Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх замаар тамхичидтай эдийн засгийн аргаар тэмцэх нь үнийн хэлбэлзэлд мэдрэг хүүхэд, залуусын худалдан авах чадварт сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Ингэснээр тамхины хэрэглээ эрс буурах боломж бүрдэж болох юм.
Дэлхий даяар тамхины улмаас жил бүр эндэж байгаа 7 сая хүний амь насыг аврах, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна. Тамхины хэрэглээг бууруулах боломж иргэдэд, төр засагт, олон нийтийн өөрсдийн мэдэлд байна. Эдгээр амь насаа алдаж байгаа хүмүүсийн 6 сая нь тамхидалтаас, 890000 нь дам тамхидалтаас шалтгаалж нас барж байна гэсэн судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ.
Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын шаталсан судалгаагаар дэлхий дээр 1.1 тэрбум гаруй хүн тамхи татдаг бөгөөд эдгээр хүмүүсийн 80 хувь нь өвчлөл өндөртэй, бага, дунд орлоготой орнуудад амьдарч байна.
Тамхины хэрэглээгээр өндөртэй орны тоонд оржээ
Монгол улс тамхины хэрэглээ өндөртэй орны тоонд орж, сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин нэмэгдэж, 3 хүн тутмын 1 нь зүрх судасны эмгэгээр нас барж байна. Дэлхийн эрдэмтэд зүрх судасны өвчлөлийн гол шалтгааныг тамхи гэж үздэг. Тамхинаас татгалзах нь зүрх судасны өвчний тохиолдлыг 80 хувиар бууруулдаг байна.
2013 онд хийгдсэн судалгаагаар нийт хүн амын 27,1 хувь нь, үүнээс эрэгтэйчүүдийн 49,1 хувь, эмэгтэйчүүдийн 5,3 хувь нь тамхи татдаг, судалгаанд хамрагдсан 10 хүн тутмын 1 (40,9%) нь гэртээ, 4 хүн тутмын 1 (25,5%) нь ажлын байрандаа тамхины утаанд өртөж байгаа аж. 2015 онд 2186 хүн тамхинаас улбаат зүрх судасны өвчнөөр нас баржээ. Үүний дотор зүрхний цочмог хомсдол өвчин 23.1 хувийг харин харвалт 22.2 хувийг тус тус эзэлсэн байна.
Тамхины хэрэглээг бууруулах үр дүнтэй арга зам
Тамхины үнэ, татварыг нэмэх нь тамхины хэрэглээг бууруулж, 60 гаруй хорт хавдрыг бууруулах, үхлийн гол шалтгаан болоод байгаа тархинд цус харвах, зүрхний шигдээс өвчнөөр нас барахыг бууруулж, олон хүний амь насыг аврах, улмаар улсын төсөвт нэмэлт орлого оруулж ядууралтай тэмцэхэд чухал нэмэр болох боломжтой. Жишээ нь, татварыг 50 хувиар нэмэхэд, улсын төсөвт 190,7 тэрбум төгрөгийн орлого орж, 1700-2600 орчим хүнийг цаг бусаар эндэхээс сэргийлэх боломжтойг НҮБ-ын шинжээчид Монгол улсад ирж тооцоолоод байгаа юм байна.
Тамхи өндөр үнэтэй байх нь хүүхэд, залуусаар зогсохгүй томчууд хорт зуршлаа хаяхад дэмжлэг болж, тамхинд орох явдлыг эрс бууруулдаг нь олон улсын туршлагаар батлагджээ.
2 сэтгэгдэл