|

ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЖЛЫН ЭХНИЙ ӨДРҮҮД ХЭРХЭН ЭХЛЭВ


ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЖЛЫН ЭХНИЙ ӨДРҮҮД ХЭРХЭН ЭХЛЭВ
Монгол улсын  тав дахь Ерөнхийлөгчөөр тодорсон Х.Баттулгын ажлын анхны долоо хоног үргэлжилж байгаа. Хоёр удаагийн санал хураалтаар сонгогчдын 50.6 хувийн санал авч Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрбээр наадмын өмнөхөн буюу долдугаар сарын 10 ны өдөр тангараг өргөж,  бүрэн эрхээ баталгаажуулсан. Ингээд Үндэсний их баяр наадмыг нээж, хааснаар түүний ажил эхэлсэн гэж болно.

Улмаар баяр наадам дуусахтай зэрэгцэн өөрийн төрсөн нутаг Баянхонгор аймгийнхаа иргэдтэй уулзахаар нутгаа зорьсон  билээ. Гэвч түүний төрсөн нутагтаа хийх айлчлал удаан үргэлжлээгүй. Учир нь  хэт хуурайшилт, иргэдийн санамсар болгоомжгүйгээс болж дэгдсэн түймэр аюулын харанга дэлдэж эхэлсэн.

Иргэдийн идэвх, зүтгэлээр сайн дурын аян хүртэл  өрнөж эхэлсэн тул Ерөнхийлөгч ч гал түймрийн голомтод өөрийн биеэр ажиллахаар шийдэж, Ерөнхийлөгчийн ажлаа Төв аймгийн Батсүмбэр суманд асаж байгаа түймрийн голомтод Шадар сайд У.Хүрэлсүхийн хамтаар ажиллаж эхлүүллээ.

Ийнхүү түймрийн голомтод ажиллаж эхэлсэн шинэ Ерөнхийлөгч амьсгаа өндөр гүйж яваа. Учир нь ирэх дөрвөн жил төрийн тэргүүн хэнтэй хамтарч, улс орноо удирдах вэ  гэдэг олон нийтийн анхаарлыг татаж байна. Ерөнхийлөгчийн багт ажиллах, зөвлөхүүд энэ долоо хоногт бүрэн тодрох сураг дуулдаж байгаа юм.
 
Одоогоор Ерөнхийлөгч Х.Баттулга Тамгын Газрын даргаараа УИХ-ын дарга асан З.Энхболдыг томилсноос өөр томилгоо хийгээгүй байгаа. Шинэ Ерөнхийлөгч хэдэн зөвлөхтэй байх, хэн хэнийг зөвлөхөөрөө авч ажиллуулах  нь одоогоор таамаг хэвээр байна. Ерөнхийлөгчийн баг бүрэн бүрэлдсэн үед олон нийтэд хүлээлт үүсгээд буй мөрийн хөтөлбөр амлалтуудыг хэрэгжүүлж эхлэх учиртай.
 
Өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд  долоон зөвлөхтэй ажиллаж байсан билээ. Тодруулбал,
 
 -Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр
-Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж
-Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд
-Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар
-Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг
-Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн
-Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр нар ажиллаж байв.

467 сэтгэгдэл