|

Зөвшөөрөл дагасан авлига,хүнд суртлыг арилгана

Зөвшөөрөл дагасан авлига,хүнд суртлыг арилгана

 

Аливаа үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн тоо хэт олшрох, түүнийг олгох шат дамжлага ихсэх тусам авлига, хүнд суртлын хөрс бүрдэж, аж ахуй эрхлэхэд элдэв саад тотгор учирдаг. Нөгөөтэйгүүр хэн, ямар зөвшөөрөл олгох олгохгүй нь тодорхойгүй хуулийн хийдэл, давхардал зөрчлийн улмаас эдийн засгийн хөгжил, хувийн хэвшлийг боомилсон байдал гаарсан. Тэгвэл энэ байдлыг нэг мөр цэгцлэх үүднээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Я.Содбаатар нар Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, санал авахаар Засгийн газарт хүргүүллээ. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт "Төрөөс бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлж, хүчинтэй байх хугацааг уртасган, давхардсан хяналт шалгалт, хүнд суртлыг арилгана.” гэж заасан.

Түүнчлэн "Төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, хүнд суртлаас ангид байх эрх зүйн орчинг бүрдүүлж, иргэдийн эрхийг баталгаажуулна” гэсэн зорилт дэвшүүлсэнтэй энэхүү хуулийн төсөл бүрэн нийцэж байгаа аж. Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлд ч зөвшөөрөл, лицензийн тоог цөөлж, лиценз авдаг олон шат, дамжлагыг багасгах, бизнест ээлтэй эрх зүйн орчинг бүрдүүлэх, үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж болзошгүй. Орчиндоо аюултай аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, хязгаарлагдмал нөөц бүхий нийтийн өмч, эрхийг эзэмших, ашиглахад төрөөс зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, цуцлах, зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцааг боловсронгуй болгох зорилгоор Зөвшөөрлийн тухай хуулийг боловсруулахаар тусгасны дагуу гишүүд ийнхүү Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Монгол Улсын хэмжээнд 2016 оны байдлаар 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байна гэсэн судалгаа бий. Гэтэл өнөө хэр Монгол Улсын хэмжээнд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл буюу тодорхой үйл ажиллагааг эрхлэхээр эрх олгосон, тэдгээртэй холбоотой нэгдсэн мэдээллийн сан байхгүй байгаа юм. Тиймээс найман бүлэг бүхий Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг боловсруулж зөвшөөрлийн хууль тогтоомж, үйлчлэх хүрээ, нэр томьёоны тодорхойлолт, зөвшөөрөл олгох, сунгах, шинээр бий болгоход баримтлах зарчим, тэдгээрийг хэрэгжүүлэх хүрээг тодорхой тусгасан байна. Түүнчлэн зөвшөөрлийн ангилал, агуулга, код, хугацаа, зөвшөөрлийг олгох эрх бүхий этгээд, тэдгээрийн бүрэн эрхийг тодорхой зааж өгчээ.

М.Өнөрөө

0 сэтгэгдэл