|

ЦАГААН ТОЛГОЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙНЭ

ЦАГААН ТОЛГОЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙНЭ

 

-Казахстаны латин үсэгт шилжих оролдлого юу авч ирэх вэ-

 
Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев энэ сарын эхээр 2025 он гэхэд казах цагаан толгойг латин үсэгт шилжүүлэх хэрэгтэй гэдгээ дахин сануулсан билээ. Энэхүү санаачилга нь цаанаа олон учир шалтгаантай. Тухайлбал, тус улс Оросын соёлын талбараас гарах, соёл иргэншилт сонголт хийх, ямар нэгэн өөрчлөлт хийх хүсэл гэх мэт шалтгаанаар ийм оролдлого хийх гэж байгаа аж.
 

ХЭЛНИЙ ШИНЭЧЛЭЛ

 
Назарбаев энэ сарын 12-нд казах цагаан толгойг латин үсгэнд шилжүүлэх графикаа гаргахыг эрх бүхий албан тушаалтнууддаа үүрэг болгосон байна. Тус улсын төрийн тэргүүн хэлний шинэчлэл хийх тодорхой хугацааг нэрлэж, 2017 оны сүүлчээс өмнө цагаан толгойн стандартаа боловсруулан 2018 оноос зохих мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлж, 2025 он гзхэд кирилл үсэгнээс бүрэн татгалзана гэжээ.
 
Казахстанд цагаан толгойг латин хэлэнд шилжүүлэх тухай өмнө нь ч яригдаж байсан юм. Назарбаев "дөрөвдүгээр сарын сэдэв”-ээрээ ‘‘Казахтан-2050 улс төрийн шинэ чиглэл” стратегийн нэг зүйлд энэ асуудал багтсаныг сануулсан байна. Энэхүү стратегийг 2012 оны арванхоёрдугаар сард олон нийтэд танилцуулжээ. Тухайн үед тус улсын Ерөнхийлөгч латин үсэгт шилжих нь казах хэлний хөгжилд түлхэц өгөөд зогсохгүй орчин үеийн мэдээллийн хэлэнд шилжүүлэх боломж бүрдэнэ гэж байв. Назарбаевын хувьд энэ санаагаа аль 2006 онд ч хэлж байсан аж. Казахстаны Ардын чуулгын гишүүдэд үг хэлж байхдаа тэрбээр өөр үсэгт шилжих талаар бодож үзэхийг уриалж байлаа.
 

ШРИФТ ӨӨРЧЛӨГДӨХИЙН ЖАРГАЛ

 
Улс төр судлаач, Казахстаны стратегийн судалгааны хүрээлэнгийн тэргуүн асан Ерлан Карин "Латин үсэгт шилжинэ гэдэг соёл иргэншилт сонголт юм. Нээлттэй, даяаршсан ертөнцийн сонголт” гэж мэдэгджээ. Астана эдийн засгийн бүтцээ өөрчилж чадахгүйгээс хойш ядаж бичиг үсгээрээ барууныхантай ойртохыг хүсчээ гэх хүмүүс ч байна.
 
Харин Казахстаны нэгэн сэтгүүлч эмэгтэй энэ асуудлыг маш өөдрөг, хөнгөнөөр харж байна. Тэрбээр "Дизайнерууд шрифтээ өөрчлөхийг хүсч байна. Шинэ, гоёмсог сонин сэтгүүл гаргаж, казах хэл судлах шинэ арга бодож олохыг хүсч байна. Бидэнд шинэлэг өнгө хэрэгтэй. Сэтгэл өөдрөг байна” гэжээ.
 
Хэлээ латин үсэгт шилжүүлэх үзэгдэл Астанагийн хувьд шинэ зүйл биш. Казахстаны удирдагчид үүндээ Зөвлөлтийн туршлагыг ашиглаж ирсэн юм. ЗХУ турк хэлийг латин руу шилжүүлэх ажлыг 1920-иод онд хийсэн бөгөөд үүний тулд Шинэ турк цагаан толгойн Бүх холбоотны төв хороо гээчийг байгуулж байсан удаатай. Большевикууд орос хэлийг ч латин үсэгт шилжүүлэхийг хүсч байсан бөгөөд ардын гэгээрлийн комиссар Анатолий Луначерский энэ асуудлаар тэмцэж байжээ.
 
