|

Боомын мөнгө

Боомын мөнгө

 

Хүн ба амьтны боом нянтах өвчин. Үхэр, сарлаг, хонь, ямаа, адуу, тэмээ, гахай болон зэрлэг амьтад өвчилнө. Боомын хуягласан нян хөрсөнд удаан хугацаанд амьд байна, тохиромжтой нөхцөл бүрдэхэд сэрж, үржиж олширдог, томоохон голууд, нууруудын татмын довтой, намагтай нугын ялзмаг ихтэй, шаварлаг хөрсний халдвар болой. Хаант Орос Улсын цэргийн агтны олон адууг өвчлүүлж үхүүлсэн тахал анхаарал татаж, "сибирийн яр” гэдэг нэр авчээ. Иймээс ч Сибирьтэй хиллэдэг манай Хөвсгөл, Хэнтийн уулсаас эх авсан голуудын сав нутгаар боом өвчин илүү илэрдэг. 
Боомын нян амьтнаас амьтанд шууд хавьтлаар халдахгүй тул гоц халдварт өвчин биш, сүргээс сүрэгт дамжихгүй тул хил зөрчдөг өвчин биш, хөрснөөс идэш, ууштай халддаг орогномол өвчин. Хааяа цус сорогч шавьж нянг амьтнаас амьтанд халдаана. 
 
Боомын нян орогносон нутгийнхаа амьтдын биед байнга орж гарч байдаг. Хүн, амьтны арьсны шархаар боомын нян халдаж үүсгэсэн содон ярыг "газрын юм” гэдэг. Амьтнаас хүнд нян шууд халдахгүй, харин боомтсон амьтныг нядлаж, боомтож үхсэн амьтныг өвчиж төхөөрсөн хүний гар, нүүрний арьсны шархаар халдана, өөрөөр хэлбэл энэ нянг хүн өөртөө халдаадаг.   
 
Боом нуур, голын татмын нуга, намгийн талхлагдсан бэлчээрийн өвчин. Боомоор үхэр, адуу хамгийн их өвчилдөг. Дулааны улиралд гол, нуурын татамд нутагладаг цөөхөн хот айлын (2 – 3%) ганц хоёр амьтан сугачаа байдлаар өвчилнө (сүргийн нийт амьтны 1–2%), өвчний явц түргэн, өвчилсөн амьтан үхэх нигууртай (100%). Өвчлөл олон жилийн давтамжтай илэрдэг, 1991–1999 оны чийглэг арваад жил тус улсад боомын дэгдэлт, өртсөн малын тоо олширсоныг судлаачид вакциныг бага хэрэглэсэний үр дагавар гэж дүгнэжээ. 
 
Боом илэрсэн нутгийн ус, бэлчээрийг даруй чөлөөлж, хөл хорио тогтоодог, тэнд мал бэлчээхгүй, гаднаас амьтан оруулахгүй, боомтож үхсэн амьтны хүүрийг задлахгүй, нохой, шувуу ойртуулахгүй, газарт булахгүй, бүтнээр нь битүү хучаад юмуу битүү хальсан уутанд хийгээд хэд хонуулахад ялзраад аюулгүй болно. Задарсан сэг зэмнээс боомын нян хөрсөнд тарж, хуягладаг. Тусгаарласан голомтоос гадуур хүн, амьтны хөл хорих, амьтан вакцинжуулах шаардлагагүй. 
Боомын орогномол бүс нутагт байгаа амьтныг өвчлөх, үхэхээс хамгаалах амьд вакцин хэрэглэдэг. Манай улсад Ценковскийн вакциныг 1930 оноос, СТИ вакциныг 1948 оноос хэрэглэжээ. Хэдэн жил дараалан боом илэрсэн нутгийн мал сүргийг вакцинаар товлож хамгаалах хэрэгцээ байна. Гарцаагүй нянтах амьтан байгаа сүргийг олж вакцинжуулна. Нянтай бэлчээрт орохгүй, соргог бэлчээрт байгаа буюу нянгийн халдварт өртөхгүй амьтныг вакцинжуулах шаардлагагүй юм. 
 
