Өнгөцхөн харахад өнөөдөр өрнөж буй улс төрийн намуудын талцлаас үүсч буй мэдээ, мэдээлэл залхмаар, халширмаар байгаа. Гэхдээ эндээс иргэд олон нийт нэг л зүйлийг тун соргогоор ажиглаж чадвал цаашдын нийгэм, эдийн засгийн хөгжилд нэмэр болох гол түлхүүрийг бидэнд өгч байна. Хэн нь хэн бэ гэдгийг бид олж мэдэх том боломжийг улс төрийн ойрын өдрүүдийн "зодоон" харуулж байна. Хэнд итгэл хүлээлгэж, хэнээр бид төлөөллөө сонгож, хэнийг бид сонгож болохгүй вэ гэдэг гарын авлагыг улстөрчид бидэнд бэлдээд өгч байна гэж олзуурхах хэрэгтэй. Цагийн аясад тэдний ард нуугдаж үлдсэн хууль бус үйлдэл, ашиг сонирхлын зөрчлүүдийн талаарх баримт алган дээр тавьсан мэт дэлгэгдэж байгааг бид аз завшаан гэж бодох хэрэгтэй. Тийм ч учраас улстөрчдийн увайгүй үйлдлийн талаарх баримтуудыг төрд гомдсон, бухимдсан иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан бусдад түгээж байна. Тийм баримтуудын нэгийг өчигдөр /2018.11.21/ бид дэлгэсэн.
БОДИТ БАЙДАЛ БА БАРИМТ
УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд, дарга нарын хамаарал бүхий компанид тун амархан олддог 950 сая төгрөгийн гуравны нэгтэй тэнцэх зээл хүссэн "Гүнжийн даваа” компани одоо 500 сая төгрөгийн өрөнд унажээ. Энэ компани 2011 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас "Жижиг, дунд үйлдвэрлэл”-ийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээл хүссэн байна. Тус компани 256 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг ЖДҮХС-аас хүссэн. Тухайн үед азаар салбарын яам тэдний хүсэлтийг хүлээн авсан бөгөөд хөнгөлөлттэй зээлийн мөнгө арилжааны нэг банкаар дамжуулан авах дүрмийн дагуу Капитал банкийг сонгосон байна.
Баримт 1
Таван жилийн хугацаатай олгогддог хөнгөлөлттэй зээл олгох ХХААХҮ-ны сайдын тушаал гарчихсан тул Капитал банк 3 жилийн дотор авсан зээлээ төлж барагдуулах шаардлага "Гүнжийн даваа" компанид тулгарчээ. Эргэн төлөлтийн уян хатан нөхцөл санал болгоно гэсэн банкны амлалтад компани итгээд, 5 жилд хувааж төлөх төслийн графикаа эвдээд зөвшөөрсөн аж. Гэвч үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж байсан компани учраас авсан зээлээ 5 биш 3 жилд багтаан төлөхөд хүндрэл учирсан байна. Ингээд банкинд арга буюу эргэн төлөлтийн уян хатан нөхцөлөө санал болгох хүсэлт тавьжээ. Хариуд нь "Гүнжийн даваа” компани 100 сая төгрөгийн өндөр хүүтэй зээл авах санал хүлээн авчээ.
Үйлдвэрлэлээ зогсоохгүйн тулд тэдний өндөр хүүтэй зээлийг 3 жилд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр авсан байна. Ингэсээр нэг жил өнгөрч, 4 жилийн сонгуулийн цикл давхцаж, засаглах нам солигдож, Засгийн газар шинээр бүрдсэн. Н.Алтанхуягаар ахлуулсан Шинэчлэлийн Засгийн газар үнэ тогтворжуулах хөтөлбөрийг бондын хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр нь ЖДҮХС-тай ижилхэн бага хүүтэй, эргэн төлөгдөх хугацаа богино олгогдсон. Архангай аймагт тоосгоны үйлдвэрийн ажлаа эхлүүлээд жил болж байсан "Гүнжийн даваа” компани 500 сая төгрөгийн зээл хүссэнийг Барилга, хот байгуулалтын яам хүлээн авчээ. Зээл авах эрх үүссэн тул мөнгөө данс руу гаа шилжүүлэн авахын тулд дахин банк сонгох шаардлага тулгарав. Капитал өмнөх зээл тогтвортой төлөгдөж байгаа найдвартай харилцагч гэж тэдэнд баталгаа гаргаж өгөөд, өөрийн дансаараа шилжүүлэн авч, компанийн дансанд шилжүүлэхээр тохиролцжээ.
Баримт 2
Эндээс л тухайн үед өнөөгийн Б.Ундармаа гишүүний хамаарал бүхий Капитал банк чанараа таниулж эхэлжээ. 2013 оны долдугаар сарын 9-нд зээл олгох шийдвэр гарч, 13-ны өдөр үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс авсан 500 сая төгрөг "Гүнжийн даваа” компанид шилжин орох байсан ч ороогүй аж. Компани яагаад мөнгө ороогүйг асуухад зээлийн төлбөртөө суутгаж авсан гэдэг мэдээллийг Капитал банкны зээлийн эдийн засагч хэлжээ.
Үргэлжлэл: 2011 онд ЖДҮХС-аас авсан хөнгөлөлттэй зээлийн дуусах хугацаа нь 2014 он, 2013 онд Капитал банкаас авсан өндөр хүүтэй 100 сая төгрөгийн зээлийн төлөгдөж дуусах хугацаа нь мөн 2014 он. Гэтэл хуваарийн дагуу төлөгдөөд явж байсан зээлүүдийг төлөгдөх хугацаа хэтэрсэн гэж Капитал банк үзэн, үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс олгосон 500 сая төгрөгийг шууд суутгаад авчихсан нь хачирхалтай. ”Гүнжийн даваа” ХХК-ийн эргэн төлөлт асуудалгүй гэдгийг БХЯ-нд тайлагнахдаа Капитал банк албан бичгээр өөрсдөө баталгаажуулсан. Гэтэл байдал ийм болсон болохоор компани Капитал банкийг шүүхэд өгчээ. Гэвч тусыг эс олов.
Үргэлжлэл: Гурван шатны шүүхийн шийдвэр Капитал банкны талд шийджээ. Үүнээс болж тус компани огт хэрэглээгүй 500 сая төгрөг төлөх төлбөрт унасан байна. Үүнээс гадна өрөө барагдуулж дуустал "Гүнжийн даваа” компани 1,5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгөө битүүмжлүүлсэн гэв. Тухайн үед УИХ-ын гишүүн Б.Ундармаа Капитал банкийг эзэмшиж байсан. Бас ЖДҮХС-аас их хэмжээний мөнгө авдаг байсан нь ил болоод байгаа билээ. Капитал банк ба Б.Ундармаа гишүүний балаг энэ мэтчилэн олон жишээгээр, баримт нотолгоотой гарч ирсээр байна. Банкирууд, бизнесменүүд УИХ-д сонгож болохгүйг Б.Цэгмид гуайн дэлгэсэн баримт тун тодорхой нотолж өгнө.
М.Батхишиг
Зураглаач: М.Тэнүүн
WWW.ZINDAA.MN
0 сэтгэгдэл