|

Ц.Нацагням: 1930-аад оны их нүүдэл, дүрвэх хөдөлгөөнд том лам нар их үүрэг гүйцэтгэсэн

Ардын боловсрол, Залуучууд, нийгмийн аюулаас хамгаалах байгууллагад олон жил ажилласан бэлтгэл хурандаа Ц.Нацагнямтай хуучлав. Ц.Нацагням яриагаа ийнхүү эхлэв.
 
Зүүний алдаа завхрал, урвагчдын ятгалга, тулгалт нь ард түмний сэтгэл санааг алдагдуулж, 1930-аад оны эхнээс Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгаас айл өрх, ард олноороо хил давж нүүх, дүрвэх хөдөлгөөн гарч байсныг түүхчид бичдэг. 1932 оны хавар эхийнхээ хэвлийд бүрэлдэж дараа оны эхээр төрсөн миний бие Өвөрмонголд биш өөрийн эх орондоо мэндэлсэндээ бахархдаг.
 
Дүрвэх хөдөлгөөний халуун цэгт төрж, өссөний хувьд аав ээж, ах эгч, нутгийн хөгшчүүлийн яриа дурсамжийг олон удаа сонссон хүний нэг дээ би. Тэд маань дүрвэх хөдөлгөөний гай гамшгийг биеэр үзэж туулсан хүмүүс байлаа. Манайх Өмнөговь аймгийн Мөнх-Овоо / одоогийн Баян-Овоо/ сумын айл юм. 1932 оны хавар манайхыг Дахын улаан Овоо гэдэг газар хаваржиж байхад нутгийн айлууд бөөнөөрөө Өвөрмонгол руу нүүж эхэлсэн гэдэг.
 
Жагай тавнангийн Очирын /миний өвөө/ гэдэг айл эхнэр Түмэнгийн Дарьсүрэн, хүү О.Төмөр, охин Д.Цэрэндулам /миний ээж/, зээ охин Д.Дэчинхорол, Д.Сэрээнаа нарын хамт мал сүргээ туугаад өмнө зүг рүү нүүжээ. Миний эцэг П.Дамбий эх Пагма, дүү Чулуу, зээ охины хамт нүүсэн байдаг. Манайхан бусад нүүдэлчний хамт Дэлийн ус, Шар хадны амыг уруудан Ажил гүний талыг гатлан Талын булаг гэдэг газар түр буудаллан үдшийн бүрий болохын үест цааш хөдөлж, Босгын тал хэмээх газар хүрээд хилийн цэрэгтэй тулгарчээ.
 
Нүүдэлчдийн цувааг хилийн цөөн цэрэг саатуулж дийлэхгүйгээ мэдээд пулемёт, винтовоор дүрвэгчдийн толгой дээгүүр хий буудаж буцахыг шаарджээ. Шөнийн харанхуйд бууны дуу чимээ, гэрэлд ачаатай тэмээ, тууж явсан мал сүрэг нь үргэж, хүмүүс хашгиралдаж, тэмээний буйлах, хонь ямаа майлах дуу чимээ гарч шороо тоос бужигнаж юу ч харагдахгүй болсон байна. Нүүдэлчдийн олонх нь хил давж чадахгүй болсноос хөтөлж явсан ачаатай болон сэгш, өөжинд хийсэн хүүхэд тэгнэсэн тэмээгээ арай ядан тогтоож бууны дуу зогсохоор ачаатай тэмээ, сэгштэй хүүхдээ буулгажээ.
 
Ээжтэй сундалдаж явсан охин Сэрээнаагийн шилэн хүзүүгээр бууны сум хальт шүргэж, аавын зээ охин Ичинхорлоо ачаатай тэмээн дээрээс унахдаа татлагад орооцолдож чирэгдсэнээс хөлийн нэг хуруугаа тасдуулсан байжээ. Тэд түр тайвширсан ч гал түлж цай хоол хийх боломжгүй байсан тул өглөөг хүлээн сууцгаажээ.
 
Хилд тулж очсон нэлээд айл ачаа хөсөг, тууж явсан малаа орхин хил давсан хүмүүсийн дотор манай өвөө З.Очир, хүү Төмөр, аавын эмэгтэй дүү Чулуу нар байжээ. Харин эмээ Т.Дарьсүрэн охин, зээ нартайгаа хил давж чадалгүй үлдсэн байна. Маргааш өглөө нь тэднийг хил давуулалгүй баривчлаад цэргээр мануулж, цэргийн дарга нь ирээд "Та нар бол Дэлэгсамбын хань хамсаатан, эх орноосоо урвагчид мөн тул буудна" гэж сүрдүүлж загнажээ.
 
