|

АН-ын даргын сунгааг “Буян” Жагаа юунд бужигнуулах гээд байна вэ?

АН-ын даргын сунгааг “Буян” Жагаа юунд бужигнуулах гээд байна вэ?


Нэгдүгээр сарын 10-ны тогтуун сайхан өдөр Архангай аймгийн төв Цэцэрлэг хотноо "Нутгийн удирдлагын ордны”-ны хурлын танхимд АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр танилцуулах уулзалт хийв. Уулзалтанд Архангай аймгийн АН-ын гишүүдийн төлөөлөл болох 300 гаруй гишүүд оролцлоо.

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуяг уулзалтыг эхлүүлэв. Тэрбээр намын даргын сонгуульд гурван учир шалтгааны улмаас оролцож байгаа аж. Нэгдүгээрт: Хагас бүтэн сайнгүй ажиллаж байсан "Шинэчлэлийн Засгийн Газрыг”-ыг нам дамнасан бүлэглэл огцруулж МАНАН-гийн засгийн газар хийж эхэлсэн бүх ажлыг нь зогсоосон. Ийм учраас олон мянган намын гишүүд намын даргад өрсөлдөхийг санал болгож утсаар ярьсан, гар утсаараа богино зурвас бичиж дэвшихийг шаардсан. Хоёрдугаарт: Ардчилал улам хэврэг болж дарангуйлагч нийгэм тогтож байгаа учраас. Гуравдугаарт: Нам дамнасан луйварчид хуйвалдан шударга ёсыг устган Монгол улсын баялгыг цөлмөх гэж байгаа учраас энэ сонгуульд оролцож байгаагаа гишүүддээ хэлэв. Хоёр зуун гишүүдээс биш хорин мянган гишүүдээс бус 176 мянган гишүүдийн итгэлийг хүлээж даргаар сонгогдоно гэдэгтээ итгэлтэй байна билээ.


Түүний дараа намын даргын сонгуульд нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Ардчилсан нам шинэ санаа, шинэчлэлийг Монголын улс төрд авчирдаг. АН байхгүй бол Монголд Ардчилал байхгүй болно. 2020 оны УИХ-ын сонгуульд хэн АН-ын нүүр царай болж чадах вэ? Тэр хүнийг л намын гишүүд минь сонгоод өгчих. Тэгж чадвал энэ чинь та нарын минь гавъяа шүү гэж хэлэв.

АН-ын даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Архангайчууд МАХН-ын хэлмэгдүүлэлтэд хамгийн их зовсон аймаг гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Миний хоёр авга ах Лоохууз, Сурмаажавын хэрэгт холбогдоно 25 жил нутаг заагдаж байлаа. Бас гурван авга ах минь 37 онд хилс хэргээр буудуулсан. Төрсөн долоон ах минь АН-ын анхны гишүүд. Аав минь Сүхбаатар аймаг дахь МОАХ-ын үүсгэгчдийн нэг ийм учраас би яснаасаа ардчилсан либерал үзэлтэй гээд мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

 

Нэр дэвшигч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

Манай нам маш олон гишүүдийг төрийн албан тушаал, өндөр эрх мэдэлд хүргэснийг та бүхэн мэднэ. Намын ачаар өөдөө дэвшсэн гишүүдийн ихэнх нь хэрэгт холбогдохоороо МАН-ын суганд ороод нуугдчихдаг. Эсвэл нам сонгуульд ялагдахад гадагшаа зугтаадаг. Тэгээд сонгуулийн жил хүрч ирээд албан тушаал худалдаж авдаг. Би хэзээ ч ингэж байгаагүй. Ялахад нь ч байдгаараа байсан. Ялагдахад нь ч байдгаараа байсан. 2008 оны 7 сарын 1-нээс хойш гурван өдөр зурагтын нэг сувагтай сонин, интернетгүй байж үзсэн шүү дээ бид. Тэр үед миний хүүхдүүд ямар аймшигтай юм бэ гэж байсан. Ардчилалыг үр хойчдоо ойлгуулж чадаагүйн бидний буруу шүү хэмээн бас л бодууштай үг хэлж, мөрийн хөтөлбөрийг минь сайн уншаараа гээд товхимолоо өндөрт өргөн харууллаа.

