|

Хандгайн дүрийг чихмэлээс л хардаг болох вий

 

Хандгайн дүрийг чихмэлээс л хардаг болох вийБугын овгийн хамгийн том биетэн болох хандгай нь дээр үед Хойд Европоос Кавказ, Зүүн сибирь, Манжуур болон Аляскаас Канадыг хамран Хойд Колорида хүрсэн тархацтай байж. Дэлхий дээр зургаан зүйл байдаг авай. Монголоос бусад оронд хандгайг өөрийн хүүхдээс өөрцгүйгээр хайрлан хамгаалж, үржүүлдэг аж. Зарим улсад хандгайн том биетэйг нь унаа уналгад өргөн хэрэглэх нь ч бий. Манайд буй хандгай нь биеэрээ хойд Америкийнхтэй төстэй гэх. Түүний сайн ургасан хос эвэр нь 100 гаруй см хүрч хачин сүрлэг харагддаг бол эр хандгай 500 гаруй кг хүртэл жин татдаг байна. Нутгийн хойд хэсэгт амьдрах энэ амьтан унжгар уд ба улиас бүхий чийглэгдүү газарт тархсан нь бий. Манай нутгийн найман хувьд нь байршдаг юм билээ. 

Эр, эм хандгайн аль аль нь хоёр насандаа үржилд орох чадвартай болно. 4-5орчим насандаа биеийн өсөлт нь гүйцдэг аж.

Хандгайн популяцийн тоог яг барин тавин тогтоогоогүй. Дэлхий даяар хандгайн нягтшил 0.1-1.1 км2 хүртэл байдаг. Зарим газарт 200  км2 хүрдэг аж. Евроазид нэг сая гаруй хандгай байж болох юм гэсэн тооцоо л байх жишээтэй.

Ер нь манай улсаас хандгайн мах, бусад хэсгийг гадагшаа худалдаалдаг гэсэн тодорхой баримт бараг үгүй л дээ. Гэхдээ хууль эрх зүй, хамгаалалтын дүрмийг зөрчин энэхүү ховор амьтныг нөгөө ертөнц рүү илгээсээр л байна. Өөрөөр хэлбэл ахуйн махны хэрэгцээ, спорт ан агнуурын шугамаар манайд агнах нь олонтаа. Санал асуулга, судалгаанаас ажихул Хөвсгөлийн тайга дахь анчид жилд хоёр хандгай агнадаг гэж өчсөн байна. Тэд хандгайн махыг сумын зах дээр оруулж зардаг гэжээ. Нэг хандгай 200-300 кг махтай гэж тооцоолбол үүгээр дөрвөн ам бүлтэй өрх айлын нэг жил хэрэглэх махтай тэнцэхээр байгаа биз. Манайд 1 кг мах 4-6 доллар гэж үзэхэд л нэг хандгайн мах 1300-1600 долларын үнэ хүрэх боломжтой. Бараг манай хөдөө нутгийн оршин суугчийн бүтэн жилийн орлоготой тэнцэх шахуу юм.

Хөвсгөл нуурын баруун ба хойд зүгийн нутгаар амьдардаг цаатан хүмүүсийн уурагт хоол тэжээлийн гол хэсгийг молцог хандгайн мах бүрдүүлдэг гэсэн. Хандгай зэрэг ан амьтдын тоо толгой эрс цөөрөх нь нутгийн иргэдийн амьдралд  ч сөрөг нөлөө үзүүлж болох талтай. Яагаад гэвэл цаатан ястны амьдралын гол үндэс болох цаа бугынх нь тоо толгой ч цөөрнө гэсэн үг. Зэрлэг ан амьтан олдохгүй тул цаагаа л "янзлах”-аас өөр яахав. Нөгөөтэйгүүр орон нутгын анчдаас гадна гадаадын спорт ангуучид ч хандгайг нууцаар агнадаг гэсэн мэдээ бий. Хориглосон хууль дүрмүүд байсаар атал зарим манай болон гадаадын аялал жуулчлалын компаниуд "хандгай агнуулна” гэсэн зар мэдээг интернетээр цацан, хууль бус агнуурыг сурталчилж байна. ОХУ-ын нэгэн компани Говь гурван сайхны байгалийн цогцолбор газарт хандгай агнуулна гэж зарласан байгаа юм. 

Уг нь энэ цогцолбор газарт ямар ч ан хийлгэдэггүй шүү дээ. Нөгөө талаар тэнд нэг ч хандгай байхгүй нь ойлгомжтой учраас их хачирхмаар мэдээ болж таарч байна. Хулгайн ан агнуурын бизнес явж байна гэхээс өөр юу гэж дүгнэхэв. Манайд спорт ан хийсэн Америкийн анчид Монголын хэд хэдэн хандгайг агнав гэж мэдээлсэн байв. Тэд угалз зэрэг өөр зүйлийн амьтад агнахаар ирэхдээ манайхантай хуйвалдан хандгай агнадаг аж. Дэлхийн байгаль хамгаалах сангийн ажилтнууд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хандгайн чихмэлийг 1000  доллар гэж үнэлэн зарж байсантай таарсан гэсэн шүү. Энэ  мэт байдал үргэлжилсээр  байвал молцог хандгай Монголыг орхих вий дээ. 

Erennews.mn


0 сэтгэгдэл