Гэтэл нянтахгүй, өвчлөхгүй, үхэхгүй маш олон үхэр, мал тарьж үргүй зардал гаргаж, сүрэг, бэлчээрийг бузарлаж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр вакцины үнэ, тарилгын хөлсийг төлнө, үүнийгээ "үнэгүй” гэж тайлбарлана. Нэг айлын ганц хоёр үхэр боомтсоныг сүр бадруулан зарлаж, тэр хавийн бүх айлын бүх малыг вакцинжуулдаг цамаан ажиллагаа 60 шахам жил үргэлжиллээ. Өвчлөх нь өвчлөөд, үхэх нь үхсэн хойно, өвчлөхгүй, үхэхгүй олон мал амьд вакцины халдварт өртөнө. Дэгдэлт жамаараа унтарч, вакцинжуулсан сүрэгт дархлаа үүсэх хүртэл мал өвчлөхгүй, үхэхгүй байгааг "боомыг вакцинаар нам дарлаа” гэдэг. Олон жил дараалан амьд вакцин хэрэглэсэн нутаг усны нэр хүнд унана, чансаа доошлоно. Вакцинжуулсан сүрэг ногоон бүтээгдэхүүний зиндаанаас хасагдаж, өрсөлдөх чадвараа алдана, хямдрана. Боомын амьд вакциныг 20 – 30, бүр 40 – 50 жил завсаргүй хэрэглэсэн баримт маш муу үзүүлэлт. Ийм хэрэгцээ хаана ч байхгүй. Өөрөөр хэлбэл 20 – 30 жил, 40–50 жил дараалан бүх суманд, бүх хот айлд хэдэн арав, зуу, мянгаараа мал боомтох эрсдэл хэзээ ч үүсэхгүй. Ганц үхрийн амь аврахын төлөө 99 үхэр вакцинжуулдаг. Зарим аймаг, сум бүх үхрээ жил бүр вакцинжуулж өвчлүүлдэг. 
Нянгийн халдварт өртөх эрсдэлгүй, маш бага эрсдэлтэй сүргийг вакцинжуулах нь нэг удаа үйлдэхэд мэргэжлийн ёс зүйн алдаа, давтвал зөрчил, гурав үйлдвээс гэмт хэрэг болой. Үүний улмаас амьтны анагаах ухааны практик, амьтны эмчийн нэр хүнд унана. Улс, аймаг, сумын мал эмнэлгийн албаны "ерөнхий” хийгээд "тархварын” эмч нар жил бүр гэмт хэрэг үйлдэж байна. Малчид –үйлдвэрлэгчдийн цоо эрүүл, халдварт өртөх эрсдэлгүй мал сүргийг, ус, бэлчээрийг амьд вакцинаар бузарласны, үүний улмаас бүтээгдэхүүний нэр хүнд унаж, чансаа буурч, үнэгүйдсэний алдагдлыг шийдвэр гаргагч хариуцдаг, хохиролыг нөхөн төлдөг болох цаг айсуй. 
Тууврын бүх малд боомын вакцин тарьдаг байв. Говь, тал нутагт олон малд боомын вакцин тарих даалгавар өгдөг, малчид тариулах дургүй, тарих мал олддоггүй байлаа. Боомын хэрэгцээгүй вакциныг төлөвлөгөөнөөс хасах санал мэдүүлэхэд "хаа сайгүй малын хүүр устгал хангалтгүй, хөрсний бохирдол их байгаад нийцүүлсэн нам засгийн төлөвлөгөөг уг дүүгүй биелүүл” гэдэг байв. 
 
Вакцин хэрэглэдэггүй байх үеийн мал сүргийн өвчлөл, хорогдлыг одоогийн хоморголсон вакцинжуулалтын үетэй харьцуулахад ялгаа харагддаггүй. Сэлэнгэ, Тэс, Орхон,  Онон, Туул, Хэрлэн, Завхан, Ховд голын дагуух зэргэлдээ сумдын боомын вакцины хэрэглээг харьцуулахад зарим сум 50 – 60 жил хэрэглэсэн, зарим сум огт хэрэглээгүй байхад малын өвчлөл, хорогдлын ялгаа байдаггүй. Боомын халдварын ойролцоо эрсдэлтэй нутгийн малын өвчлөл, хорогдолыг харьцуулахад вакцин хэрэглэсэн, хэрэглээгүйн, их хэрэглэсэн, бага хэрэглэсний ялгаа харагдахгүй байна. 
 
 
Улсын хэмжээнд том гол, нуурын сав нутгийн 1000 орчим үхрийг хамгаалж, 100000 орчим үхэр вакцинжуулах хэрэгцээ байна. Нэг хот айлын сүрэгт боом илрэхэд хавийн айлуудын хэдэн мянган малыг вакцинжуулах хэрэггүй. Боомын вакцины үнэ, мал тарих хөлсийг малын эзэн төлдөг болоход хэрэгцээ, хэрэглээ хоёр нийцэж, шахаа албадлага, хулгай луйвар байхгүй болж, Алтай, Хангай, Тал, Говийн олон сүрэг мал вакцины халдварт өртөх зовлонгүй болох цагийг хамтдаа угтах ажаамуу.  
 
 
Жил бүр олон сая малын тоог боомын вакцинаар тарьж байна, 1993 оноос амьтан тарих нь цөөрч, тоо тарих нь ихэссэн. "Ноосны мөнгө”, "арьс ширний мөнгө” гэдэг шиг боомын мөнгө малын эмч нарын бусдын малын тоог барьцаалан хүртдэг халамжийн мөнгө болжээ. "Миний малын тоог хаслаа” гэх гомдол, "миний малын тоог хасаад үзээрэй” гэх заналхийлэл, "надад малын тоо тавьж өглөө” гэх хахууль, Улаанбаатар хот хийгээд олон аймгийн төвөөс олон баг, сумын малын тоогоор хэдэн арав, зуун саяар нь вакцины мөнгө хүртэгсдийн баярхал, аархал олон түмний дургүйцлийг хүргэсээр байна. 
Боомын мөнгөний тэрбум тэрбум төгрөгийг малчдын эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, эмчилгээнд зориулбал олон айлд баяр, жаргал бэлэглэхсэн.  
 
 
О. Уламбаяр 
 
Архангай аймаг, Цэнхэр сум

5 сэтгэгдэл