Түүний дараа АН-ын даргад нэр дэвшигч Лу.Гантөмөр:

Намын даргад нэр дэвшигчдийн нэрээ татах хугацаа өнөөдөр дуусаж байна. Хэн ч нэрээ татсангүй. Манай гишүүд мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа хов жив худлаа гэдгийг харж байгаа биз гээд мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Архангай аймаг дахь намын гишүүдтэйгээ 5 цаг гаран хөөрөлдсөн нэр дэвшигчид Цэцэрлэг хотноо хоноглоод өглөө эртлэн УБ-ын зүг хөдлөв.

1-р сарын 12-нд АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч таван эрхэм БЗД, ЧД-ийн АН-ын гишүүдтэйгээ мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалт хийж өнжив. Үйлдвэрчний эвлэлийн соёлын ордонд болсон Чингэлтэй дүүргийн АН-ын гишүүдтэй хийх уулзалтын салхийг хагалан намын даргын сонгуульд нэр дэвшигч УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:


Өнөөдөр би зөөлөн яринаа. АН ялахад ялалтын олз ашиг хайж ирсэн ялаанууд нисээд явчихдаг юм билээ. Энэ танхимд үнэнч гишүүд минь үлдээд сууж байна. Тийм учраас зөөлөн ярина. Манай намын 20 мянган гишүүн ажил амьдралгүй болчихоод байна. Лидерүүдийнхээ алдаанаас болж. Би намын даргад дөрлөгдсөн ерөнхийлөгч, ерөнхийлөгчид дөрлөгдсөн намын дарга АН-д хэрэггүйг ойлгосон. Хэрвээ би намын дарга болбол 2020 оны сонгуульд намаа ялуулж чадна гээд мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Түүнийг удаалан намын даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Бид ардчилалыг олон түмэнд ойлгуулах баримтат кино, ном зохиол хангалттай гаргаагүй нь ялагдлын бас нэг шалтгаан шүү.

 

1989-1990 онд гурвуулаа байгаа мөнгөө нийлүүлж хоёр хуушуур аваад крантны усаар даруулж идээд ардчилалын төлөө жагсаж энэ эрх чөлөөг авчирсаныг одоогийн залуус мэдэхгүй. Эхэлж намаа шинэчилчихээд 65 коммунисттай яс тэмцэж Монголын ардчилалыг хамгаална гэв. Харин намын даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Монгол төр босоо удирдлагатай. Манай нам хэвтээ тогтолцоотой. Иймд намаас төрийн албанд очсон гишүүдээс хэл ам тасардаггүй. Иймд намыг иргэний, ардчилсан хоёр тулгуурт нам болгох хэрэгтэй. Бас цахим ардчилсан нам болгох хэрэгтэй. УИХ-д ардчилалын есөн өрлөг байна. 2000 онд нэг өрлөгтэй байхдаа ч босож ирж байсан юм шүү гэсэн билээ.

 

Намын даргад нэр дэвшигч Лу.Гантөмөр: 1990 оны 2 сарын 18 нд энэ танхимд АН-ын чуулган болж байсан юм. Гэтэл одоо Чингэлтэй дүүргийн АН-ын төлөөлөл цуглаад энэ танхимыг дүүргэж байна. Бид ямар олуулаа болоо вэ гээд мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Намын даргад нэр дэвшигч Н.Алтанхуяг: Би 2001 онд СХД-ийн намын даргаар нэг жил ажилласан юм. Дүүргийн намын амьдралыг мэднэ. 2016 оны УИХ-ын сонгуулийн нэр дэвшүүлэх хугацаанаас 2 цагийн өмнө манай нам нэр дэвших хүн хайгаад явж байсан шүү. Нам ингэж доошоо орж болохгүй гэж үгээ эхэлсэн юм. Намын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж санал сэтгэгдлээ хэлэх үеэр ЧД-ийн 19-р хорооны намын гишүүн нэгэнбээр: Сая АН-д гишүүнээр элссэн "Буян” компанийн захирал Д.Жаргалсайхан гэж хүн манай хорооны намын гишүүдийг намд гишүүнээр элссэн баяртаа урьж дайлж цайлах үедээ та нар зарим нэг хүмүүсийг намын даргаар сонгож болохгүй шүү гэж нэр заана ухуулга хийж байсан. Ингэж болдог юм уу гэж асууж байлаа. Өвөрхангай аймагт болсон намын гишүүдэд мөрийн хөтөлбөр танилцуулах уулзалтын үеэр мөнөөх "Буян”-гийн Жагаа бас л оччихсон явж байгаа харагдсан.

 

Д.Нацагдоржийн шагналт, яруу найрагч Б.Галсансүх

889 сэтгэгдэл