|

Түшээд маань төрийн буянаар газар үзэж, ганц хоёр туршлага судлахад 5 тив ч багаддаг бололтой

Түшээд маань төрийн буянаар газар үзэж, ганц хоёр туршлага судлахад 5 тив ч багаддаг бололтой

Манай хууль тогтоогчид  ажиллаад байна уу, амраад байна уу тодорхойгүй. Ямартай ч чуулганы завсарлагаа бол тэдний хувьд алба, амины  ялгаа бага мэт харагддаг. 

Өчигдрийн байдлаар гэхэд УИХ-ын 65 гишүүнээс 33 нь Улаанбаатар хотод байгаа гэсэн мэдээлэл байна. Мөн 24 гишүүн гадаадад яваа юм байна. Тэдний 18 нь албан томилолттой  байгаа гэжээ. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа 5 гишүүн байна.

Уг нь гишүүд маань чуулганы завсарлагаагаар  тойрогтоо ажиллаж байна, ажиллаж байгаад ирлээ гэж өөрсдийгөө тодотгох нь олонтаа. Харин өчигдрийн зураглалаар бол орон нутагт ажиллаж байгаа 5 гишүүнийг эс тооцвол бараг тэн хагас шахам нь хилийн цаана "хийсгэж” яваа юм байна. Сонгогдсон тойрог нь Монголд байгаа болохоор гадаадад "туршлага судалж” яваа болж таарав.

Ийм нэг яриа чих дэлсдэг. Манай сайд дарга нарыг очихоор Норвегийн талынхан "Та бүхэн дахиад л манай сангийн туршлагыг судлахаар явж байна уу” хэмээсэн тухай  яриа бий. Зүгээр шоглол ч байж мэднэ. Үнэндээ Норвегийн сангийн туршлагыг Монголын үе үеийн хууль тогтоогчид олноороо очиж судалсаар ирсэн. Катар, Кувейтийн санг бүр ч олон удаа судалсан байх. Харамсалтай нь тэр их судалсан туршлагаа одоо болтол эх орондоо нэвтрүүлж амжаагүй л явна.

Түрүүчийн судалсан "туршлага”  мартагдаж  орхигдсон ч Монголын төрийн албаныхны гадаад томилолт галуун цуваа шиг гадагшаа зэллэсээр л байна.

Аавын бийд хүнтэй танилцаж, агтны бийд газар үзэх тухай монгол сургаал бий.  Харин эдүгээ албан тушаалтай байгаа дээрээ газар үзэх тухай болж агуулга  нь өөрчлөгдсөн гэмээр. Аз нь шовойж, ар өвөр талаасаа амны хишиг дагуулж сонгогдсон эрхэм түшээдэд маань төрийн буянаар газар үзэж нүд тайлахад  таван тив ч цөөддөг ч юм билүү, яаж мэдлээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард  яамдууд нийтдээ  1 тэрбум төгрөгийг гадаад томилолтонд зарцуулсан гэх мэдээлэл нэгэн сайтад нийтлэгджээ.  Энэ жишгээр тооцвол жилдээ наанадаж 12 тэрбум төгрөг болно. Үүн дээр Ерөнхийлөгчийн институци болон УИХ, Засгийн газар, агентлагууд, аймаг нийслэлийнхний гадаад томилолт нэмэгдэнэ гээд бодоход цочирдом тоо гарч мэднэ. Харамсалтай нь үүнийг тодотгох сүүлийн үеийн тоо баримт олдсонгүй. Харин 7 жилийн өмнө гадаад томилолтын зардлыг бууруулвал  2.9 тэрбум төгрөг хэмнэх боломжтой  гэсэн танилцуулга явж байсныг санаж байна. Тэр цагаас хойш гадаад томилолт өссөн үү гэхээс буураагүй нь тов тодорхой.

Эдиийн засгийн хүндэлтэй, ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөр эхэлж байсан 2017 онд гадаад дотоод томилолтын зардлыг хассан ч 2017 оны УИХ-ын намрын чуулганы хугацаанд 76 гишүүний 53 нь гадаад томилолтоор явж, үүнд улсын төсвөөс 3,5 тэрбум төгрөг зарцуулсан гэх мэдээлэл байсан юм даг. Мөн Н.Алтанхуягийн Засгийн газрын үед  төрийн албаныхны гадаад томилолтын зардал 8.5 дахин өсч байжээ. Энэ мэтээс харвал гадаад томилолт гэдэг төриийн хэтэвчнээс хамаараад байдаггүй ил цагаан "ашиг сонирхол” бололтой.

Хэдхэн хоногийн өмнө цахим орчинд Өмнөговь аймгийн дарга нарыг аялал зугаалга өндөрлөсөн бол ажлаа хийнэ үү гэсэн пост жиргээ хэсэгтээ л  цахилав. Тухайн үед аймгийн Засаг дарга тэргүүтэн нь Америкт, ЗДТГ-ын дарга  болон хэсэг албан тушаалтнууд Европт  аялж явна хэмээн иргэд мөрийг нь мөшгиж байсан. Бодвол тэд  орон нутгийн иргэд  байсан байх.  Сүүлийн үед аймаг, сумын Засагууд гадаад томилолтод ихэд амтархах болсон тухай яригддаг. Хэдэн жилийн өмнө дүүргийн нэг Засаг дарга албаны мөнгөөр авгай хүүхэдтэйгээ гадаадад аялж амарсан тухай  шуугьж л байсан санагдана.  Иймэрхүү жишээ  захаас аван л байгаа байх. 

Яахав, гадаадад явж юм үзэж нүд тайлахын буруу гэж юу байхав. Гэхдээ татвар төлөгчдийн мөнгөн дээр тарвалзахад бас учир бий. Дарга нар нь гадаадад явж гахай шувууны мах идсэнээр улс орон хөгждөг, соёлждогсон бол Монгол цойлохоор л нэг боллоо. Гэвч тэгсэнгүй. Тэгэхээр тэдний гадаад томилолт  үр дүн, үлдэх мөргүй  замхарах нь их юм биш үү. Явлаа, харлаа, мартлаа... Нэг иймэрхүү эрэмбээр.

Харин харьд "боол”-ын хөдөлмөр эрхлэж байсан монголчууд маань эх орондоо эргэж ирээд  сурсан мэдсэн туршлага дээрээ тулгуурлаж хэд хэдэн үйлдвэр байгуулж,  үр бүтээлтэй ажиллаж буй бэлээхэн жишээ бол байгаа шүү.

 
zaluu.com

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл