- Ам.долларын ханшийн өсөлт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөх болов
- Ирэх 2020-2024 онд манай улсын төлөх төрийн болон хувийн хэвшлийн өр 14.4 тэрбум ам.доллар. Гэтэл бидэнд бэлэн байгаа валютын нөөц маань дөрвөн тэрбум ам.доллартой л тэнцүү
Төгрөгтэй харьцах ам.долларын ханш лхагва гарагт 2723.60 төгрөгтэй тэнцлээ. Монгол Улс сааралт жагсаалт руу орсноос хойш ам.долларын ханш тасралтгүй өссөөр дээрх түвшинд хүрэв. Тодруулбал, сүүлийн нэг сарын хугацаанд ам.долларын ханш төгрөгийн эсрэг 21 төгрөгөөр чангарч, энэ нь түүхэнд байгаагүй дээд үзүүлэлт болж байна. Жижиг эдийн засагтай, гадаад худалдаа нь нээлттэй, импортын хэрэглээнээс хараат манай орны хувьд ам.долларын ханш даган амьдралын чанар хэлбэлзэх болов. Иргэдийн худалдан авах чадвар муудаж буйн хамгийн том шалтгаан нь өнөөдөр үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн уналт болж байна. Гар дээрээ авч буй сарын цалингаа ам.долларт хөрвүүлэхэд тал нь хаачив гэмээр хоёр дахин багасна. Ам.долларын ханш тогтмол өөрчлөгдөж, төсөв, мөнгөний бодлого хэлэлцсэн өдрүүдэд зах зээл дээр өсөлт эрчимтэй явагдлаа. Төв банк гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар мягмар гарагт гэхэд 27 сая ам.доллар нийлүүлсэн ч энэ нь дорвитой нөлөө үзүүлсэнгүй. Энэ сар гарснаас хойш нийт 164 сая ам.доллар валютын дуудлага худалдаагаар зах зээлд нийлүүлсэн байна. Гэвч ам.долларын ханш тогтворжих бус өсөлт үргэлжилсээр. Улсын гадаад валютын албан нөөц бараа, үйлчилгээний импортын зургаан сарын хэрэгцээг хангах түвшинд байна. Төлбөрийн тэнцэл энэ оны эхний 11 сарын байдлаар 250 сая ам.долларын ашигтай гарсан. Хэдий тийм боловч ам.долларын ханш зогсолтгүй өссөөр. Харин гадаадын шууд хөрөнгө оруулалтын цэвэр дүн оны эхний 10 сарын байд лаар 1.56 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн оноос зургаа орчим хувиар буурсан дүнтэй байна. Үүний 75-80 хувийг "Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалт бүрдүүлжээ. Нэг төслөөс хамааралтай хөрөнгө оруулалтын урсгал эдийн засгийн эмзэг байдлыг давхар илтгэнэ. Хөрөнгө оруулалтаа задлаад үзвэл дийлэнх нь "Оюутолгой” төслөөс хамааралтай байна. Гэтэл валютын гол суваг болж байгаа уг төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолын төслийг УИХ батлаад байгаа. Төсөлд Засгийн газрын болон УИХ-ын ажлын хэсгээс 2018 онд хийсэн шалгалтын дүнд үндэслэж, дээрх тогтоолыг гаргасан билээ. Тогтоолоос үүдэн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах, улмаар далд уурхайн зардал нэмэгдэхээс шалтгаалж төслийн хувь заяа хаашаа эргэх нь тодорхой болох юм. Хэрэв далд уурхайн санхүүжилт саатах, төсөл хэрэгжүүлэгч талууд нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй бол ам.долларын ханшаар дамжуулан иргэдийн орлого үнэгүйдэхээр байна. Үйлдвэрлэгч бус хэрэглэгч орны хамгийн том зовлон валютын ханш. Ханш өндөр байх хэрээр өрхийн амьжиргаа доройтдог. Улмаар иргэдийн худалдан авах чадвар муудаж, ханшаар дамжин инфляц хөөсөрдөг.
Б.Баяртогтох
ЗГМ
0 сэтгэгдэл