Энэтхэг-Оросын зэвсгийн хамтарсан үйлдвэр нээгдсэнийг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ням гарагт тус улсын Уттар-Прадеш мужийн Амети тойрогт айлчилж, тойргийн иргэдтэй уулзах үеэрээ мэдэгджээ. Уг үйлдвэрт Клашников автомат буу үйлдвэрлэх юм.
"Энэ бол "Энэтхэгт үйлдвэрлэе!” кампанит ажлын хүрээнд хийж буй хамтын ажиллагааны тод жишээнүүдийн нэг юм”. Хамтарсан үйлдвэр манай улсын Зэвсэгт хүчнийг бодитоор хөгжүүлж, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлнэ. Тус үйлдвэр мөн Амети болон хөрш тойргуудад ажлын байр бий болгоно” гэж Энэтхэгийн Ерөнхий сайд уулзалтын үеэр мэдэгдсэнийг тус улсын Засгийн газрын цахим хуудсанд нийтэлжээ. Арга хэмжээний үеэр мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хамтарсан үйлдвэр байгуулагдсантай холбоотойгоор хэлсэн үгийг сонордуулсан байна.
Орос-Энэтхэгийн хамтарсан үйлдвэрийг Энэтхэгийн их бууны үйлдвэрүүдийг удирдах газар /Ordnance Factory Board, OFB/ болон ОХУ-ын төрийн өмчит "Ростех" корпорацын бүрэлдэхүүнд ордог "Рособоронэкспорт", "Калашников" концерн хамтран байгуулжээ. Энэтхэгийн тал хувьцааны 50.5 хувийг, "Рособоронэкспорт" 7.2, "Калашников" 42 хувийг эзэмших аж.
"Indo-Russian Rifles Private Limited” хамтарсан компани Энэтхэгийн Корва хотын ойролцоох үйлдвэрт АК-203 автомат буу үйлдвэрлэнэ.
montsame.mn
85 сэтгэгдэл