Үдээс хойш тэдэн дээр албаны хүмүүс ирсний дотор Өмнөговь аймгийн дарга Жамсрангийн Самбуу байжээ. Ж.Самбуу цэргийн даргаас "Энэ эрчүүдийг яах гэж байгаа юм бэ” гэж асуусанд баривчлагчдад хандан "Оргодол урвагчдыг буудах гэж байна" гэж хэлэхэд нь аймгийн дарга "Энэ хүмүүсийг энд буудаж болохгүй, өөрсдийн унаагаар нь аймгийн төвд хуулийн байгууллагынханд хүргэж өг. Тэд хэргийн учрыг шалган тогтоох болно" гэж захиад явжээ. Баривчлагдсан эрчүүдийг тэмээ унуулж, буутай цэргээр хамгаалуулан 245 км зайтай аймгийн төвд хүргэж хуулийн байгууллагад хүлээлгэж өгчээ.
 
Тэднийг гэр шоронд хорьж, хоол ундгүй шахам өлсгөж, цангааж хэд хонуулаад нэг удаа байцаагаад цөмийг нь суллаж нутагт нь буцаасан байна. Тэр эрчүүд "Ж.Самбуу дарга бидний амийг аварлаа” гэж ярьдаг, хүндэлдэг болсон гэнэ лээ.
 
-Танайхаас хил давж нүүгээд Өвөрмонголд суурьшсан хүмүүс бий юу?
 
-Би түрүүн миний өвөө З.Очирхүү, О.Төмөр, аавын дүү Чулуу нар байсан гэж ярьсан шүү дээ. 1945 оны наймдугаар сард Баруун Сөнөд хошуунд амьдарч байсан 500 гаруй халх айл манай улсын хилийг давж, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутгаар орж ирээд Түшээ гүний хошууныхан буюу Баян-Овоо сумын айл өрхүүд Хар-Айраг суманд 10-аад жил идээшин амьдарч байгаад 1955 онд дээд газраас зөвшөөрсний дагуу өөр өөрсдийнхөө төрсөн нутагт очицгоосон юм.
 
Манай нагац ах О.Төмөр Сөнөд нутгийн бүсгүй /эхнэр/ Рэнчмаатай ирээд хоёр хүүхэдтэй болж, аавын зээ дүү Юүрэнцэвээн эгч нар Өмнөговь аймгийн төвд ажиллаж, сайн сайхан амьдарч байгаад нас барсан. Өвөө З.Очир 1940-өөд онд Өвөрмонголд өөд болж, аавын зээ дүү Чулуу Баруун Сөнөд хошуунд үлдэж амьдарсан тул манайхан тэдэнтэйгээ амьдад нь уулзаж чадаагүй.
 
-1930-аад онд нүүж дүрвэсний шалтгааныг танай нутгийн ахмад хүмүүс юу гэж дүгнэн ярьдаг вэ?
 
-Нүүх, дүрвэхийн зовлонг эдэлж, өсч төрсөн нутгаасаа сапж хүн, мал нь идээшихгүй байснаа Ардын нам, засгийн алдаанаас биш дээд ангийн лам нарын хорт явуулга гэж ярьдаг. Энэхүү үймээн дүрвэх хөдөлгөөнийг Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутагт буй Долоон шар загийн хийдийн хувилгаан Ганжуурваа гэгч сэдэн турхирч, Дэл хөнжлийн Дэлэгсамба тэргүүтэй бүлэг дээрэмчдийг зэвсэглэн Өмнөговь аймгийн зүүн талын сумд болох Өлзийт, Цогтцэций, Жавхлант, Мөнх-Овоо сумын олон арван айл өрхийг хүчээр нүүлгэхдээ ард иргэдийг айлган сүрдүүлж, улсын хил давуулан Өвөрмонголд аваачсан нь олны тайван амьдралыг бусниулсан гэмт хэрэг гэж би боддог.
 
