|

Нэг улс хоёр ертөнц

Нэг улс хоёр ертөнц

 

Улаанбаатар хотын төвд байрлах "UB comedy club”-т үйлчлүүлж буй хүмүүсийн дийлэнх нь дэгжин хувцасласан, хээнцэр эмэгтэйчүүд байв. Ажлаа тарсан тэд тайзан дээр гарч буй залуусыг харангаа шар айраг шимнэ.

"The Guardian” сэтгүүлийн "Too smart, too successful: Mongolia’s superwomen struggle to find husbands” нийтлэлээс...

Хүрээний хүүхнүүдийн хэв шинж

Хотын төвийн гудамжаар өндөр өсгийт, үнэтэй брэндээр гангарч, үнэртэн сүрчиг ханхлуулсан охид, эмэгтэйчүүд холхино. Үйлчилгээний газруудын эргэн тойронд ч мөн л бүсгүйчүүд чуулж, худалдааны төв, ресторан зэргийн гол үйлчлүүлэгч, худалдан авагч нь ч мөнөөх л хүүхнүүд байдаг. Эмэгтэйчүүд боловсрол, мэдлэгийн хувьд ч энэ нийгэмд эрчүүдээс илүүрхэж буй. Тоо сөхвөл, Монгол Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид нийт 145 267 суралцагч суралцаж байгаагийн 56 444 буюу 38.9 хувь нь эрэгтэй, 88 823 буюу 61.1 хувь нь эмэгтэй байна. Түүнчлэн улсын хэмжээнд 1.2 сая орчим хүн албан ёсоор ажил эрхэлж байгаагийн 46.5 хувийг нь эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа бөгөөд бизнесийн салбарт ч эмэгтэйчүүдийн оролцоо чамлахааргүй байна. Тодруулбал, нийт аж ахуйн нэгжийн 40 орчим хувь нь эмэгтэй удирдлагатай гэх статистик бий.

Эдгээрээс гадна гэр бүлийн харилцаанд ч эмэгтэйчүүд илүү оролцоотой байдаг бөгөөд нөхрийнхөө олсон, үрснийг тооцоолж, гарч, орохыг нь цагдах нь хүрээний хүүхнүүдийн нийтлэг шинж. Энэ нь судалгаагаар ч нотлогдсон байдаг. Тодруулбал, "Гэр бүлийн судалгаа боловсролын үндэсний хүрээлэн”-гээс гаргасан судалгаагаар, гэр бүлийн харилцаанд эмэгтэйчүүдийн оролцоо илүү байгаа нь тогтоогдсон байна. Тодруулбал, хувцас, эд зүйл худалдаж авахад хэн нь илүү оролцоотой талаарх асуултад судалгаанд оролцогчдын 55.7 хувь нь эхнэр гэж хариулсан бол 3.9 хувь нь нөхөр гэсэн байна. Түүнчлэн судалгаанд оролцогчдын 40 хувь нь өрхийн төсөв зардлыг эхнэр шийддэг гэсэн бол 16.2 хувь нь нөхөр шийднэ гэжээ. Мөн үзвэр үйлчилгээ үзэх зэрэгт ч эхнэрүүд илүү оролцоотой байдаг талаар тус судалгааны тайланд өгүүлсэн байлаа. Эндээс Монгол Улс эмэгтэйчүүдийнхээ эрхийг хангаж чаддаг, бүсгүйчүүд нь санхүүгийн хийгээд бие, сэтгэлийн хувь эрх чөлөөтэй амьдарч байгаа мэт харагдаж байна. Гэхдээ энэ бол өмнө өгүүлсэнчлэн хүрээний хүүхнүүдийн хэв шинж, дэг жаяг.

Хөдөөд хүрдэггүй хүний эрх

 Харин буйдхан сууринд буй цөөнгүй монгол эмэгтэй яг дээрхийн эсрэг нөхцөл байдалд амьдарч буй. Тэд хүчирхийллийн золиос болж, биедээ ахдам ачаа үүрч бор хоног, шар нарыг элээж байгаа нь гашуун ч үнэн. Үүнийг малчин эмэгтэйчүүдийн нөхцөл байдлыг төнхсөн олон арван судалгаа нотолдог. Тухайлбал, ХЭҮК-оос хийсэн "Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн хэрэгжилт: Хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд” судалгаагаар малчин эмэгтэйчүүд өдөрт дунджаар 15-20 цагийн хөдөлмөр эрхэлж байгаа нь тогтоогдсон байна. Мөн тэд хавар, намар, зуны улиралд мал төллөх, сааль сүүний үеэр илүү уртасгасан цагаар ажилладаг талаар судалгааны тайланд хөнджээ. Түүнчлэн судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 30 орчим хувь нь хүчирхийлэлд өртөж байсан тухайгаа өгүүлсэн бөгөөд олонх нь нөхөр эсвэл хадмуудын хавчлагад амьдарч байгаагаа дурджээ. Мөн тэдгээр эмэгтэйчүүд санхүүгийн хувьд нөхрөөсөө хараат, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал, олон нийтийн сүлжээ, зурагт, радиогоос мэдээлэл хүлээж авах цаг зав хомс нөхцөлд аж төрж буй. Малчин эмэгтэйчүүдийн 50.2 хувь нь өрхийн санхүүгээ нөхөр/ хамтран амьдрагчтайгаа хамт шийддэг гэж хариулсан байдаг ч өөртөө мөнгө зарцуулах боломж хязгаарлагдмал байдгаа илэрхийлсэн байна. Түүнчлэн цөөнгүй нь өрхийн санхүүг нөхөр захиран зарцуулдаг гэж хариулсан бөгөөд хадам ээж нь мөнгө, төгрөг, мал ахуйг нь зохицуулдаг гэж хариулсан хүн ч мэр сэр байсан аж. Гэр бүл дэх шийдвэр гаргах аливаа асуудалд ямар оролцоотойг тодруулахад санал асуулгад оролцсон эмэгтэйчүүдийн 60.1 хувь нь хамтдаа ярилцаж шийдвэр гаргадаг, 22.2 хувь нь нөхөр/хамтран амьдрагч шийддэг хэмээсэн байдаг.

"Аргамжаанаас алдуурах” хүсэл

Хотод байгаа эмэгтэй хүн бүхэн эрхээ эдэлж, ямбаа дархалж, хөдөө буй бүх бүсгүйн эрх зөрчигдөж, өөрийгөө гээж, өрөөлийг тэтгэж аж төрдөг хэмээн шууд дүгнэх нь өрөөсгөл. Гэхдээ хөдөөнөөс хотыг зорих охидын тоо элбэгшиж, охиноо малаас холдуулж, их хүрээг бараадуулах эцэг, эхчүүд улам бүр олшич байгаа нь дээрх гаргалгааг нотлох шиг. Улсын хэмжээнд нийт 300 000 орчим малчин бий. Тэдгээрийн 60 орчим хувь нь эрэгтэй. 40 гаруй хувь нь эмэгтэй  Энэ зөрүү гэрлэх насны малчдын хувьд бүр ч гаарна. Тодруулбал, нийт малчдын 30 гаруй хувь нь гэрлэх насных бөгөөд тэдгээрийн 70 орчим хувь нь эрэгтэй, 30 гаруй хувь нь эмэгтэй. Тэгэхээр гэрлэх насны нэг эмэгтэйд хоёр эрэгтэй ногдохоор байгаа юм. Энэ нь эцэг, эхчүүдийн охиноо "Хөдөө аргамжихгүй, хүний боол болгохгүй” гэх хүслээс үүдэлтэй. Өнгөрсөн жил хийсэн судалгаагаар залуу малчдын ердөө 0.5 хувь нь охиноо малчин болгох хүсэлтэй байгаа нь нотлогдсон байна. Харин 20 гаруй хувь нь хүүгээ тус замаар замнуулна хэмээсэн байдаг. 

Хөдөөд хүнээ тогтоох нь

Төр засгийн зүгээс бүсгүйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, эмэгтэйчүүдийн манлайллын асуудлыг сүүлийн жилүүдэд хөндөж эхэлсэн. Улмаар, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор эмэгтэй нэр дэвшигчдийн квот гэгчийг тогтоож, улс төрийн намууд зайлшгүй эмэгтэй хүн нэр дэвшүүлэх шаардлагатай болохыг хуульчилж өгөв. Түүгээр  ч зогсохгүй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хуулийн төслийг ч санаачлаад амжлаа. Сайн хэрэг. Эмэгтэй, эрэгтэй хүмүүс эн тэнцүү, тэгш эрхтэй амьдрах нь зүй гэдгийг хаа хаанаа ойлгож, сэхээрэв. Гэхдээ эдийн засаг, нийгмийн харилцаанд оролцож буй эмэгтэйчүүдийн эрх ашгаас гадна малчин бүсгүйчүүдийн эрхийг хангахад анхаарах зайлшгүй шаардлагатай байна.

Дан ганц эрхийг нь хангаад зогсохгүй орлого олох боломж нөхцөлийг нь нэмэгдүүлэх нь зүй. Эмэгтэйчүүдэд ээлтэй нийгмийг цогцлоож, бүсгүйчүүдийн эрхийг хангах нь хот хүрээгээр хэмжигдэхгүй. Хүний эрхийг хангаж, хамгаалах ажил уулын мухарт ч хүрч чадвал сая хэргээ бүтээнэ. Түүнчлэн чингэж чадвал хөдөөнөөс хотыг зорих "их хөлийг” дөнгөлж, хөдөөд хүйсийн тэнцвэртэй байдал бий болох боломжтой.

 

 
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

0 сэтгэгдэл