Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаатай ярилцлаа.
-Хичээлийн шинэ жил эхлээд нэг сарын хугацаа өнгөрлөө. Гэвч зарим сурах бичиг одоо болтол хэвлэлтээс гараагүй байгаа тухай мэдээлэл гарч байна. Эдгээр сурах бичиг хэзээ хэвлэлтээс гарч, сурагчдын гар дээр очих вэ?
-Монгол Улсад мөрдөж байгаа хуулиар сурах бичиг хэвлэх компаниудын дунд тендер зарладаг болсноос хойш ийм бэрхшээл гарч эхэлсэн юм билээ. Энэ жил ийм алдаа гаргахгүй байхаар зорьсон. Гэвч тендерээ хугацааны хувьд эрт зарласан ч өрсөлдөөд ялагдсан зарим компани "Бид ялах ёстой байсан" гээд шүүхэд ханддаг. Энэ дагуу эхлээд Сангийн яам тендерийн үйл ажиллагааг шударга, зөв явуулсан байна уу гэдэг шалгалт хийдэг ёстой. Ингээд Сангийн яам "Тендер шалгаруулалт зөв болсон байна" гэж үзвэл ажил үргэлжилнэ. Гэтэл тухайн компани Сангийн яам буруу дүгнэлт гаргалаа гээддахиад хуулийн байгууллагад хандвал багаар бодоход 60 хоног алдаж байгаа юм. Энэ мэтээр шүүх дээр цаг алдаж байгаа. Тийм болохоор нөгөө талд нь бид цаг алдахгүй байх арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал, яамныхаа сайт дээр бүх сурах бичгийг онлайн хэлбэрээр байршуулсан. Тэр талаараа багш нарт ч зөвлөмжөө өгсөн. Нэг үгээр багш, сурагчдад нээлттэй цахим сурах бичгийн санг хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцүүлээд бүрдүүлсэн гэсэн үг. Тиймээс зарим хугацаа хойшилсон сурах бичгийг багш, сурагчид ашиглаж хичээлийг хоцрогдолгүй, цаг хугацаандаа үзээд явж байгаа. Бэрхшээл гарч байгаа ч тэр бүгдийг шийдэхээр манай яамны хамт олон амралтгүй ажиллаж байна. Үүний үр дүн гарна гэдэгт ч эргэлзэхгүй байгаа.
-Сурах бичиг гэж ярьж байгаатай холбогдуулаад асуухад сурах бичгийн агуулгын талаар цахим сүлжээнд үе үе шүүмжлэл гарах юм. Яах вэ, зарим нь бол сурах бичиг биш арилжааны зориулалттай номнууд байдаг л даа. Энэ талаар салбарын сайдын хувьд тайлбар өгнө үү?
-Сурах бичгийн тухайд анхаарч ажиллахаар чиглэл өгсөн. Цаг тутамд зөв мэдээллийг иргэдэд хүргэх ёстой. Заримдаа сурах бичиг нэртэй орчуулгын янз бурийн ном гардаг. Өөрөөр хэлбэл, сурах бичиг биш, харин хувь хүний хөгжлийн чиглэлийн арилжааны номнууд юм. Ийм үндсэн сурах бичигтэй огт хамааралгүй хүүхэд хөгжүүлэх зорилготой, хувь хүний өөрийнхөө туршлагаар бичсэн арилжааны номыг хольж ойлгох тохиолдол гарч байгаа. Ер нь БСШУСЯ-ыг, Ц.Цогзолмааг яаж муухай харагдуулах вэ гэдэг зохион байгуулалттай дайралтыг би хичээлийн шинэ жил дөхсөн өдрүүдэд амссан. Хувь хүнийхээ хувьд эмзэглэх зүйл алга. Учир нь, энэ миний улстөрчийнхөө хувьд сонгосон зам шүү дээ. Бас миний талаарх янз бүрийн худал мэдээллийг хэн бичив, захиалав гэдэгтэй ч хөөцөлдөөгүй. Үнэн, худлыг цаг хугацаа шалгадаг болохоор аяндаа мэдэгдэх биз дээ. Сурах бичгийн тухайд аль нь зөв, аль нь албан бус, хичээлийн гадуурх, худалдааны сурах бичиг болохыг ялгах чадвар, мэдээллийг эцэг эхчүүдэд өгье гэж бодож байгаа. Сайдын ажлыг аваад