"Большевикуудын эзэлж чадахгүй цайз гэж үгүй” гэсэн уриа байсан ч 1930-аад онд Зөвлөлтийн засаг туршилтыг тийм ч амар хялбар хийж болохгүй юм байна аа гэдгийг ойлгожээ. Зөвлөлтийн олон хэл харилцааны бүрэн хэрэгсэл болж чадсангүй. Төв хорооны суртал ухуулга, сурталчилгааны хэлтэст толь бичиг, номын санал муу, марксизмын зохиолуудыг орчуулахад алдаа гаргаж байна гэсэн гомдол тасрахаа байжээ. Ингээд 1940-өөд оны эхээр турк хэлийг кириллд шилжүүлжээ.
 

ЗОРИЛГО ТОДОРХОЙ, ЗОРИЛТ Ч МӨН ТОДОРХОЙ

 
Казахстаны оюунлаг хэсгийнхэн латин үсэгт шилжихийг Оросын соёлын орон зайгаас гарах бэлгэдэл хэмээн таатайгаар хүлээн авч байна. Хамгийн сонирхолтой нь Узбекистан, Туркмен, Азербайжан зэрэг улс латин үсэгт шилжсэн тухай асуудал Казахстанд маргаан дэгдээж байна. Туркмений хувьд хаалттай улс болсноос ийм шинэчлэл хийсэн гэхэд хэцүү ч Зөвлөлтийн бүрэлдэхүүн байсан Узбекистан төрийн албан бичиг үйлдэхдээ хүртэл латин үсэгт бүрэн шилжиж чадаагүй байна. Азербайжаны туршлага илүү сайн байсан ч латин үсэгт бүрмөсөн шилжсэнээр тус улсын иргэд унших нь багассан гэж шүүмжлэгчид үзжээ.
 
Казахстаны хэл шинжлэл, уран зохиолын мэргэжлийн хүмүүс ч хөршүүдийнхээ туршлагад үндэслэн 2013 онд латин үсэгт шилжих тухай сэдэв гарсны дараахан Ерөнхийлөгч, Засгийн газартаа ил захидал бичиж байсан юм. "Өнөөдрийг хүртэл тус Бүгд найрамдах улсад нэг сая орчим нэрийн ном, ард түмний эртний болон удаах түүхийн тухай шинжлэх ухааны бүтээл хэвлэгджээ. Тиймээс латин үсэгт шилжсэнээр манай залуу үеийнхэн өвөг дээдсийнхээ түүхээс холдох болно” гэжээ. Захидлыг бичигчид казах хэлийг улс орондоо эзэмшүүлэх ажил асуудалтай хэвээр байгаа энэ нөхцөлд эрс шинэчлэл хийх нь утгагүй гэж үзжээ.
 

ОЛОН АСУУДАЛ ҮҮСНЭ

 
Казахстан улс латин үсэгт шилжихэд нэлээд хэдэн том асуудалтай тулгарна. Нэгдүгээрт, санхүүгийн хувьд асар их хэмжээний зардал гаргах юм. Энэ асуудал хэдэн зуун саяас хэдэн тэрбум ам.доллараар яригдах хэмжээний зарлага үүсэх магадлалтай. Мэдээж үндэсний оюунд шинэчлэл хэрэгжүүлэхийг асар их хэмжээний мөнгө зарцуулах ч давуу тал их. Гэхдээ нөгөө талаас үзэхэд хүмүүнлэг, соёлын салбарын бусад төсөл хөтөлбөрүүдийг зогсоох эрсдэлд орж байгаа юм.
 
Хоёрдугаарт, энэ нь казах хэлийг ашигладаг хүмүүст хүндрэл үүсгэнэ. Боловсролтой хүмүүсийн ч унших хурд нь удааширч, текстийг ойлгож хүлээн авахад хүндрэл үүснэ. Энэ хэрээр тус улсын оюуны салбарт зогсонги байдал үүснэ. Гэхдээ латин үсэгт шилжихийг дэмжигчид үүнийг ямар ч асуудал биш гэж үзэж байна. Тухайлбал, парламентын доод танхимын гишүүн Азат Перуашев "Соёл иргэншилт ертөнцийн замд гарахад мэдээж өндөр өртөгтэй тусна. Гэхдээ та тэр ертөнцөд орж ирж байгаа шүү дээ” хэмээжээ.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

 

1 сэтгэгдэл