Африкийн эвэр буюу Зүүн хойд Африкийн тэнгист хар далбаа дахин мандах болов. Нэг дор асар их ашиг авчирдаг наймаа илүү хүчтэй эргэн ирж байна. Сүүлийн хэдэн жилийн турш нам жим байсан ч өнгөрсөн нэг сарын дотор хөлөг онгоц дээрэмдэх есөн оролдлого гарчээ. Тэдгээрээс тав нь амжилттай болж таван хөлөг онгоц далайн дээрэмчдийн гарт ороод байна. Хамгийн сүүлчийн дээрэм уржигдар шөнө болжээ. Аль хэдийнэ устаж алга болсон хэмээн тооцож байсан Сомалийн эрэг орчимд энэ бүх довтолгоо, дээрэм болжээ. Дэлхийн хамгийн аюултай гэгддэг Адений хоолой дахь Сокотрагийн усан замаар (Йемен, Сомалийн хоорондох) худалдаа, арилжаа сэргэсэн нь далайн дээрэм эргэн сэргэх шалтгаан болсон аж.
Урьд өмнөх далайн дээрмийн ихэнх нь илүү урагшаа, Могадишогийн эргээс өмнө зүгт болдог байв. Цаг хугацаа, мөнгөө хэмнэх гэсэн ачааны том хөлөг онгоцууд энэ замаар явах нь элбэг. Далайн дээрэм ихэсч, дэлхий нийтийг түгшээсний дараа "Аталанта” цэргийн ажиллагааг явуулж дээрэмчдийг "цэгцэлсэн” билээ. Сомалийн эргийг одоо ч энэ ажиллагааны хүрээнд хянаж байгаа. Гэсэн хэдий ч далайн дээрэм эргэн сэргэх хандлагатай болоод байна. 2012 оноос хойш мянга орчим далайн дээрэмчин буу зэвсгээ орхиж, загас агнуур болон бусад ажил, хөдөлмөр рүү оржээ. Сомалийн автономит бүсийн Далайн дээрмийн эсрэг яамны сайд Абдула Жама "Далайн дээрэмчид үхээгүй. Тэд унтаж байгаа. Тэд буцаж ирнэ гэдэгт ямар ч эргэлзээ байхгүй. Хүн сурсан юмнаасаа бүрэн татгалзана гэж байдаггүй” хэмээн сануулж байв. Түүний хэлснийг батлах гэсэн мэт Сомали дахь далайн дээрэм эргэн сэргэжээ. Энэ сард анх барьцаалагдсан хөлөг онгоц нь Могадишогоос Жибути руу нефть, хий ачиж явсан "Aris 13” хөлөг байв. Шри-Ланкийн 11 далайчинтай уг хөлөг онгоц Панамын компани дээр бүртгэлтэй, Арабын нэгдсэн Эмирт улсын эзэмшилтэй байжээ. Уржигдар барьцаалагдсан хөлөг онгоц нь Тувалугийн далбаатай "OS35” хэмээх хөлөг онгоц. Гэвч эргүүлийн цэргүүд энэ хөлгийг чөлөөлж, дээрэмчдийг баривчилсан юм. "Аш-Шабаб”-ын жихадист дайчидтай хамтран ажилладаг Галмуд нутгийн далайн дээрэмчид дээрх довтолгоог үйлджээ.
Сомали дахь дайны удирдагчид дээрмийн үйл ажиллагаанаас тодорхой ашиг хүртэхийн тулд далайн дээрмийг өөгшүүлэн дэмждэг аж. 1990 онд Сомалийн дарангуйлагч Сиад Баррегийн дэглэм нуран унасны дараа тус улсад далайн дээрэм цэцэглэн хөгжих болсон юм. Гэвч далайн дээрэмчид арга хэлбэрээ төгөлдөржүүлэхэд гурван жил шаардагдсан билээ. 1993 онд 500 мянган ам.долларын үнэтэй гутал ачсан хоёр хөлөг онгоцыг барьцаалсан нь далайн дээрэмчдийн анхны томоохон олз байв. Сомалид иргэний дайн дэгдэж эрх мэдэл хоёр, гурав хуваагдсанаар хяналт алдагдаж, далайн дээрэмчид дураараа дургих шалтгаан болсон юм. Зэвсэгт бүлэглэлүүд хурдан завь, буу шийдмээ агсан далайд гарцгаажээ. 2008 оноос эхлэн томоохон дээрэм сонсогдох болж "Maersk Alabama”, "Sirius Star” зэрэг аварга хөлөг онгоц далайн дээрэмчдийн гарт орж байлаа. Хөлөг онгоц, ачаа барааны эзэд дээрэмчдэд хэдэн зуун мянган ам.доллар төлж хөлөг онгоцоо чөлөөлөн авч байв. Сомалийн иргэд далайн дээрмийг анхнаас нь л дэмжжээ. Учир нь далайн дээрэм эдийн засгийн хямрал, өлсгөлөнд нэрвэгдсэн олон гэр бүлийг тэжээх болсон юм. Зарим бүлэглэл, гэр бүл далайн дээрмээс олсон мөнгөөр Найроби, Кампалагийн шилдэг их, дээд сургуульд хүүхдүүдээ илгээж байлаа. Зарим тосгон, суурин тэр чигээрээ далайн дээрмийн бизнес дээр тогтож байсан юм. Эрчүүд нь хөлөг онгоцыг манаж, залуу хөвгүүд ээлжилж, эмэгтэйчүүд нь барьцааны хүмүүсийн хоол ундыг бэлтгэдэг байв. Улс орон даяар өлсгөлөн заналхийлж байхад Хойбо, Эйл, Харардхе зэрэг загасчдын бараан тосгоны гудамжаар үнэтэй автомашинууд холхиж байсан цаг саяхан. Далайн дээрэмчид, хэлэлцээ хийгч, нягтлан бодогч, орчуулагч, эмч гээд олон төрлийн ажил, мэргэжилтэй хүмүүс шаардагдаж байв. Барьцаалагдсан нэг хөлөг онгоцны төлөөсөнд сая евро авч байсан нь Сомалийн ямар ч тосгонд уул, овоо босгочихоор их мөнгө байсан билээ. Олон улсын цэргийн хүч, эргүүлийн ачаар Сомалийн далайн дээрэм нам жим болоод байсан ч эргэн сэргэжээ. Сүүлийн нэг сарын дотор таван хөлөг онгоц барьцаалагдаад байгаа нь үүнийг гэрчилж байна.
Н.МӨНХЖИН /ЗУУНЫ МЭДЭЭ/
237 сэтгэгдэл