нэг жил болох гэж байна. Нэг жилийнхээ ажлын тайлангаа гаргаж, бүх чиглэлээр хийсэн ажлаа олон нийтэд мэдээлнэ. Нэлээд нарийн төлөвлөгөө гаргаж, шахаж, шаардсаны үндсэн дээр 12 жилийн тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа энэ жил бүх ангид бүрэн сурах бичигтэй боллоо. Яг үнэндээ енгөрсөн жил арванхоёрдугаар анги, түүний өмнө арваннэгдүгээр ангийн хүүхдүүд сурах бичиггүй төгссөн шүү дээ. Ер нь нэгэнт 12 жилийн тогтолцоонд шилжсэн бол хурдтай ажиллах ёстой байсан. Ийм байдал уүссэн нь ч өөрөө шалтгаантай. Эхлээд сурах бичиг, хөтөлбөр дээрээ ажиллаж бэлэн болсных нь дараа сайд шийдвэрээ гаргаж 12 жил рүү шилжүүлэх хэрэгтэй байсан юм. Гэтэл тухайн үед нийгэмд таалагдах гэж, олон улсын жишигт нийцүүлэх гэж байгаа мэт харагдаж сурах бичиг, хөтөлбөргүй шийдвэр гаргасан. Түүнийг араас нь хөөж ажилласаар энэ жилээс иж бүрэн сурах бичигтэй хичээлээ эхэлж байна.
-Таныг 30 сургуулийн захирлыг хууль бусаар томилсон гэх мэдээлэл цацагдаад байгаа. Ийм томилгоо хийсэн юм уу?
-Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох эрх надад биш хотын Засаг даргад байдаг. Би томилдоггүй, чөлөөлдөггүй. Аймаг орон нутгийн сургууль, цэцэрлэгүүдийн захирал, эрхлэгчийг тухайн аймгийн Засаг дарга нь томилдог. Гэтэл муу л бол хойд талын хар овойхой гэдэг шиг л мэдээлэл үе үе гарах юм. Надад ямар томилгоо хийх эрх байдаг вэ гэхээр төрийн өмчит их, дээд сургуулиудын захирал, кембрижийн хөтөлбөртэй гурван сургууль болон лаборатори сургууль гэж бий, Эдгээрийн захирлын томилгоог хийх эрх нь надад байдаг. Гэхдээ лаборатори сургуулиас захирал өөрчилсөн тохиолдол байхгүй. Нэг үгээр 30 сургуулийн захирал халж, сольсон зүйл байхгүй. Нээлттэй сонгон шалгаруулалтаар тухайн ажлын байранд тэнцэх хүмүүсийг шалгаруулж, Төрийн албаны хуулийн дагуу явдаг. Нэг жишээ хэлэхэд, 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг салбар яамнаас ажиллаж чадахгүй байна гээд чөлөөлөөд явуултал шүүхээс хууль зөрчсөн байна гэвэл шүүхийн шийдвэрийг би биелүүлэх үүрэгтэй. Ингээд буцаагаад ажил дээр нь тавихаар "Ц.Цогзолмаа Б.Батсайханыг тавилаа " гээд эхэлж байна. Энэ буруу тогтолцоог халахаар хуулийн хүрээнд судалж, зөвлөөд тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг өөрчилсөн. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа зургаан тусгай сургуульд тусгай хэрэгцээт дээд боловсролтой хүн захирлаар ажиллах ёстой. Ядаж л дохионы хэлээр ярьдаг хүн тусгай сургуулийн захирал байснаар сурагчидтайгаа ойлголцоно шүү дээ. Ингээд ажлын байранд тавигдах шаардлагыг өөрчилсөн. Энэ дагуу Б.Батсайхан хичээлийн шинэ жил эхлэхэд ажлаа өгсөн. Энэ хүн дээд боловсролтой хүн мөн боловч тусгай хэрэгцээт дээд боловсрол эзэмшээгүй. Багш нар маань ч мэргэжлийн сайдтай болсон гэж хүлээлттэй байхад би салбартаа хоноцын сэтгэлээр хандахгүй. Алдаа дутагдлыг дор бүр нь засаад явна. Гэхдээ сэтгэлийн хөөрлөөр бус судалгаа, тооцоотой хийнэ.
