|

ШҮЛХИЙН ГОЛОМТ НЭМЖ ҮҮСЭХГҮЙ БАЙХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЖЭЭ

ШҮЛХИЙН ГОЛОМТ НЭМЖ ҮҮСЭХГҮЙ БАЙХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЖЭЭАрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт энэ сарын 3-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай, Хөөвөр, Өгийнуур сумын Дойт багт малын гоц халдварт шүлхий өвчин оношлогдсонтой холбогдуулан тухайн сумуудын нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. Аймаг, орон нутаг, мэргэжлийн байгууллагуудын зүгээс шуурхай арга хэмжээ авч шилжилт хөдөлгөөнийг хянан, хязгаарлаж голомтын бүсийг богино хугацаанд бага тойрогт барьж чадсан нь дахин голомт үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлжээ.

Одоогийн байдлаар шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд  нийтдээ 123 албан хаагч, 31 техник хэрэгсэлтэйгээр хяналт тавих, үзлэг, тандалт шинжилгээ хийх, ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг холбогдох зааврын дагуу гүйцэтгэж байна. Шүлхийн өвчнөөр илт өвчилсөн 289 үхрийг устгасан байна.

Голомтын бүсд уг өвчинд мэдрэмтгий 12 өрхийн 10000 гаруй мал байгаа бөгөөд голомтын бүсийг тойруулан суурин болон хөдөлгөөнт 8 пост ажиллаж байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар голомтын бүсийг бага тойрогт хумиж,  ямар нэг хэмжээгээр тэлж, шинээр голомт үүсээгүй байна. Ард иргэд шилжилт хөдөлгөөндөө хяналт тавьж, хорио цээрийн дэглэмийг тогтоосон шийдвэрүүдийг дагаж мөрдөх, постонд ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүсийн зөвлөмж, шаардлагыг биелүүлж аль аль талдаа анхаарч, хариуцлагатай байж чадвал шүлхий өвчнийг газар авахуулахгүй таслан зогсоох боломжтой гэдгийг ХХААГ-аас онцлон мэдээлэв.

ХХААХҮЯ-ны Мал эмнэлэг үржлийн газраас 20 мянган тун вакцинийг нийлүүлсэн ба үүнээс өнөөдрийн байдлаар шүлхий өвчний голомтын бүсд байгаа 10000 гаруй, голомтыг бүсийг тойрсон 4600 гаруй нийт 14680 гаруй малыг вакцинжуулалтад хамруулжээ. Вакцин хийсэн малаас өвчний шинж тэмдэг илэрсэн цөөн тохиолдол гарсан байна. Хоёр дахь тунг энэ сарын 17-нд эхлүүлэх юм байна. Энгийн үед вакцин хийснээс хойш 21 хоногийн дараа малыг хүнсэнд хэрэглэж болдог байна. Гэхдээ малын гоц халдварт өвчин гарсан үед вакцин хийсэн бол хийснээс хойш хэдэн сарын турш хүнсэнд хэрэглэхгүйгээр ажиглаж байх ёстой байдаг байна. 
 
Б.Гэрэлт-Од

57 сэтгэгдэл