Ганжуурваа хувилгаан гэгч эх орноосоо оргон гарч Өвөрмонголд очоод сүм хийдээ байгуулан нутгийнхаа сүсэгтэн олны сэтгэл санааг үймүүлж, тэднийг эх орноосоо дүрвэн гарч, Өвөрмонголд ирэхийг ятгаж байсан юм билээ. Харин одоо зарим нэг хүн Ганжуурваа хувилгааныг гэм зэмгүй хүн байсан мэтээр ном, хэвлэлд бичих болсон нь эх орноосоо урвасан тэр ламыг ташаа үнэлсэн явдал Ганжуурваа хувилгааныг зөвтгөж, уучлах ямар ч үндэслэлгүй гэж боддог.
 
-Танай нутагт дүрвэгсдийг таслан зогсоох гэж амь насаа зориулсан хүмүүсийн хөшөө дурсгалууд байдаг биз дээ?
 
-1932 оны хөдөлгөөний үед Дотоодыг хамгаалахын төлөөлөгч Чоймбол, бага дарга Амбаа, МХЗЭ-ийн Төв хорооны төлөөлөгч Бүргэлдээ, Цогт сумын эвлэлийн үүрийн дарга Бор, Өлзийт сумын дарга Мөнх нар дээрэмчин Дэлэгсамбын гарт амь үрэгдсэн гэдэг. Дэлэгсамбын дээрэмчид Мөнх-Овоо сумын төвд очиж, дэлгүүр хоршоог дээрэмдэж байхад сумын дарга М.Дугар тэднийг эсэргүүцэн тэмцэж байгаад амьд үрэгдсэн юм. Иймээс эрэлхэг тэмцэгч М.Дугарын алдар гавьяаг нь мөнхжүүлэх зорилгоор дурсгалын баганыг Баян-Овоо сумын төвд босгосон байна лээ. Одоогийн Цогтцэций сумын төвд Т.Борын хөшөө бий. Харин Тугийн цохионд босгосон хөшөөг үзээгүй.
 
-Та бид хоёр төлөөлөгч Чоймболын тухай /Ч.Алтангэрэл, Г.Батаа нар "Тусгай даалгавар" 1971 УБ номд/ Баян-Овоо сумын нутаг Толь хэмээх газарт тайж Дамба яргачин Буян нар түүний биеийг нь галаар төөнөж, энд тэндгүй хутгалж, тамлаж алсан тухай бичсэнийг уншсан шүүдээ.Тэгэхлээр дүрвэгчид нь урвагч биш дүрвүүлэгчид нь урвагч байсан юм шив дээ. Эх нутгаасаа нүүж дүрвэсэн, дүрвэх гээд амжаагүй хүмүүс, тухайн үеийн болон одоогийн сэтгэгдэл ямар байдаг юм бэ?
 
-Нам засгаас нүүж дүрвэсэн айлуудыг цаг тухайд нь дүрвэхийг хориглож анхаарч ажилласан нь ач тустай болсон гэж баярлаж бахархаж ярьдаг. Нүүж дүрвэсэн айл, хүмүүс төрсөн эх нутгаа санаж мөрөөдөхөөс эхлээд сэтгэл санаа, амьдрал нь хангалуун байгаагүй юм гэнэ лээ. Миний аав, ээж болон эгч Дэчинхорол нар "Говийн хөгжил" нэгдэлд малчнаар ажиллаж, эгч Сэрээнаа, дүү Сүнчинмаа, Чүнрэлдорж нар цөм сургууль соёл, ажил албатай сайхан амьдарсан.
 
Миний бие УБДС төгсөөд Ардын гэгээрэл, залуучууд, нийгмийг аюулаас хамгаалах байгууллагад 35 жил ажиллаж, төр засгийн шагнал хүртэж гавьяаны амралтандаа гарсан.
 
-Танай нутагт IX Ванчинбогдоос БНМАУ-д амьдарвал үхэл хагацалд учирна гэсэн зарлиг ухуулга ирүүлснийг хүлээж авснаа ярьдаг байсан уу?
 
-Би сонсоогүй. Өөрийн чинь ном, сонинд нийтлүүлсэн зарлигийг уншсан. Тэр зарлиг, ухуулга улсын хэмжээгээр тарсан бол манай нутагт нөлөөлсөн байх магадлалтай.
 
Бэлтгэл дэд хурандаа Б.ЗИНАМИДАР

0 сэтгэгдэл