-Танай яамнаас 41 хүүхдийг улсын тэргүүний нэгдүгээр сургуульд элсүүлэх цохолт ирсэн асуудлаар АТГ мэдээлэл хийхдээ дурдаж байсан. Энэ ямар учиртай юм бол?
-10 литрийн саванд 10 литр л ус ордог биз дээ. Гэтэл манайд байгаа сургуулиудын багтаамж суралцах хүүхдийнхээ эрэлтээс бага байна. Нэг ангид яагаад 50-60 хүүхэд байна вэ гэхээр нэгдүгээр ангид орох гэж байгаа нас нь хүрчихсэн хүүхдүүд тийм байгаа болохоор тэр юм. Сургуульд орж чадаагүй хүүхдүүдийн эцэг, эхчүүд яаманд хандвал оруулахыг бодно. Түүнээс "Сургууль байхгүй байна. Сургуультай болохоор сургуульд сурга" гэж хэлж болохгүй. Сайдын бичигтэй гэдгийн учир нь иргэн "Манайх энэ сургуулийн хажуу талын байранд амьдардаг. Гэвч сургуулийн анги танхим дүүргэлт ихтэй гэдэг шалтгаанаар манай хүүхдийг авахгүй байна. Тиймээс харьяа сургуульдаа хүүхдээ өгөхөд тусална уу" гээд өргөдөл манай яаманд өгдөг. Хуулийн дагуу хариуг нь өгөх ёстой. Ингээд тухайлбал, нэгдүгээр сургуулийн захиралд "Танай сургуулийн хүүхэд авах харьяаллын байранд суудаг иргэн өргөдөл ирүүлсэн учир та өргөдлийг хүлээн авч судалж үзнэ үү" гэж хүсэлт явуулж байгаа. Тэгэхээр сайдын бичиг гэхээс илүү сайд иргэний өргөдлийг хүлээн авч, уламжлах үүргээ гүйцэтгэсэн гэвэл илүү ононо. Тэгээд сургуулийн захирал авах боломжтойг нь авч, зарим эцэг, эхэд үнэн байдлаа учирлаад ойлголцсон байна билээ.
-Та өнгөрсөн долоо хоногт болсон ахмад багш нарын чуулган дээр "Сайн багшаас сайн шавь", гэж ярьж байсан. Өмнөх боловсролын сайд нар "Кембриж", "Цөм" гэх мэт хөтөлбөрүүд хэрэгжүүлж байлаа. Тэгэхээр таныг хөтөлбөр гэхээс илүү багшийн хөгжлийг анхаарна гэж ойлгож болох уу?
-Энэ оныг "Багшийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Сайн ажиллаж байгаа багш сайн цалин авах эрх зүйн үндэслэл тогтолцоог нь хийх шийдвэрийг анх удаа Засгийн газраас гаргуулсан. Товчхондоо, багшийн ажлыг урамшуулж, дүгнэх урамшууллын систем юм. Үндсэн цалингийнхаа 60 хувь хүртэлх урамшууллыг авах боломжийг Засгийн газар олгож байгаа. Норм, нормативиараа нэг багш 30 хүүхэдтэй анги хариуцах ёстой. Тиймээс нэмэгдсэн хүүхдийн тоогоор тухайн багшид урамшуулал тооцож өгье. Анги даасан, дэвтэр зассан, сурагчаа олимпиадад бэлтгэж байгаа бол урамшуулап цапин өгье гэж байгаа юм. Ер нь багш нарынхаа сайн багш болох хөшүүргийг бие болгохгүйгээр цалинг нийтээр нь 10 хувь нэмсэнээр идэвхтэй өрсөлдөөн, шинийг сэдэх сэдэл, ажил сайжруулах механизмыг бий болгож чадахгүй.
-Үйлдвэрчний эвлэлээс урамшууллын тогтолцооноос гадна цалинг тодорхой хувиар нэмэгдүүл гэдэг шаардлага тавиад байгаа?
