж байж л олно. Их сургуулиа төгсөхдөө мэргэжлийнхээ талаар наад захын мэдэгдэхүүнтэй, мэдээлэлтэй байх нь маш чухал юм. Дадлага хийж, ажил хийж байхдаа ядаж л компьютер-ийн хэрэглээний программууд, мэргэжлийн программууд зэргийг эзэмшсэн байх нь ирээдүйд маш их хэрэг болно.
  6. Дургүй зүйлээ орхиж сурах– үнэхээр хийхийг хүсэхгүй байвал яагаад заавал өөрийгөө хүчлэх хэрэгтэй гэж. Үүний оронд өөрийн дуртай зүйлдээ бүх сэтгэл зүрхээ зориулж, хөдөлмөрлөж чадвал амжилтад хүрэх боломжтой. Таны цаг маш үнэтэй гэдгийг бүү мартаарай, өөрийгөө зөв.
  7. Эрүүл мэнддээ анхаарах– Хэдий мундаг, чадвартай, мэдлэгтэй байлаа гээд эрүүл мэндийн хувьд асуудалтай болбол харамсалтай биш гэж үү? Миний ажигласнаар оюутан залуус цагийн төлөвлөлт муу байдгаас нойргүй явах, чанаргүй хоол хүнс хэрэглэх, завгүй гэх жижигхэн шалтгаанаар спортоор хичээллэдэггүй юм шиг санагддаг. Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн хариуцлага, мөрөөдлөө биелүүлэхийн тулд эрүүл чийрэг байх нь маш чухал юм. цагийн төлөвлөлттэй байж, эрүүл хооллож, спортоор хичээллэх хэрэгтэй шүү.
  8. Хамт олон, найз нөхөдтэйгөө зугаацаж үзэх– Таны залуу нас хязгаартай тул найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөж, хөгжилдөх хэрэгтэй. Мэдээж зөв зүйлээр зугаацах! Хэрэггүй зүйл угаасаа хэрэггүй байдаг.

158 сэтгэгдэл