-Нийтээр нь нэмэх ч шаардлага бий. Олон улсын жишигтэй харьцуулахад 200 ам.долларын цалинтай багш дэлхийн хаана ч байхгүй гэдэг нь бодит үнэн. Хүн сургадаг, хүмүүжүүлдэг ажлыг нормын ажилтан шиг хэдэн тоосго өрөх, тэдэн ширхэг хувцас оёх зэргээр дүгнэдэггүй. Аливаа зүйлийг сайн ойлгож, таниагүй хүүхдүүдтэй ажиллаж, сэтгэл санаа болон бүх талын цогц мэдлэг, чадварыг суулгаж хүнийг хүн болгож төлөвшүүлдэг ажил бол багшийн хөдөлмөр байдаг. Хүүхэд бүр аав, ээждээ сайн, сайхан хүү, охин байдаг. Гэтэл түүнийг зөв бодол, зөв хүмүүжил, ёс суртахуунтай болгохоос гадна бусдаас ялгарах ямар авьяас байна вэ гэдгийг гаргаж ирэх хүн нь багш. Эцэг, эхчүүд үүнийг тэр бүр олж хардаггүй. Тиймээс энэ их ажлын ачаалал, дарамтыг бодох естой. Бас багш нарын дунд мэргэжлээс шалтгаалах өвчин болох улаан хоолойн өвчлөлт өндөр байдаг. Монголын багш нар шиг шохойноосоо салаагүй багш хаана ч байхгүй. Дэлхий тэр чигээрээ дижитал системд шилжсэн өнөөгийн нөхцөлд манай улсын багш нар шохойгоор бичиж, шохойгоо залгиж эрүүл мэндээрээ хохирч байна. Гэхдээ энэ олон жил хуримтлагдсан асуудап Ц.Цогзолмаа ажлаа авсан нэг жилийн дотор өргөс авсан юм шиг алга болно гэж байхгүй. Энэ салбарт ирсэн сайд нар шиг ямар нэг юм сэдэж, шоудаж, "попрох"-оос илүүтэй салбарынхаа байдалд бодит үнэлгээ, дүгнэлт хийж, гарсан дүгнэлт дээр үндэслэн сайн юм байвал сайныг нь цааш авч явъя гэсэн бодолтой байна. Ер нь багшийнхаа хөгжилд цаашдаа илүү анхаарья гэж байгаа. Багш сайн бол сурагчдын сурлага сайжирна. Харин ямар нэг хөтөлбөр турших нь системийн тогтворгүй байдлыг бий болгодог нь харагдсан шүү дээ.
-Багш нарын чуулганы үеэр ахмад багш нар санаа оноогоо нэлээд хэлж байгаа харагдсан. Гол төлөв ямар санал, хүсэлт тавив?
-Монголын нийгмийг гэрэл гэгээтэй байлгах, нийгмийн хөгжил тогтвортой, иргэдийн амьдрал утга учиртай, айдас хүйдэсгүй байх боломжийг бүрдүүлдэг, хариуцлагатай, хүнд ажлыг хийдэг хүмүүс бол багш нар. Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан уламжлалт арга хэмжээг зохион байгуулсан. Багш нар, тэр дундаа гавьяаны амралтаа авсан багш нар төрөөс хувийн амьдралынхаа талаар хүсэлт тавих нь цөөхөн байдаг. Бага тэтгэвэр авдаг ч нийгэм, улс орны эдийн засаг хүндрэлтэй байхад бид ийм асуудал хөндөөд яах вэ гэсэн сэтгэлгээгээр ханддаг. Голдуу "Гавьяаны амралтаа авсан ч тархи толгой сийрэг байна" гэдэг. Тиймээс "Олон жил ажилласан туршлагаараа сурах бичгийг сайжруулмаар байна. Сурах бичгийн чанар, багш нарын хичээл зааж байгаа арга зүй энэ цагийн сурагчдын шаардлагыг давж гарч чадахгүй байна", "30-40 жил багшилсан туршлага дээрээ суурилж гараараа номоо бичлээ. Гар бичмэлийг салбар яам маань авч, хэвлэдд өгнө үү" гэх мэтээр бодитой тусламж дэмжлэгийг хүсч байгаа. Иймд бид ахмад багш нарынхаа холбоотой хамтарч энэ ажлыг нь дэмжихээс гадна сурган хүмүүжүүлэх арга зүйд хэрэгтэй, багш нарын туршлагаас бүтсэн номыг хэвлэхэд хэд, хэдэн багшид тусалсан.
Б.Номин
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
0 сэтгэгдэл